С.Баярын үлдээсэн өв буюу ураны хаягдал-1

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ хүлээлгэн өгч билээ.

Уяхан зарим нь хөөрхийлж, намын буурлууд нь нулимс унагаж байсан ч улс төрийн хүрээнд энэхүү стандарт бус шийдвэрийн цаана “Тэр юу хийчихээд явчихав аа” гэсэн хардлага үлдээсэн. Тэр бас бидэнд ямар өв үлдээснийг сонирхож байсан. Харин түүний үлдээсэн өв хоёр жилийн дараа буюу 2011 оны намрын дуулиан болно гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. С.Баярын үлдээсэн өв бол Монголд   Цөмийн оршуулгын газар байгуулах явдал юм. Учир нь ингэж зоригтой хардах баримтууд байна.

2007 оны арваннэгдүгээр сард Санжаагийн Баяр Ерөнхий сайдаар томилогдсоноор, yраны асуудал урьд хожид байгаагүй өргөн далайцтайгаар өрнөжээ. Шинэ Ерөнхий сайд уран олборлох, АЦС барих асуудлыг  чухалчлах болсныг түүний хийсэн олон тооны айлчлал, байгуулсан гэрээ хэлэлцээр, уулзсан албан тушаалтнууд, хэлсэн үг, гаргасан тогтоолууд гэрчилнэ.

ОХУ-д Элчингээр сууж байсан С.Баярыг оросуудад элэгтэй гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр ч 2008 оны хоёрдугаар сард буюу Ерөнхий сайд болоод удаагүй байхдаа тэрбээр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзаж, уул уурхайн салбарт нягт хамтрах бодолтойгоо илэрхийлж байв. Хурандаа генерал В.А.Соболев дараагийн өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр ураны орд газруудыг олборлох, атомын энергийг ашиглах зэрэг асуудлаар хоёр улс гэрээ хэлэлцээр хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.

Уг нь Н.Энхбаяр олон жил эрх мэдэлтэй байхдаа В.Путинтэй байгуулсан атомын цахилгаан станц /АЦС/-ын гэрээг ажил хэрэг болгоx гэж яараагүйсэн. Гэнэт ийн яаравчлахад нь хэн, яаж нөлөөлсөн нь сонирхолтой л юм.

Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ уран олборлох асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зуралцсан ОХУ-ын “РосАтом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко баярлаж, Монголд атомын цахилгаан станц барьж өгч туслахад бэлэн гэж амлаж байсан билээ.

С.Баяр xарин Москвагаас шууд Австри орж, Вена дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАУА)-ийн ерөнхий захирал Мохамед Эль Барадейтэй уулзсан. Албан ёсны мэдээгээр бол С.Баяр уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай хууль боловсруулахад туслалцаа үзүүлэх, мөн ирээдүйд бага, дунд оврын АЦС байгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө хүссэн ажээ.

С.Баяр Монголд эргэж ирмэгцээ УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилтай байсан хэдий ч 2008 оны тавдугаар сарын сүүлчээр С.Кириенкотой Мардайд дахин уулзаж, улмаар ОХУ-ын хилийг давж, 700 метрийн гүнд олборлолт явуулдаг ОХУ-ын хамгийн том уран олборлогч Краснокаменск орчмын Приаргуны үйлдвэрийг очиж үзсэн байдаг. С.Баярыг сэмхэн хил давсан талаар тухайн үед хэвлэлүүд шуугиж байсны цаад учир бол ийм байсан.

Yүний дараахан буюу 2008 оны зургадугаар сарын 25-нд “Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 263 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн Энергийн Kомиссыг (сүүлд Цөмийн Энергийн Газар гэж өөрчилсөн) байгуулж, даргаар нь С.Энхбатыг томилсон билээ.

Ингэж байтал УИХ-ын сонгууль болж, улмаар долоодугаар сарын 1-ний үйл явдал өрнөж буруутныг эрж хайх явдал ээлж дараалан цуварсаар нэг мэдэхэд есдүгээр сартай золгов. С.Баяр АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар болсноо зарлаж, итгэлт хүмүүсээрээ Гадаад харилцаа, Эрдэс баялаг, эрчим хүч зэрэг холбогдох салбарыг удирдуулснаар ураны салбарт урагштай ахих замаа зассан юм.

Удалгүй 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр С.Баяр, Б.Долгор нарын гарын үсэгтэй 64 дүгээр тогтоол гарч тус комиссын нэрийг өөрчилж Цөмийн Энергийн Газар болгоод, өөрийн үйл ажиллагааныxaa төсвөөс санхүүжиж байсныг улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд шилжүүлэв. Тэрбээр 2009 он гармагц “РосАтом”-ын C.Кириенкотой Иркутскт уулзаж, Орос-Монголын хамтарсан уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахаар ярьж тохиролцжээ.

Энэ уулзалтын дараахан Оросын хэвлэлд “2007 оноос хойш Монголын ураныг олборлохоор хэлэлцээр явуулж амжилтанд хүрээгүй ОХУ санасандаа хүрлээ”, “Одоо зөвхөн Монгол Улсыг уран олборлох хуулиа батлахыг л хүлээж байна” гэхчлэн бичиж байв.

С.Баяр ОХУ-аас эргэж ирсний дараагаар Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 11–ний өдрийн 45 дугаар тогтоолоор “МонAтом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан. Уг тогтоолд С.Баяр, Б.Долгор нар гарын үсэг зурсан байдаг юм. Яг үнэндээ бол Оросын “РосАтомыг” хуулбарласан нэгжийг бүрдүүлсэн нь энэ аж.

Түүнчлэн ТӨX –ны  49 тоот тогтоолоор “МонAтом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг баталсан билээ. Ингэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Цөмийн Энергийн газрын дарга С.Энхбат, гишүүдээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Сангийн Яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Цөмийн Энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн, ТӨХ-ны даргын зөвлөх Д.Байлыхүү нарыг томилсныг бид мэдэж байгаа.

Удалгүй ТӨХ-ны “МонAтом” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Бадамдамдинг томиллоо. Энэ бүх ажлынхаа хариуд С.Баяр ОХУ-аас 2009 оны гуравдугаар сарын 17-нд 300 сая ам. долларын зээл авчээ. Гэхдээ тэр мөнгө нь шууд орж ирсэнгүй. Оросууд зээлсэн гэх мөнгөндөө өөрсдийн хуучин техник шахаж тэрний шанд С.Баяр Атрын III аяныг өрнүүлж, алдар хүндийн эзэн болсон билээ.

Ерөнхий сайд С.Баяр 2009 оны гуравдугаар сард Францад айлчилж, Ерөнхий cайдтай нь уул уурхайн салбарт хамтрах талаар хэлэлцээр хийсэн. Мөн “Арева” группын ерөнхий захирал Анн Лувержонтой уулзаж, Дампьерын АЦС-аар зочилсныг санаж байна уу. Энэ үеэр “Арева” Монголд ажиллах, цаашид АЦС барихад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Дашрамд хэлэхэд 2008 оны тавдугаар сард С.Оюун Гадаад Хэргийн сайд байхдаа мөн Францад зочилж, “Арева”-гийнхантай уулзаж байсан.

Энэхүү айлчлалынхаа дараа С.Баяр “Ураны салбарт эрх зүйн орчныг тодорхой болгох нь бидний гэрийн даалгавар болж үлдлээ” гэж хэлж байснаас үзвэл гаднын компаниудтай ярилцаж тохирсны үндсэн дээр тэдний эрх ашигт нийцүүлсэн бодлого, хууль боловсруулсан байж болзошгүй гэж хардаж болохоор байгаа юм. Учир нь тэрбээр 2009 оны гуравдугаар сард ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг шуурхай эхэлсэн.

Үүний дараахан, 2009 оны дөрөвдүгээр сарын 23-нд мөнөөх  ОУАЭА-ийн ерөнхий захирал Эль Барадей гэгч өөрийн биеэр Улаанбаатарт ирж С.Баяртай уулзсан юм. Aлбан ёсны мэдээгээр бол уран ашиглахад тавих хяналтын талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, АЦС-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хүчин чадал, байрлах газрын сонголт хийх талаар ярилцсан гэдэг.

Ямартай ч АЦС, цөмийн хөтөлбөр ч үгүй орны удирдагчтай жил дараалан уулзаж буйгаас харахад чухал шаардлагатай байсан нь илт.

Үйл явдлууд ийнхүү он дарааллаар өрнөж байжээ. Он цаг, үйл явдлын хэлхээсийг ажиглавал С.Баяр ердөө л ганцхан зорилго өвөрлөж Ерөнхий сайд болсон мэт харагдаж байна. Гэвч дүгнэлтээ түр хойш тавиад баримтаа хөөе.

“Майничи” сонины сэтгүүлч Айкава Харуюкигийн баталж буйгаар 2009 оны тавдугаар сарын 6-нд Улаанбаатарт гурван гадаад зочин ирж, Гадаад харилцааны сайд С.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт Монголд “Цөмийн оршуулгын газар” барих саналыг тавьсан байна. Тэд Монголын ураны орд газрын ойролцоо цөмийн түлш үйлдвэрлэх газар, судалгааны хүрээлэн, цөмийн хог хадгалах агуулах бариад Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хяналт тавина гэж тайлбарлаж байв.

Үнэхээр энэ баримтыг дээр дурьдсан ОУАЭА-ийн “Олон улсын цөмийн хаягдлын байгууламж барих” гэсэн төлөвлөгөө зорилттой хавсарган авч үзвэл С.Баяр, Эль Барадей хоёр ойр ойрхон уулзах болсны учир шалтгаан тодорхой болж байна. Түүнчлэн 2009 оны тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Японд цөмийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулчихаад буцах замдаа Монголд хэсэгхэн зуур саатаж, уран олборлох хамтарсан үйлдвэрийн асуудлыг яаравчлах талаар сануулсан нь бий.

С.Баяр ч шуурхайлахаа амласан. Мөн айлчлалын үеэр “РосАтом-”ын тэргүүн C.Кириенко болон Цөмийн энергийн газрын С.Энхбат нар хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх санамж бичгийг үзэглэсэн. Тухайн үед “РосАтом”-ын тэргүүн С.Кириенко “Цаашид Монголд уран олборлоод эхлэхээр бүр олон мэргэжилтэн сургаж өгнө” хэмээчихээд буцав. Гэвч тухайн үед  Ерөнхий сайд С.Баяр В.Путин, С.Кириенко нараас Цөмийн энергийн хуулийг яаралтай батлуулах үүрэг хүлээгээд үлдсэн байх.

Удсан ч үгүй Ерөнхийлөгчийн сонгууль болж, Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид ялагдсан. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, Н.Энхбаяр халаагаа өгөхдөө ямархуу харагдахыг сонирхоод ард түмэн “завгүй” байх үеэр зургадугаар сарын 25-нд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, харин наадмын дараахан буюу долдугаар сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль тус тус батлагджээ.

Яах аргагүй наадмын сонин сайхнаас салаагүй, улс төрөөс залхдаг үеийг тааруулсан байгаа биз. С.Баярын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Б.Долгор л цөмийн энергийн бодлого, хуулийг санаачлан боловсруулж, батлуулахын төлөө биеэ хайрлалгүй зүтгэсэн байна. Ингээд бодлого, хуулийг хэлэлцэх, батлах явцын зарим нэг маапаанаас дурьдая.

Цөмийн энергийн талаар баримтлах бодлогын эргэн тойронд

“Цөмийн энергийн бодлогыг” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорын ахaлсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаатар, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, орлогч дарга Б.Дамдинсүрэн, Цацрагийн хяналтын хэлтсийн дарга Г.Манлайжав, мэргэжилтэн Э.Гантулга, ТӨХ-ны зөвлөх Д.Байлыхүү, ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал, зөвлөх Б.Балган, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулжээ. Бодлогын төсөлд:

4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана.

4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална гэсэн заалтууд орсон байв.

2009 оны тавдугаар сарын 26-нд цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төслийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Д. Одхүү “Өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангах” гэсэн аймаар үг байна… Энэ чинь цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах бололцоог нээж өгч байгаа бодлого болж байна…Дараа нь “өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцлөөр хангана” гээд шууд хэлчихсэн байна.

Та нар шууд эдгээр орнуудын цөмийн хаягдал түлшийг Монголд хадгалах гэсэн бодлого явуулах гэж байгаа юм биш биз дээ…  Дараагийн асуулт 4.5 дээр үргэлжлүүлээд “гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална” гээд бүр баталгаажуулчихсан байна” гээд “гадаад улс орнууд асар их хэмжээний мөнгө амлаж, өөрийн эх орны байгаль орчинд халтай цөмийн хаягдлаа ядуу буурай, том нутагтай орнуудад их мөнгө төлж байж, хахуульдах замаар булшилж ирсэн.

Цаашид булшлах бодлогоор дайн хийдэг гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бид тийм ядуу буурай, мөнгө аваад булшилдаг, хадгалдаг газар нь Монгол Улс мөн юм уу, биш юмуу” гэж  асууж байжээ.

Д.Одхүү гишүүн “4.4, 4.5 дээр “хаягдлыг хадгалах” гэдэг дээр тодорхой зааж өгье. Ийм бөөрөнхий байж болохгүй. Монгол улсад өөрийн цацраг идэвхт хүдрийг олборлох, боловсруулахaд болон бусад Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн хаягдлыг гэж зааж өгье. Тэрнээс биш, гадны импортоор хаягдал орж ирж булшлах биш гэдгээ тов тодорхой зааж өгье. Тэгэхгүй бол наадах чинь гаднаас хаягдал вагоноор орж ирээд булшилна гэсэн ойлголт давхар орж байна” гэж сануулж байсан ч түүний тавьсан маш тодорхой саналыг тусгалгүй өнгөрчээ.

Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хариуд нь “Өөрийнхөө ашиглалтын үед булшлахаа нарийн технологиор булшилъя гэдэг чинь зөв л явж байна шүү дээ. Одоо тэгээд ямар юм яриад байгаа юм бэ. Ойлгомжтой юман дээр олон юм яриад байх юм та нар… энэ зөв л явж байна” гэх мэтчилэнгээр уурсаж “Хоёрын хоёр байнгын хороо хэлэлцээд, ажлын хэсэг ажиллаад, ороод ирэхэд эцэст нь тэр рүүгээ дайраад л, нөхдийгөө хүндэтгэхгүй энэ чинь эвгүй” гэж хэлсэн байх юм. Ингээд  эцэст нь  санал хураахад 52 гишүүний санал 50, 50 хувиар тэнцсэн тул Б.Долгор нарын төсөл санаачлагчдын оруулж ирсэн хуудуутай томъёолол хэвээр үлдсэн байна. Ийнхүү Монгол Улсад тодорхойгүй гаралтай цөмийн хог хаягдал хадгалагдах, булшлагдах эх үндэс Цөмийн энергийн бодлогын 4.4, 4.5 дугаар заалтуудаар хуульчлагдан батлагджээ.

Дашрамд дурьдахад, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн нэгдүгээр хавсралтаас үзвэл цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж байгуулах ажлыг Цөмийн Энергийн газар гүйцэтгэж, Байгаль орчин аялал жуулчлалын яам оролцохоор заасан бөгөөд 2010-2013 онд уг ажлыг хийж гүйцэтгэхдээ улсын төсвөөс нэг тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 10 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Цөмийн энергийн тухай хуулийн талаар нэмж хэлэхэд уг хуулийг “Цөмийн энергийн бодлого” дээр ажилласан  Б.Долгорын удирдсан ажлын хэсэг боловсруулсан байна. Журам ёсоор бол хуулийн төслийг батлахдаа холбогдох байнгын хороо, УИХ-аар хоёр удаа хэлэлцэж баталдаг. Гэтэл дээрх хуулийг ганцхан өдөрт багтаан УИХ-аар эхний бас эцсийн удаа хэлэлцсэн төдий оромдоод, батaлснaac үзэхэд санамсартай эсвэл санамсаргүй аль нэг учраас эхнээсээ л “мордохын хазгай” гэгч болсон ажээ.

Учрыг судaлвал Ерөнхий сайд С.Баяр тус хуулийг шуурхай батлахыг хичээнгүйлэн хүссэн бөгөөд шадар туслах Б.Долгор, Д.Дэмбэрэл нар намын даргынхаа хүсэлтийг гүйцэлдүүлэх гэж тухайн үед ихэд чармайжээ. Xууль батлагдсан 2009 оны долоодугаар сарын 16-ны өдөр С.Баяр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын хамт Наран улсад оччихсон, Японы Ерөнхий сайд Таро Асотой цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж, Японы Байгалийн нөөц, эрчим хүчний газартай цөмийн энергийн салбарт хамтын ажиллах санамж бичиг байгуулж явсан байх юм.

Энэ юу гэсэн үг вэ. Яагаад ийм хурдан хугацаанд хууль батлуулж, түүнийг нь мэдсэн юм шиг айлчлалаа тохиолдуулж чадав аа. Энэ бүхэн санамсаргүй хэрэг гэж үү. С.Баяр яагаад энэ бүхнийг чармайн хийв. Тэгээд дараа нь “За боллоо” гэсэн шиг ажлаа өгчихөв. Тэр Ерөнхий сайд болохыг насаараа мөрөөдсөн биз дээ. Энэ бүхнээс цаашхийг дараагийн дугаараас үргэлжлүүлэн уншаарай.

У.Оргилмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих