Би МОНГОЛ хүн (Энэ нийгмээсээ ичин бичив)
БИ МОНГОЛ ХҮН
(Энэ нийгмээсээ ичин бичив)
Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн ч бай
Алт мөнгө гялтганасан баяны өргөөнд мэндэлсэн ч бай
Хөдөөний хөөсөн мантуу
Хотын уугуул иргэн
Гэр хорооллын банхар
Гэр оронгүй харх
Асрамжийн, халамжийн,
Хорихын, хоноцын хэн ч бай
Би Монгол Хүн
–
Эх орон гэж цээжээ дэлдээд
Эрээний хогоор гэрээ дүүргэдэг
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд
Үнийг нь дийлэхгүй ч лайк дардаг
Би Монгол Хүн
–
Гэртээ ороод хэрүүлээр хэлэлцэж
Гэрээс гараад гадаадаар мэтгэлцэж
Согтвол орсоор
Дурлавал солонгосоор
Онгирвол англиар
Онцолбол хятадаар ч ярьдаг
Би Монгол Хүн
–
Хужа барилгачин гэвэл ханцуй шамлаж дайрдаг
Хятад саятан гэвэл хормой дэвсэж долигонодог
Гудманд таарсан жуулчинг чулуугаар шидлэх атлаа
Гунхсан сайхан охиноо харийн хүргэнээс харамладаггүй
Би Эх Оронч Монгол Хүн
–
Ухаан алдсан хүнийг согтуу гэж андуурдаг
Ууж тасарсан найзаа төлбөрийн барьцаанд үлдээдэг
Эмэгтэй хүн зодуулж байвал илжиг жороолох хүсэлгүй
Эр хүмүүс нудралцаж байвал энхийг сахиулах зориггүй
Би Монгол Хүн
–
Хуруун чинээ хүүхдээрээ хүйтэн асфалт дээр гуйлга гуйлгаж
Хол ойрын танилуудаа хүний наймаа, янханд зуучилж
Ээжээсээ нуугдаж элийрч мансуурч
Эхнэрээсээ урваж элдвээр завхайрдаг
Би Монгол Хүн
–
Амьдрал нэрээр луйвар хийж
Ажил нэрээр хахууль өгөлцөж
Ардчилал нэрээр амиа хоохойлж
Архидалт нэрээр хүн алдаг
Би Жудагтай Монгол Хүн
–
Эх оронч мэт жиргэдэг
Эко царайлж фэйсбүүкддэг
Сошиал даяар алдартай ч
Сохор зоосны үнэ хүндгүй
Би Монгол Хүн
–
Архинд донтож
Авилгалд идэгдсэн
Өвчинд баригдаж
Өлсгөлөнд нэрвэгдсэн
Би Монгол Хүн
–
Амандаа багтахгүй хараалтай
Авдрандаа багтахгүй новштой
Сэтгэл дүүрэн жөтөөтэй
Сэрдэж хардах донтой
Би Монгол Хүн
–
Цалин авдаггүй мэргэжилтэй
Цадаж ханашгүй шуналтай
Байр машины мөрөөдөлтэй
Барж дуусашгүй их өртэй
БИ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН!
.
Чагдгаагийн Батцэцэг
URL: