С.Зоригийн хэргийн эргэн тойрон дахь учир битүүлэг үхлүүд…
Сүүлийн үед С.Зоригийн хэрэг илрэх гэж байна гэсэн дуулиан олны анхаарлыг татаж эхэллээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой бусад хэргүүд яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Учир нь С.Зоригийн хэрэгт холбогдсон, шалгасан, шалгагдсан маш олон хүн өнгөрсөн хугацаанд учир битүүлгээр амиа алдсныг мартаж болохгүй.
Эдгээр амиа алдагсад бүгдээрээ ямар нэг сэжмээр С.Зориг агсны хэрэгтэй холбогддог. Үхнэ гэдэг хэн бүхний жам ч хамгийн айдас төрмөөр нь эд бүгдээрээ цаг бусаар нас барсан явдал. Тоймтой хэдээс нь дурьдвал:
1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр 4 давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү? Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
2. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казак залуу усанд унаж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон юм. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгт олон нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.
3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч ар гэрийхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Энэ хэрэг илрээгүй.
4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. 2 алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.
5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэг илрээгүй.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.
8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Хэрэг илрээгүй.
Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж өгүүлж байна. Та анзаарсан байх. Эдгээр үхлүүд бүгдээрээ эцэслэн шийдэгдээгүй, тодорхой хэлбэл илрээгүй хүн амины хэргүүд болно.
Аймаар ч юм шиг. Амиа хорлосон ч юм шиг, осолдсон ч юм шиг, эсвэл бүр гэрчүүдийн зүрхийг үхүүлэх гэсэн янзтай тамлаж алчихаад эзэнгүй хэрэг болгоод яваад байна гэдэг нь, цаашдаа ч илрэхгүй амгалан тайван амьдарч чадна гэх итгэлтэй байдал нь зөвхөн мэргэжлийнхэн буюу “том гарын нөхдүүд” оролцсон болоод л тэр. С.Зоригийн аллага доошоогоо геометр прогрессээр үржээд байгаа гэхэд хилсдэхээргүй болжээ. Энэ нь юуг өгүүлнэ вэ? Нэг хэргийн араас түүнээ булзааруулах гэж энэ олон хүн амины хэргийг үйлдэх нь, төрийн минь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа монголын гэсэн овогтой, С.Зоригийг хөнөөснөөр хүчээ авч бий болсон мафи аль хэдийнээ тороо татчихсан байгааг илтгэж байна. Эвгүй санагдсанаа устгаад байдаг мафи гэгч нь нэг алуурчинтай байдаггүй.
За, зүгээр л нэг аллагын мафи /зүгээр нэг аллага гэж юу байхав дээ, уг нь/ байлаа гэхэд бүтэц нь:
1. Ерөнхий захиалагч буюу С.Зоригийг алахыг хүссэн гол этгээд
2. Түүний доор зохион байгуулагч буюу хэнийг алах, хэнийг халах, хэнийг худалдаж авах, хэнийг золиосонд гаргах вэ гэдгийг шийддэг, санааг нь гаргадаг нөхөр
3. Мөн түүний нүд чих, гар хөл болдог буюу цагдаа тагнуулынхны ажлын хэсгээс мэдээллийг нь гаргадаг, тэдний дунд ажилладаг нэг хоёр гурвын зэрэг хүн
4. Зохион байгуулагчаас үүрэг даалгавар авч хэн нэг хүнийг хэрхэн алах төлөвлөгөөг боловсруулж, алуурчидтайгаа нүүр тулан ажилладаг нэг хүн
5. Түүний доор гардан гүйцэтгэдэг 2-3 хүн…, ерөнхийдөө иймэрхүү зохион байгуулалттай баг ажиллаж байгаа…, гэдгийг үгүйсгэх арга үгүй.
Тэгэхээр С.Зоригийн хэргийн алуурчин баригдвал хэргээ булах гэж хөнөөсөн өч төчнөөн хүн амины хэрэг нь сөхөгдөж, тэр болгоныг захиалсан, зохион байгуулсан, гардаж үйлдсэн гээд нийт 20-30 хүн гарч ирэх нь ойлгомжтой. Хэт олон хүн оролцсон учир зарим нь дунд нь сугарч үлдээд ял завшиж ч мэдэх юм. Ингээд бодохлоор энэ хэрэг үнэхээр “агуу том хэрэг” болтлоо тэлсэн байх магадлал маш өндөр. Үүнийхээ хэрээр энэ хэрэг өөрөө мафи буюу гэмт хэргийн бүлэглэл бүрдүүлэх нөхцөлийг бий болгож, тэднийг нэгдсэн санхүү, цуварсан удирдлага зангидаж байгаа юм байна гэдгийг энгийн нэгэн бодоод олчихно.
Гардан гүйцэтгэдэг 2-3 хүн бол тусгай албаны төрийн шууд мэдлийн, тодорхой хэлбэл цаазын ял гүйцэтгэдэг хүмүүс байж болох. Яагаад гэвэл Булганыг хүлсэн арга нь цаазлагдах ялтнуудыг гүйцэлдүүлэхийн өмнө гарыг нь ард нь тийнхүү хүлдэг арга мөн гэдгийг зарим хүмүүс онцлоод байна. Цаазлагдах ялтнуудыг гавлах гав улсад байдаггүй биш байгаа л даа, гэхдээ гавтай хүнийг булдаггүй, эсвэл түлж шатаадаггүй юм. Тэгэхээр энгийн нэг хүлгээр цаазлуулагчийг хүлээд тушаалыг гүйцэтгэдэг аж. Юутай ч гэсэн энэ олон аллагыг эзэнгүй хэрэг болгоод явсаар байна гэдэг нь тусгай албаны тодорхой мэдлэгтэй хүний хийх ажил билээ. Мөн эдгээр хэргүүдийн хойноос идэвхийлэн хөөцөлдөх “төрийн ухамсар” үгүй байгаа нь тэрхүү ухамсарт нөлөөлөх алуурчдын бүлэг ямархан өндөр авсаныг илтгэх аж.
Тэгвэл хэргийг илрүүлэх гэсэн цагдаа нарын үйл ажиллагааны улмаас амиа алдсан ил байгаа хоёр жишээг дурьдвал: Б.Хурц нарын тэргүүтэй нөхдүүд Энхбатыг Англи улсаас хулгайлан, хэд хэдэн улсыг дамнуулан тээвэрлэсээр авч ирж уг хэргийг хүлээлгэх гэж эрүүдэн шүүсэн боловч “тийм” гэж хэлэлгүй байсаар үнэн хэрэгтээ тамлал даалгүй бурханы орноо одсон. С.Далхсүрэн, түүний эхнэр Б.Даваа нарыг цагдаа нар баривчлан хорьж мөн л тамлан зовоосон. Үүний улмаас С.Далхсүрэн амиа алдаж, Б.Даваа чих нь дүлийрэн эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон болно.
Ер нь ингээд бодохоор “Зоригийн хэргийг” хаах нь зөв гэж бодогдох үе сэтгүүлч надад хааяа төрөх юм. Хаах тухай одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий прокурор Дорлигжав нар санаагаа цухалзуулдаг. Шалтгаан нь энэ ч байж болох юм. Үгүй ч байж болно. Энэ олон амиа алдагсдын ард гэр бүл, үр хүүхэд, ах дүү, амраг садан гэж байж л таарна. Тэр олон хүний нус нулимсан дээгүүр туучиж ганц хүний хэргийг мөрдөөд яахав дээ гэж бодогдох юм. Өрөвдөх юм, өр өмрөх юм, харин та бүхэнд ийм мэдрэмж байдаг уу, эрхэм дарга нараа. Зовлон зүдгүүр, хагацал шаналан бүхэн шалтгаантай байдаг, тэгвэл энэ шалтгааныг бий болгогч нь хэн бэ, юу вэ?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Yooy aimariin tgl haasan n dr yum bn odo tsus bitgii uzee
6 bas hudlaa hereg uildsen etgeed barigdaad yalaa edlej bgaa
МАН-ынхан хэрэг төөрөлдүүлээд л Тийм л юм бол сонгуулиар амалж гарч ирсэн Мөрөн илрүүлэх нь яасан юм бэ. Бас л хардмаар МАН-ын гар энд явж байхыг үгүйсгэхгүй