М.Энхсайхан: Шинэ үндсэн хууль гаргаж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоомоор байна
Саяхан хуралдаж, намын нэр, бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн МҮАН /Монголын Үндэсний Ардчилсан Нам/-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө намынхаа даргаар хоёр дахь удаагаа сонгогдсонд баяр хүргэе. МҮАН-ын үзэл баримтлал, тулгуур зарчмаас товч танилцуулахгүй юу. Монголын онцлогтой төрийг бий болгож, төрийн тогтолцооны шинэчлэл хийнэ гэж байсан. Яг ямар замаар, яаж хийх вэ?
-Баярлалаа. Намын дарга боллоо гэдэг чинь бөөн ачаа өөрийнхөө толгой дээр л овооллоо гэсэн үг шүү дээ. Нэгэнт хүмүүсийн итгэл найдвар байна яая гэхэв. Баяр хүргэхээр баярлалаа гэж хэлэх нь зүй боловч яаж итгэлийг үйл хэрэг болгох вэ гэдэг надад том асуудал юм. Аз тохиоход үзэл бодол нэгтэй, оюун ухаантай, төрийн ажлын зовлон бэрхшээл туулсан хүмүүс надтай хамт мөр зэрэгцэн үзэл бодлоосоо урваагүй тул тэдэнтэйгээ хамт энэ их ачааг үүрч гарна гэж бодож байна.
Анх таван жилийн өмнө ҮШН-ийг байгуулахдаа монголчуудын хэлж чаддаггүй, айдаг, цэрвэдэг үндэсний үзлийг улс төрийн эргэлтэд оруулах хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Өөрийгөө агуу үндэстэн гэдгээ ойлгоогүй байсан цагт монголчууд бид гадныхныг царайчлахаас өөр аргагүй нөхцөл байдалд олон арван жилийг өнгөрөөж байна. Монголчуудын зүрхний үзлийг дуудан сэрээхэд ҮШН их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байгаа.
Монголчууд бол дэлхийн хамгийн анхны үндэстэн. Их Монгол Улс байгуулагдсан нь биднийг Монгол хэмээх нэгэн үндэстэн бий болгох гол алхам байсан юм. Харь гүрнүүдийн хавсайдсан бодлогоор өөрийгөө зургаа тасдуулсан үндэстэнг энэ дэлхийгээс эрээд олохгүй. Өнөөгийн Монгол улс монгол туургатны хувьд “Сүлд улс” байх ёстой. Энэ нь бид үндэстнийхээ өмнө тун хариуцлагатай улс байх ёстой гэдгийг хэлээд байгаа юм.
Манай намын үзэл баримтлалыг өөрийгөө оюунлаг гэж бодож байгаа хүмүүсийг уншаасай гэж бодож байна. Их томоор базаж томьёолбол бид үзэл баримтлалаа “Монгол Үндэстэн, Монгол төр, Монгол бодлого” гэсэн байгаа. Глобальчлагдан байгаа ертөнцөд монголчууд гадаадынхны соёлын довтолгоо, эдийн засгийн түрэлтийн нөлөөн дор устаж мөхөх аюулд орж байна. Түүнийг сөрөхийн тулд “Монгол иргэншил” гэсэн концепц гаргаж байна.
Бид эх оронгүй цыган нүүдэл хийдэг улс биш. Бид байгальд туугдан явдаг африк нүүдэлчид биш. Нүүдлийн соёл иргэншил гэдгийн цаана монголчууд бүдүүлэг гэсэн гаргалгаа үргэлж нуугдаж явдаг. Тийм бишээ. Бид нуруугаа тэнийлгэх хэрэгтэй байна, үүх түүхээ гадаад хүний нүдээр хардагаа болимоор байна гэсэн санаа гаргаж байгаа юм.
-Намын нэрийг сольж Монголын Үндэсний Ардчилсан Нам болгосон нь АН-ынхныг айдаст автуулж байх шиг байна. Тус нам 2000 он хүртэл ийм нэртэй явсан. Одоо намын нэр дугуйлах пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа. Сонгуульд санал авах зорилгоор ингэж солилоо гэж байна. Ер нь нэр солих ямар ач холбогдолтой юм бэ? Шинэ биш хуучин нам болсон гэдэг нь шалтгаан биш байх?
-Өнгөрсөн дөрвөн жил өөрийгөө том гэдэг намууд МАНАН хэлбэрээр төрд засаглав. Хамгийн ноцтой нь улс орны хөгжлийн ирээдүйн талаар ямар ч эрүүл өрсөлдөөн байхгүй болов. Үнэндээ олон намын тогтолцоо байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Оюун ухаан уралдахгүй өнгө мөнгө уралддаг боллоо. Ардчилал хэрэг дээрээ булшлагдаж байна. Энэ нөхцөлд ардчилсан үзэл санааг тээгч нь ямар ч байсан АН биш болж. Тэдэнд энэ нэр зохихгүй болж.
Ардчиллыг үндэсний үзлээр баяжуулсны хувьд ҮШН нэрээ өөрчилж МҮАН болох нь цаг үеийн шаардлага юм. Манай нам МҮАН болсны бараг маргааш нь АН “Төгс ардчилал” хэмээх аян хийнэ гээд Сүхбаатарын талбай дээр тав арван хүнтэй шоудаж байгаа харагдсан. Оюун ухаан асар хомсдсон гэдгийн нотолгоо тэр. Ардчиллыг тусгайлан судалдаг, Европт нэр хүнд нь түгсэн Италийн эрдэмтэн Сартори гэдэг хүн нэгэн удаа хэлэхдээ: “Ардчилалд хамгийн их аюул занал учруулагч үнэнхүү дайснууд бол төгс ардчиллыг шаардагчид юм” гэсэн байдаг юм. Манай намынхан цагаа олж МҮАН болжээ.
-Та улс төрөөс түр амсхийгээд буцаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд юу амжуулав, өнөөгийн нөхцөл байдалд хөндлөнгөөс ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-2008 оны сонгуульд бид ялагдсан ч завшаантай зүйл байлаа. Яагаад вэ гэвэл бид өнгөрсөн түүхээ зөв тольдох шинэ өнцөг хараатай болоход бидэнд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийг бид зүгээр өнгөрөөсөнгүй. Өөрсдийгөө боловсруулж өөрсдөө шинэчилж Монголын нийгэмд системийн засвар хийх ёстой гэсэн гаргалгаа хийсэн юм.
-Таныг улс төрийн үзэл баримтлалаа 360 градус өөрчиллөө, АН-д баруун төвийн үзэл бодол төлөвшүүлэхийн төлөө тууштай явж байсан хүн одоо зүүний үзлийг сурталчлах боллоо гэж шүүмжлэх хүмүүс байна. Тэдэнд ямар тайлбар өгөх вэ?
-Улс төрийг баруун зүүн хэмээн нэрийдэж тоглох нь асар том төөрөгдөл юм. Үнэндээ улс төрийн намууд бүгдээрээ гадаад үзлээр чамирхаж байхад ингэж л байлаа. Одоо бол асуудал өөр. Хэн нь “гадаад” нам бэ, хэн нь “монгол” нам бэ гэдгээр ялгарах цаг болж байна. АН анхнаасаа гадаадын дэмжлэгээр байгуулагдсан. Тэнд тархи угаах төслүүдийг ах дүү Америк, Европын намууд нь хэрэгжүүлдэг. Улам бүр хүний нам болоод байсан нь эцэстээ ҮШН байгуулах нөхцлийг бий болгосон юм. Өнөөдөр МАХН болон МАН өрх тусгаарласныг мөн л энэ өнцгөөр харах хэрэгтэй.
-Өмнөх сонгуулийн үр дүнд дүгнэлт хийж үзсэн үү? Сүхбаатар дүүрэгт 200-хан хүний санал авсан нь Ерөнхий сайд байсан, Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрчийн нэгийн хувьд багагүй цочрол өгсөн байх?
-Хэн хичнээн санал авсныг хэлж болохооргүй будлиантай сонгууль болсныг бүгдээрээ мэдэж байгаа. Яагаад 7 дугаар сарын 1 болсон юм. Яагаад таван хүн амиа алдсан юм. Яагаад хэдэн зуун залуусаа барьж хориод хэрцгий загнасан юм. Энэ бол ёстой цочрол болсон. Харамсалтай нь булхайгаа нуух гэж л МАНАН засаг тогтсон. Одоо үүнийг цааш бэхжүүлж болохгүй гэдгийг сонгогчид ойлгох хэрэгтэй. Энэ бол монгол үндэстний хувьд чимээгүй үхэл байх болно.
-Одоо нэг ийм томьёолол бий болчихлоо. “Хоёр том намаас гарсан хоёр том лидер+хоёр том намын хуучин нэр бүхий хоёр шинэ нам=гуравдагч хүчний орон зай”… Үүнийг улс төрийн агуулга талаас нь тайлбарлахгүй юу?
-Монголд хоёр том динозавр нам байгаа нь үнэн. Тархи нь тахианы чинээ хэрнээ бие нь агуу. Хавь ойроо дайрч дарж алчих гээд хэцүү. Яаж ухааныг нь нэмэх вэ гэдэг дээр бүгд толгойгоо гашилгамаар санагдаад байна. Гуравдагч хүчин болох хүчинд динозавр болох шаардлага байхгүй. Харин оюун ухаан, үндэсний ухамсар хэрэгтэй байгаа юм. Оюун ухаан, үндэсний ухамсар алдаж оносон туршлагагүйгээр бүрдэхгүй. Энэ үүргийг л гуравдагч хүчин гүйцэтгэх шаардлагатай байна.
-Яагаад заавал МАХН-тай эвсэж байгаа вэ? Тэнд Н.Энхбаяраас өөр лидер ховор, бас жагсаалын улс төр хийдэг гээд нэр хүнд нь багагүй унасан. Таны нэр ч бас үүнд холбоотой явдаг. Эвсэл байгуулах нь хүчээ зузаатгаж буй хэрэг ч та бүхний хүсч байгаа гуравдагч хүчний орон зайг эзлэх, нөлөөгөө эзлэх боломж хэр байна вэ?
-Зорилготой эвсэлдэх явдал чухал байгаа юм. Ер нь ардчиллын түүх гэдэг нь эвслийн түүх байсан гэдгийг мартаж болохгүй. Одтой тэнгэр орчиж орондоо орох завгүй олзлолдон булаалдаж явсан монголчуудыг их эзэн Чингис хаан эвсэлдүүлж монгол үндэстнийг төрүүлсэн юм. Иймээс эвсэл гэдэг бол хэлбэр биш сэтгэлгээ гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Сонгуулийн хуулийг өөрчилнө, пропорциональ давамгайлсан хэлбэрийг авч олон намын тогтолцоо бүрдүүлнэ гээд л яриад байна. Гэвч ярьж ярьж, Үндсэн хуулиараа халхавч хийгээд, цагийг нь тулган буцаад мажоритори дээрээ буудаг. Энэ жишгийг энэ удаад давтахгүй гэх баталгаа байна уу? Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх талаар та нэлээд идэвхтэй ярьдаг, сонгуулиас өмнө амжих болов уу?
-Энэ асуудалд товчхон хариулья. Үндсэн хуульд системийн өөрчлөлт хэрэгтэй. 1992 оны Үндсэн хууль нөөцөө барлаа. Харийнханд үйлчилдэг төрийн тогтолцоог гадаадын “улс төрийн алуурчид” хийж өгөө юу даа гэхээр байна. Шинэ Үндсэн хууль гаргаж ““Парламетат төр, Ерөнхийлөгчийн засаглал” тогтоож Монгол Үндэстэнд үйлчилдэг Монгол төр урлах хэрэгтэй байна. Үндэсний эрх ашгаа ухамсарласан, ойлгосон хэмжээгээр Монгол бодлого гаргах хэрэгтэй болжээ гэдгийг үзэл баримтлалдаа тунхаглаж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд манай улс хөгжөөд байгаа юм шиг хэрнээ, ард түмний амьдрал төдий л сайжирсангүй явж ирлээ. Шалтгаан нөхцлийг нь Та хэрхэн харж байна вэ? Ер нь бидний явж байгаа зам зөв үү?
-Барууны маягийн ардчилсан тогтолцоонд баян хоосны ялгарал улам нэмэгдэнэ. Энэ бол нотлогдсон үнэн. Дотооддоо баян хоосон гэж туйлшраад зогсохгүй, олон улсын түвшинд баян хоосон орон болж туйлшрах болно. Монгол ядуурах орнуудын тоонд орох болчихоод байгаа. Үүнийг сөрөхийн тулд монгол үндэстэнд үйлчилдэг төрийг тогтолцоо руу бушуухан шилжих хэрэгтэй.
-Эдийн засаг өндөр үзүүлэлттэй гараад байхад ажилгүйдэл, ядуурал буурахгүй, үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан юу вэ? Эдийн засагч хүний хувьд, монголчууд юун дээр алдаад байна вэ, нэн даруй ямар бодлого шаардлагатай байна вэ?
-Монгол орон уул уурхайн орон болж байна. Эдийн засгийн ухаанд хэлэгддэг “голланд” өвчнөөр манай нийгэм өвчлөөд байна. Уул уурхайн салбар ажлын байр төдийлөн бий болгоод байж чаддаггүй. Цөөн хүнийг баяжуулж ихэнхийг нь ядууралд түлхдэг. Иймээс үндэсний эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрүүдийг татвараас чөлөөлж уул уурхайгаас илүү татвар авах хэрэгтэй байгаа юм.
Нийгмийн бодлого өрх гэрийн амьдралд төвлөрөх хэрэгтэй байна. Өрх гэр бол төрийн амин эрдэнэ гэсэн Чингис хааны сургаалыг мөрдье. Ингэхдээ өрх гэр доторх өрхийн тэргүүний үүрэг роль, нийгмийн статусыг өргөх олон талын арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Өнөөгийн шатанд “Өрх гэрийн тэргүүнд ажлын байр эсвэл төлбөр” гэсэн зарчмаар төрийн бодлогыг гаргах хэрэгтэй болсон гэж бид үзэж байгаа.
-Стратегийн орд газрууд, тухайлбал Оюутолгой, Тавантолгойн гэрээг амтай болгон шүүмжлэх юм. Гэвч өөрчилж, сайжруулсан зүйлгүй, зүгээр л сайн хүн болж харагдах, эсвэл мэдлэгээ гайхуулах төдийхөнд шуугиж байгаад орхигдох юм. Яг юу нь болохгүй байгааг гаргаж тавиад, гэрээ хийгсэд болон хамгаалагсдаар хүлээн зөвшөөрүүлээд, засч залруулахад тийм хэцүү юм уу?
-Оюу Толгой болон стратегийн ордууд дээр байгуулсан гэрээ хэлэлцээг дахин нягтална. Стратегийн ордуудыг ашиглах, эзэмших хэлэлцээрийг гадныхантай хийхдээ Монголын тал “нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтын багц санал”-тай ордог байх зарчим хэрэгжүүлдэг байх санал дэвшүүлж байна. Жишээлбэл, Эрдэнэтийн ордыг ашиглах асуудал Эрдэнэт хот болон бусад үйлдвэр, дэд бүтэц барьж байгуулах асуудалтай хамт шийдэгдэж байсан.
Оюу Толгойн ордыг ашиглах асуудал хэдэн ажилчдын гэр хороолол байгуулж баялгийг зөөх хэмжээнд байгааг эргэж харах шаардлагатай. Газар доорх үндэстний баялаг, газар дээрх үндэстний баялаг болж хувирах ёстой бөгөөд ингэхдээ “гадаадынхныг дангаар баяжуулахгүй, өөрсдөө шахагдаж ядуурахгүй” байх зарчим баримтлах ёстой юм. Хамгийн гол нь алдаатай гэрээ хэлцэлд хүргэдэг хууль эрх зүйн орчин болон гадаадынхантай урд өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг бүгдийг багцаар нь дахин нягталж засварлах шаардлагатай.
-Аль ч нийгмийг чинээлэг дундаж давхаргынхан авч явдаг гэж ойлгодог. Гэтэл манайд ийм ойлголт, нөхцөл, эрмэлзэл алга. Дундаж давхаргынхан эвгүйдвэл эмзэг бүлэг рүү хальтрахад ойрхон байна. Төр засгаас ч ийм бодлого явуулж байна. Таныхаар, танай намынхаар яаж өөрчилбөл дээр вэ?
-Та ёстой зөв хэллээ. Баяныг хамгаалах, ядууг өмөөрөхөөс илүүтэй дундаж давхаргыг хөгжүүлж бэхжүүлэх төрийн бодлого хэрэгтэй байгаа юм. Энэ тал дээр ойлголтын том өөрчлөлт гаргах цаг болсон. Угтаа тогтвортой, үндэс угсаагаа гэсэн давхаргатай болъё гэж байгаа бол дундаж давхаргыг анхаарах хэрэгтэй байдаг. Энэ талаар яривал мөн ч их зүйл ярих шаардлагатай болно. Дараа тусгайлан яригдах асуудал байна.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд “Авлигачдыг цээрлүүлнэ” уриатай оролцож байсан. Ялалт байгуулаагүй ч үзэл бодолдоо хэвээр байгаа байх гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд авлига улам бүр цэцэглэж, томорч, далд хэлбэрт орсоор байгаа нь юм бүхэнд мэдрэгддэг. Авлигатай тэмцэх газар ч үүргээрээ ажиллаж чадахгүй байна. Яавал Монголыг энэ аалзны тороор салгах вэ? Ийм найдлага, нөхцөл боломж ер нь байна уу?
-Төрийн эрх мэдлийг хуваах онолыг эргэж харах хэрэгтэй. Бид хууль тогтоох, Гүйцэтгэх, шүүх эрх мэдэл байдаг гэдгийг л мэднэ. Гэтэл шалгаруулах, хянах гэдэг эрх мэдлийг Үндсэн хуулийн эрх мэдлийн хэмжээнд гаргах шаардлагатай байгаа юм. Төрийн албанд ямар хүн ажиллах вэ гэдэг асуудал ямар ч улс төргүйгээр, ёс суртахуун, хүмүүжсэн орчныг нь хүртэл харж үздэг төрийн албаны зөвлөлөөс шийддэг байх учиртай. Өнөөдөр ийм явдал алга.
Төрийн алба хог новшинд дарагдлаа. Шалгах эрх мэдлийг хэрэгжүүлэгч АТГ юм уу, аудит бусад шалгалтын байгууллагууд бие даасан төрийн эрх мэдлийн байгууллага байсан бол боловсон хүчнүүдэд шууд хариуцлага тооцох байлаа. Одоо бол тэд бүгд намуудаас, УИХ, Засгийн газраас хараат байдлаар ажиллаж байгаа нь буруу байгаа юм. Тэгэхлээр асуудлын гол гогцоо нь Үндсэн хуульдаа байгаа юм. Үүнийг өөрчлөхгүйгээр бүгд худлаа байх болно.
Э.Адъяасүрэн
URL: