Ц.Мөнхбаяр, С.Эрдэнэ нарын “тэсрэлт” юуг өгүүлэв
“Гэнэт дэлбэрэгчид”
Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг
Олон нийтийг айдаст автуулсан энэ хэрэг шүүх шатны байгууллагуудаар дамжин, Ц.Мөнхбаярт хяналтын шатны шүүхээс 7 жил оноосноор өндөрлөсөн. Ингэж Ц.Мөнхбаярт Өвөрхангайн хорих руу ачигдаж, эцэст нь өршөөлөөр суллагдав. Тэрээр эрх чөлөөтэй болонгуутаа нэр төрөө сэргээж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Энэ бол хоёр жилийн өмнө болсон явдал.
Харин долоо хоногийн өмнө “Эрдэнэс тавантолгой” төрийн өмчит компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатааж, нийгмийг дахин цочролд орууллаа. Тэрээр “Манай компанийн ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өөрийгөө шатаалаа” хэмээн гадуур хувцсан дээр шатахуун асаан шатаасан байна.
Шаталтын үед амьсгалын замын эрхтнүүд түлэгдсэн тул одоогоор хоол унд идэх боломжгүй, биеийн байдал хүнд байгаа талаар ГССҮТ-ийн эмч нар онцлоод буй. Энэ асуудал засгийн газрын хүрээнд яригдаж, “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагыг хүртэл ажлаас нь чөлөөлөхөд хүрэв.
Тэд яагаад ийм үйлдэл хийв?
Нийгэм даяараа энэ сэдвийн талаар шүүн хэлэлцэж, эцэст нь гэнэтийн үйлдэл хийгчид хэргийн буруутан болдог жишиг бий. Мэдээж Ч.Мөнхбаярын буу шийдэм агссан явдлыг С.Эрдэнийн өөрийгөө шатаасантай харьцуулах нь зохимжгүй. Гэхдээ тэдний тэмцэл тэвчиж тэвчиж, тэсэрнэ гэх нэг замаар өрнөснөөрөө ижил юм.
Ц.Мөнхбаярын хувьд Онги голын хөдөлгөөнийг анх санаачилж, хэвлэлийнхний хараанд өртөж байсан. Улмаар 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize гэдэг хүндтэй шагнал авч, 150 мянган доллар хүртсэн бол National Geographic сэтгүүл түүнийг ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр 2007 онд шалгаруулж байсан удаатай. Байгалийн тэнцвэрт байдлын төлөөх тэмцлээрээ дэлхийд данслагдсан эрхэм урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан, гэнэт нэг өдөр Төрийн ордон руу буу шагайхад хүрсэн юм.
Амьдралынхаа нэгээхэн хэсэг хугацааг өөрсдийн санаж, зүтгэж явдаг үйлд зарцуулсан энэ эрхэм “Тэсэхээ болиод…” гэх үгийг шүүхийн танхимаас ч хэлсэн байдаг. Харин С.Эрдэнэ 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компанид оперотоор ажилд орсноор компани дотроо ажилчдын эрх ашгийн төлөө өлсгөлөн зарлах энгийн алхмаас тэмцлээ эхлүүлжээ.
Улмаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслөөс компанийг нь хассантай холбогдуулан, хэдэнтэй хэвлэлийн бага хурал зарлаж, Үндэсний эрх ашгаа дэмжихийг уриалж байсан нэгэн. Энэ удаа харин Алдарт 203 ажилтны шилжүүлгийн асуудлаас үүдэн өөрийгөө шатаасан гэж албаныхан тайлбарлаж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс С.Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулж, 203 ажилтныг шилжүүлэх явдлыг ойлгохгүй муйхарлалаа гэх утга бүхий тайлбар хийж байсан. Гэтэл нөгөө талд компани, Үйлдвэрчний эвлэл хоёр тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийн эсрэг нэгдмэл байр суурьтай байсан нь ажиглагддаг.
Тэд шантаажлагчид уу?
Ц.Мөнхбаярыг галт зэвсэг ашиглахыг завдсан хэргээр саатуулагдаж байх хугацаанд Онги гол орчмоор үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд түүнийг “Шантаажлагч” хэмээн нэрийдэж, хэвлэлийнхэнд хандсаар байв. Нэгэнт Ц.мөнхбаяр саатуулагдаж байгаа тул тэр үед тайлбар хийх боломжгүй байсан. Энэ ч утгаар хэвлэлүүдээр худлаа үнэн нь мэдэгдэхгүй баримтын падаан бүхий Ц.Мөнхбаяр ба түүний тойрон хүрээлэгчид рүү мөнгө шилжүүлсэн үлгэр домгууд яригдаж байв.
Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй үйлдвэрчний эвлэлийн нөхдүүд өнгөрсөн хавар Улаанбаатарт 14 хоногийн давтамжтайгаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид зардал мөнгөө хэрхэн зарцуулдаг, компанийн удирдлагууд тэдний үйлдлийг дэмжиж байгаа эсэх тухай цохож асуусаар байсан. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг эсэргүүцэх үеэрээ тэд Энержи ресурс руу илтэд дайрсан мэдээлэл ч хийж байсан. Ерөнхийдөө Үндэснийхээ эрх ашгийг хамгаалж байгаа гэдэг утгаар тэднийг харж болох. Гэтэл нөгөө ард нь засгийн газрыг үйл ажиллагааны эсрэг байр суурьтай томчууд тэдний ард байгаа гэх хардлага төрүүлж байсныг энд онцлууштай.
Гэхдээ С.Эрдэнэ, Ц.Мөнхбаяр нар шантаажлах замаар их мөнгө олж баяжаагүй, энгийн борог амьдралтай Монгол айл өрхүүдийн нэгээхэн төлөөлөл болох нь өнөөдрийн үнэн юм.
Гишүүд юу гэж дуугарав?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавар “Ц.Мөнхбаярыг өөрийн гараар уучлал хүссэн өргөдлөө бичнэ уучлал үзүүлнэ” гэж мэдэгдсэн. Түүний дараахан Өвөрхангайн хорихоос хачин сайхан сайхан бичгийн хэв бүхий уучлал хүссэн өргийг Ц.Мөнхбаяр илгээсэн удаатай. Гэхдээ уучлал үзүүлээгүй явсаар өршөөлтэй золгосон.
Өршөөлийн хууль хэлэлцэх үеэр Г.Уянга гишүүн дайрсаар байж, түүний зүйл ангийг хавчуулахад гишүүд “Одоо чи цаашид дуугай байна шүү” гэх сүрдүүлэг өгсөн талаар онцолсон нь бий. Ч.Мөнхбаярын шүүх хуралд Ж.Батзандан, Г.Уянга нарын гишүүд оролцох хүсэлтээ уламжилж, шүүхийнхнийг асуудалд нухацтай хандахыг уриалж байв.
Харин С.Эрдэнийн өөрийгөө шатаасан явдалд АН-ын зүгээс тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзсан. Сөрөг хүчин бүлгийн хурал дээр энэ үйлдлийг “Тэвчээр нь барагдсаны улмаас” хэмээн оношилсноо тодотгоод өнгөрлөө.
УИХ-ын гишүүн Г.Уянга, бие даагчдын төлөөлөлтэй хамтран мэдэгдэл хийхдээ “С.Эрдэнэ аргаа барахдаа өөрийгөө шатаасан. Олон удаагийн хэвлэлийн бага хурал, УИХ-ын дарга, ерөнхий сайдад хандан захидал бичсэн. Нэг нь ч тоож, сонсоогүй. Засгийн газар зориудаар ажлын байрыг нь бүрхэгдүүлсэн. Энэ асуудалд Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг халахад ч багадна. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” хэмээн онцолсон юм.
Эцэст нь тэмдэглэхэд, нийгмийн болох болохгүйг шүүмжлэх замаар өөрсдийнхөө амьдралын нэгээхэн хэсэг хугацааг зольж, хэтийдсэн эрсдэлтэй нүүр тулах эр зориг хэн хүнээс гарахгүй. Гээд энэ нь зөв үйлдэл биш. Басхүү ийм төрлийн хүмүүс ор тас байхгүй бол төрийн хулгайчид бүр ч өндрөө авах нигуртай.
Тэдний гэнэтийн тэсрэлт нийгэм асар их стресстэй, нэг л өдөр оволзоод босоод ирэх дотоод нүргээнтэй байгааг харуулж байгаа мэт. Буу шагайсан нь, өөрийгөө шатааасан нь хэр зөв үйлдэл болохыг нийгмээрээ хянан шийдвэрлэхээр зүтгэхийн оронд асуудлын цаад учиг нь хаана байгааг бодолцох цаг болжээ.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: