Парисын халдлагыг хэн зохион байгуулсныг олж мэджээ
Парист үйлдсэн халдлагуудыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг хэн болохыг Францын “RTL” радиостанц мэдээлжээ. Тус радиостанцын мэдээлснээр, халдлагуудыг 27 настай, Сирийн иргэн болох Абдельхамид Абауд зохион байгуулсан байна.
Мөрдөн шалгах ажлын мэдээллээр, Бельгийн харьяат Абауд нь Францын нийслэлд үйлдсэн халдлагуудыг зохион байгуулж, санхүүжүүлсэн гэж “RTL” мэдээлжээ. Түүний нэр нэгдүгээр сард Бельгид таслан зогсоосон халдлагыг мөрдөн шалгах ажлын явцад дурдагдаж байсан байна. Абдельхамид Абауд нь “Лалын улс” бүлэглэлийн хамгийн идэвхтэй босогчдын нэгд тооцогддог аж.
Халдлагад оролцсон байж болзошгүй гурван сэжигтний хэн болохыг Францын эрх баригчид тогтоосон тухай ням гарагт мэдээлсэн байна. Тэд 29 настай, Францын иргэн Исмаил Омар Мостефаи, цогцосных нь дэргэдээс Сирийн паспорт олдсон, 1990 онд төрсөн Абдулакбак Б, Сирийн иргэн Ахмед Алмохаммед гэгч нар аж. Халдлагад мөн Францын 20 настай иргэн Биляль Хадфи оролцжээ.
Арваннэгдүгээр сарын 14-нд шилжих шөнө Парист цуврал халдлага үйлдсэн билээ.
Бельгийн тусгай албаны хүсэлтээр Абаудыг хамсаатнуудынх нь хамт Грект баривчилсан тухай нэгдүгээр сарын 18-нд мэдээлжээ. Гэвч баривчлагдсан хүмүүс хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлтэй холбоогүй гэж Бельгийн Прокурорын газрын төлөөлөгч мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: