Хулгар шарын хувь заяа хутганы ирэн дээр

Монголчуудыг олон зууны турш тэжээж ирсэн учир тарвагыг “газар доорх шар тос” хэмээн дээдэлдэг. 70 жилийн өмнө   энэ уудам нутагт минь одоогийн малын тооноос ч олон тарвага гүйлдэж байжээ. 1980 оноос 13-20 саяар цөөрсөн судалгаатай.2000 оноос тарваганы тоо жилээс жилд хорогдсоор байна.Нэгэн үе ЗХУ-д сурдаг оюутнууд арьсыг нь ил далд зөөж,хөл дээрээ босож боломжийн хөлжсөн ч бий.
Нийслэлд тарваганы хөшөөг хүрлээр босгосон нь монгол тарваганы 21 дүгээр зууны мөхлийг урьдчилан сэрэмжлүүлж зөгнөсөн мэт.
Тарваганы арьс улирал харгалзахгүй,авна гэсэн зар өвсөнд ассан түймэр мэт тархаж аяга даахаасаа эхлэн бүгдээрээ хавх тавьж,агналт хийж төрийн бодлого цалгардсаны балгаар 10 жилийн дотор түүний хувь заяа хутганы ирэн дээр ирсэн юм.
Ниргэсний хойно хашгирдаг заншлаар цочсон мэт  тарвага агнахыг хориглосон шийдвэр цаасан дээр буулгасан ч тусыг эс үзэв.Олон төрлийн ургамлаар хооллодог “хар ус ууж”,”хагд өвс иддэггүй”гэдэг тангарагтай тарваганы таван цул эрхтнээс элэг уушиг,бөөр,зүрх,зургаан сав эрхтнээс цөс,давсаг,хүн мах гээд хүний тухайн эрхтэн өвдөхөд хэрэглэдэг,эмчилгээ сувилгаанд тустай гэж судлаачид үздэг.
1965 онд Улсын тэргүүний анчдын хоёрдугаар зөвлөгөөнд Ховдынхоо 16 тэргүүний анчинтай төлөөлөгчөөр оролцож Монголын өнцөг булан бүрээс ирсэн шилдгүүдтэй уулзаж туршлага солилцон 16 хүн улсын тэргүүний анчин цол хүртэж байлаа.

Биднийг одоогийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ХБУ газрын орлогч дарга байхдаа ахлан явцгааж байлаа. Улсын төлөвлөгөө биелүүлэхэд бие сэтгэлээ зориулсан анчдын хөдөлмөрийг үнэлж идэвхжүүлж байсны тод баталгаа энэ байх. 1960-аад онд манай Бумбат хайрхан ууланд тарвагаггүй шахам байхад төлөвлөгөө өгдөг байлаа. Орон нутагтаа мөндөл ,бүдүүнгүй агнадаг тоондоо хүрэхгүй дутна. Бригадын агент аравдугаар сарын дундуур эсгий гутал сэгсүүргэн дээлтэй хомтой тэмээ хөтлөн Дуут, Мөнххайрхан сумруу явж дутуугаа худалдан авчирч гүйцэтгэдэг байсныг мэдэх юм.

Сониноос Бумбат хайрхан уулын тодорхой нутагт 1962 онд 11 тарвага ичснээс 1963 оны хавар ес нь агнагдан эр, эм хоёр хотил байршлаа өөрчлөн, нутгийн эзэн савдаг хамгаалан үлдээснээр түүний үр төл жилээс жилд шинэ нутаг эзэмшиж байршсан Чандмань суманд 1971-1972 онд тарвага агнахыг хориглосон шийдвэр ч нөлөөлсөн юм. 1980 онд ялаа шиг бужигналдсан тарвагатай болж элбэгшсэн ч дуулиант  2000 оноос дахин цөөрч билээ. Ховд аймаг Монгол орны 2 зүйл тарваганы идээшил нутаг. Тарваганы нөөц ахиухан байсан цаг саяхандаа саяхан. Аймгийн ИТХ-ын 1995 оны тавдугаар хуралдааны 5/4 тоот тогтоолоор Ховд аймагт тухайн онд агнах тарваганы дээд хязгаар тогтоосноор Чандмань, Дарви, Буянт сум 700-1200 Алтай, Дуут,Мөнххайрхан суманд 4500-5450 гэхчлэн Дөргөн сумаас бусдад агнах албан ёсноор батлаж байсан нь хамгийн сүүлчийнх шийдвэр бололтой. Үүнээс хойш түүнээс цааш тарвага агналт орон нутгийн мэдлээс гарсны балагаар олон ястны өлгий нутагт тарвага гэдэг амьтан мөхөл рүүгээ хурдан явсан гашуун сургамжтай.

Тэр үеийн Аймгийн ХБУ газраас эрхлэн сумдын ХБА-н дарга түүхий эдийн эрхлэгч, анчдын хамтарсан зөвөлгөөн, үзүүлэх сургалт Цэцэг, Мөст сумын зааг нутагт зохион байгуулагдан тогтоосон цагийн хамгийн олон тарвага агнасан анчин олон тарвага өвчдөг зэргийг  шалгаруулан бор эсгий, нугастай толь, эрээн хоргой(хагас метр) зэргээр урамшуулж байсан тэр дов жалга өнөөдөр орчмынхоо өргөн газрыг хамран тарваганы үсгүй болсныг саяхан харахад юутай гунигтай байсан гэж санана.Амьтныг түймэрддэгийн баталгаа гэж болно.

Тарвага алж баяждаггүй гэсэн хатуу сургааль байдаг.Амьтны амь хороосны олз,хүний амьжиргаанд төдийлэн нэмэр болдоггүй. Эх орны эзэн монголчууд ил далд баялгаа ашиглан хүртэх л учиртай гагцхүү нөхөгдөж сэргээгдэггүй,устах талдаа орсон амьтан ургамлыг хайрлан хамгаалж нөхөн сэргээх бурханы хуульчилсан үүргээ мартчихсан юм биш байгаа.Нүд улаан мөнгө цагаан  гэдэг болоод байна.Байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлийн боловсрол олгох сургалт дамжаа эрхзүйн мэдлэг түгээх төдийгүй монгол хүн бүр монгол орныхоо байгаль хамгаалагч нь байх үүргээ биелүүлэх ёстой бишүү.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв орон нутгийн байгууллага тэнд ажилладаг эрхтэн дархтнууд,байцаагчид төр төмөр нүүртэй төрсөн бие махан үүрэгтэй гэдгийг хяналт шалгалтандаа хэрэгжүүлэе.Төрийн хазаарын жолоо цулбуураас буян биш бузар булай бүхэн газар авч уух ус бохирдож унаган байгаль маань сэвтээд байна.Хулгар  шарыг хулгайгаар гөрөөлөгчидтэй хууль цааз хүн ардгүй тэмцэж таслан зогсоохгүй бол гашуун сургамжтай хувь тавилан монгол тарваганд  нүүрлэх ч юм билүү залбирах минь.

Б.Балт


URL:

Нэр: web robot apps Огноо: 24 July 2018

Se l’animo ГЁ distratto.

Сэтгэгдэл бичих