Б.Туяа: Хүүхдийн дүр бүтээх дуу хоолой, мэдрэмж бэлэглэсэнд баярладаг

Хүүхдийн дүрийг гарамгай бүтээдэг жүжигчдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяаг ярилцлагын зочноор урилаа. Тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, урлаг гэдэг их айлын гишүүн болоод 40 жилийг үдэж байгаа тэрбээр бие даасан тоглолтоо энэ сарын 23-нд Бөхийн өргөөнд хийх гэж байгаа юм.

-Жаахан цэрэг, хөгжилтэй, өхөөрдөм хүүхдэд тоглож, бяцхан үзэгч, монголчуудын сэтгэлд хоногштол дүрээ амилуулж чадсан таныг тоглолт хийх гэж байгаа талаар сонслоо. Жүжиглэж, дуулж, бүжиглэдэг таниас үзэгчид их л сонирхолтой тоглолт хүлээж байгаа болов уу?

-Би анх 1976 онд Хүүхдийн театрт жүжигчнээр орсон. Түүнээс хойш40-өөд жил уран бүтээлд тоглолоо. Энэ хугацаанд олон тоглолт хийсэн. Гэхдээ хэзээ ч хөгжмийн зохиолчтой хамтарч байгаагүй. Хошин урлагийн жүжигчидтэйгээ тоглодог байлаа. Энэ удаагийн тоглолтоо хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан М.Туяатай хамтран хийхээр бэлтгэж байна. Энэ үеэр Хүүхдийн театрт ажиллаж байсан уран бүтээлчдийн дурсамж ярилцлагаас бүрдсэн номоо гаргах бодолтой явна. 1950 онд үүсгэн байгуулсан Хүүхдийн театрт Монголын нэр хүндтэй, олон арван уран бүтээлч ажилладаг байсан. Гэсэн ч одоо энэ театрын талаар мэдэх хүн ховор болжээ. Тиймээс би “Бид театраа дурсана” нэвтрүүлэг хийж, үзэгчдэдээ толилуулсан. Ер нь Хүүхдийн театрын уран бүтээлчид өмч хувьчлалын үед өөрсдөө ч мэдэхгүй үйл ажиллагаа нь зогсч, тарчихсан юм шүү дээ. Энэ надад үнэхээр харамсалтай санагддаг.

-Амидаа уран бүтээлчтэйгээ хамтран тоглолт хийх болсон нь тохиолдлын хэрэг биш байх. Та хоёрыг хамтрахад юу хөшүүрэг болсон бэ?

-Хөгжмийн зохиолч М.Туяагийн дуунууд нь их чамин. Бас хүүхдийн олон дуутай зэрэг нь биднийг хамтран тоглолт хийхэд дөхөм болсон.

-Тоглолтод таны алтан партнер Монгол Улсын гавьяат жүжигчин М.Батзаяа болон бусад тайзнаа хамтран тоглож байсан уран бүтээлч ирнэ гэдэгт итгэлтэй байна?

-Жүжигчдээс ирүүлэхгүй. Яагаад гэвэл өөрийнхөө номерыг яаж багтаах вэ гэж бодож байна. Би дуулж, бүжиглэмээр байна. Тоглолтын цаг бага болохоор заавал нэг продакшн авчирч тоглуулах шаардлагагүй гэж бодсон. Тоглолтын үеэр би өөрийнхөө зохиосон шүлгийг уншина. Өмнөх тоглолтынхоо үеэр би өөрийнхөө зохиосон шүлгээ уншиж байгаагүй. Бас үндэсний хөгжмийнхөнтэй дуулъя гэж бодож байгаа.

-Таныг хошин урлагийнхан “ээж” хэмээн хүндэлдэг. Энэ нэрийг танд хэн өгсөн юм бэ?

-Намайг хүмүүс “ээж”, “хатан хаан” гэдэг л юм. Гоё тодотгол. Гэхдээ Монголын хэмжээнд намайг хошин урлагийн “ээж” нь гэвэл болохгүй л дээ. Харин орчин үеийн хошин урлагийн хэмжээнд яривал тэгж хэлж болох байх. Би Хүүхдийн театрт орчихоод “Инээдэм-76” гэсэн анхны хөтөлбөрт нь оролцсон. Түүнээс хойш хошин урлагийн салбарт ажиллаж байна. 1990 онд ардчилал өрнөж хүмүүс дуртай зүйлээ хийх боломжтой болсон. Үүнээс би жинхэнэ ардчилалтайгаа үлдсэн зүйл бол хошин урлаг гэж хэлэх гээд байгаа юм. Социализмын үед энэ хаалттай байсан. Дуучин хүн дуулж, жүжигчин нь жүжиглэдэг баригдмал байсан. Ардчиллын үед нийгэм өөрчлөгдсөн учраас зөвхөн дөрөвдүгээр сарын 1-нд тоглодог байсан хөтөлбөрийг байнга тоглодог болсон. Тэр үед хүмүүст үнэхээр инээд хэрэгтэй байсан. Тиймээс жүжигчин М.Батзаяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Амгалан бид нар хошин урлагийн театрыг үүсгэн байгуулахаар зориглож гарсан. Тэдгээрээс хамгийн ахмад нь би байсан юм.

-Та бүхнийг анхлан зориглож гарсан тэр үеийн үзэгчид өнөөгийнхөөс тоглолтыг хүлээн авч буй байдлаараа ялгаатай байсан уу?

-Харьцуулшгүй байсан. Тэр үед хошин урлагийн тоглолт цөөн болдог байсан учраас сэдэв дундардаггүй байжээ. Жүжигчдэд тоглолтоор дамжуулан үзэгчдэд хэлэх зүйл маш их. Ж.Барамсай гуайн нэг өгүүлэл байдаг. “Даргаа шүүмжлэхээр ажлаас халагдах гээд, эхнэрээ шүүмжлэхээр гэрээсээ хөөгдөх гээд, хүүхдээ шүүмжлэхээр гомдоочих гээд, хүүхдийнхээ багшийг шүүмжлэхээр хүүхэд нь сургуульгүй болчихоор эцэст нь алаг муураа шүүмжилье дээ” гэдэг. Тэгэхээр тэр үед ийм л байсан байна. Одоо хошин урлагийн продакшн нь ч, жүжигчин ч олон болжээ. Тэдэнд тоглолтын сэдэв олоход нь амаргүй болсон байна. Тэр үед тоглолтод санаа нийлсэн тавхан хүн байсан бол одоо нэг продакшн 40 хүнтэй байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз. Үзэгчдийн хувьд инээд гэдэг харьцангуй шинэ зүйл байсан учир юу ч байсан инээдэг. Гэтэл өнөө цагийн үзэгчид хошин урлагийн тоглолтыг шүүмжлэгчийн нүдээр харж, үзэж байна.

-Та амьдрал баян болохоор тоглолтын сэдэв олон гэлээ. Гэхдээ тэр сэдвийг инээдэмтэй болгон хачирлаж чадахгүй бол мянга сайн сэдэв оллоо гээд “амилахгүй” шүү дээ?

-Ерөөсөө л тийм. Инээдмийн эсрэг талд эмгэнэл оршдог. Эмгэнэлтэй зүйлийг олж хараад инээдэм болгох нь жүжигчний ажил. Ингэж сэдвийг өөрчлөх амаргүй. Тэгж хөдөлмөрлөснийхөө үр дүнг үздэг болохоор жүжигчний мэргэжил сайхан. Гэхдээ худлаа үнэн дуу хоолой, царайны хувирлаар хүмүүсийг инээлгэх гээд байдаг жүжигчин одоо ч байна. Тоглож байгаа дүрдээ шингэж орж чадаагүй мөртлөө гаднах хувирлыг нь дуурайж тоглодог муу зуршил зарим хүнд гарч ирдэг. Түүнийг дотоод “өнгө”-ндөө шингээж, чин сэтгэлээсээ тоглож чадвал хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Үүнийг хийх маш хэцүү.

-Таны бүтээсэн дүрүүдээс хүүхдийнх нь илүү хүмүүсийн сэтгэлд үлдсэн юм шиг ажиглагддаг. Гэнэн цайлган, яг л байгаагаараа байгаа тийм дүрийг амилуулахад таниас хувирал, хөдөлмөр ихээхэн шаарддаг байх?

-Би Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан. Анх хүүхдийн кинонд 14 насандаа тоглосон. Тэр үеэс л би Хүүхэд залуучуудын театр миний байх ёстой газар гэдгийг ойлгосон. Угаасаа би жижигхэн биетэй. Тэгээд л хүүхдийн дүрийг бүтээгээд гаршчихсан. Тэр олон жилийн дараа одоо ч гэсэн хүүхдийн дүрийг бүтээгээд л явж байна шүү дээ. Би “Нас ахилаа, хүүхдийн дүрийг бүтээвэл муухай харагдах байх. Больё” гэхээр хүмүүс надаас “Хүүхдийн дүрд тоглоод өгөөч” гэж гуйдаг. Одоо хүртэл хүүхдийн төрсөн өдөрт намайг урьж тоглуулж байна. Энэ миний мундгийнх биш. Үзэгчид надад маш их итгэж байгаагийн илрэл. Тэгэхээр хүүхдийн дүрд тоглох миний мэргэшсэн ажил гэж боддог. Би хүүхдүүдэд зориулан “Мөрөөдлийн” нэртэй фонаграммтай дууны цомгоо гаргасан. Хүүхдийн дуунд фонаграмм бичүүлэхэд үнэтэй байдаг. Тиймээс урлагийн үзлэг, уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа хүмүүс миний цомгийг их авдаг.

-Урлагт зүтгэсэн 40 жилийн хугацаанд таны авсан хамгийн том шагнал юу байв?

-Тайзан дээр гарч үзэгчдээ мэдрэх мэдрэмж юм уу даа. Хэрвээ би тайзан дээр тааруухан жүжиглэвэл үзэгчдийн алга ташихыг сонсч чадахгүй. Тийм байдалд орвол би маш их гутарна. Гэхдээ надад азаар тийм зүйл тохиолдож байгаагүй. Би үзэгчдийн алга ташилтад л хайртай. Үзэгчдийн алга ташилт бидний хувьд шагнал болдог. Бас ард түмэн дунд “гавьяат аа” гэж хэлүүлж байгаа нь надад том шагнал. Дээр нь аав, ээжээс хүүхдийн дүр бүтээх боломжтой ийм хөөрхөн бие, дуу хоолой, мэдрэмжийг бэлэглэсэнд баярладаг.

-Та гэрээсээ ганцаараа ийм жижиг биетэй юү?

-Гэр бүлээрээ намхан, бандгар шүү дээ. /инээв/

-Танай гэр бүлийнхнийг урлагт элэгтэй гэж сонсч байсан. Тэр дундаас тань шиг энэ салбарт ажиллаж байгаа хүн байна уу?

-Байхгүй. Гэхдээ миний ээж маш их авьяастай хүн байсан. Ээж эмч мэргэжилтэй ч хамт ажиллаж байсан хүмүүс ээжийг амьд сэрүүн байсан бол өдийд Ардын жүжигчин болчих байсан гэсэн. Ээж минь бурхны орон руу эрт явсан л даа. Гэхдээ таван хүүхэд нь ээжийнхээ авьяасыг нэг нэгээр нь өвлөсөн гэж би боддог. Тиймээс дүү нар маань их сайхан дуулдаг. Манай эгч сайхан хөгжим тоглодог. Ингээд бодохоор явж явж хамгийн муу нь би байгаа юм. /инээв/ Манай аав 80 нэлээд хол гарсан хүн бий. Би аавдаа“Таны хүүхдүүд мундаг тийм ээ. Хамгийн муу нь би тийм үү” гэхэд аав тоглоод“тийм” гэдэг. Тэгэхээр нь би“Та мундаг юм аа. Таны хамгийн муу хүүхэд гавьяат” гэж цаашлуулдаг.

-Тоглолтдоо та үндэсний хөгжимтэй дуулна гэсэн. Ер нь та хэдэн наснаасаа дуулсан бэ?

-Би одоогийн Соёлын төв өргөөний суурин дээр төрсөн. “Зориг сан”-гийн байр хүүхдийн цэцэрлэг байсан. Тэр үед аав маань Налайхын уурхайн намын хороонд хуваарилагдаад намайг дөрвөн настай байхад тийшээ явсан. Тэгээд л Налайхын соёлын ордны сайн дурын уран сайханч болсон. Тэнд би дуулж, бүжиглэж, нугардаг байсан. Тэгээд хойно хотод ирснийхээ дараа ичээд нугарахаа больсон.

-Хотод ирснийхээ дараа таныг дуу оруулагч хийж байсан гэсэн. Тэр үед та алтан үеийн гэгддэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэднээс их зүйл сурсан болов уу?

-Ингэж асуувал олон хүний талаар ярих хэрэг гарна. Тэгэхээр 1974 оны киноноос эхэлж ярья. Налайхаас ирээд хотын олон гоё охид, хөвгүүдтэй шалгалт өгч кинонд тоглохоор тэнцэж байсан. Тэр кинонд тоглочихоод өөрөө өөртөө дуу оруулсан. Түүнээс эхлэн би орчуулгын кинонд ажиллахаар болсон. Тэнд ёстой алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллаж их зүйл сурсан. Д.Чимэд-Осор, С.Гэндэн, У.Осор, М.Дагийранз, Л.Цэнд-Аюуш гэсэн мундгуудтай тэр үед хамт ажилласан. Орой болгон хичээлээ тараад дуу оруулахаар явдаг байсан. Тэр үед орчуулгын кинонд дуу оруулахдаа амны хайрцгаас эхлээд амьсгааг нь хүртэл тааруулдаг. Алтан үеийнхний ингэж ажиллахыг харсаар байгаад би урлагт дурлаж, тэр хүмүүст хайртай болсон. Тэндээс жүжигчин болъё гэдэг бодол төрсөн дөө.

-Хүүхэд залуучуудын театрын үеэс л Монгол Улсын гавьяат жүжигчин М.Батзаяа та хоёр хамтран уран бүтээлд тоглосон. Сүүлд ч гэсэн зарим дэлгэцийн бүтээлд хамт тоглосон. Үүнээс та хоёрыг алтан партнер гэж хэлж болно гэж бодож байна?

-М.Батзаяа 1978 онд сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ирсэн. Ирснийх нь дараахан бид“Эрх хүүхэд” гэдэг номер бэлтгэсэн. Тэр үед М.Батзаяа “Хөдөөгийн баясгалан”, “Мартагдашгүй намар” кинонд тоглочихсон байсан учраас нэгнээ таньдаг. Ийм сайн жүжигчинтэй партнер болсондоо маш их баярладаг. М.Батзаяа маань их нойртой, унтамхай. Би эсрэгээрээ их сэргэг байсан. Тиймээс намайг М.Батзаяагийн “дуудагч” гэдэг байлаа.

-Уран бүтээлчид өөрийнхөө үйл хэргийг хэн нэгэндээ өвлүүлдэг болсон. Таны гэр бүлд мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юү?

-Байхгүй. Би өөрөө ч гэрээсээ ганцаараа урлагийн хүн. Гэхдээ урлагт бүгдээрээ хайртай. Би дөрвөн хүүхэдтэй, бүгд сурлага сайтай. Тийм болохоор арай өөр мэргэжил эзэмшсэн. Тэгээд ч би тэдэнд өөр мэргэжил эзэмшихийг зөвлөсөн. Жүжигчин цаг завгүй мэргэжил шүү дээ. Харин яаж хэдэн хүүхдээ төрүүлж өсгөсөн юм бэ гэж боддог.

-Урлаг эмэгтэй хүний хувьд хатуу гэдэг?

-Маш хатуу.

-Одоо та СУИС-д багшилж байна уу?

-Үгүй. “Лектор” төвд ярих ур чадвараас гадна харилцааны гоо зүйн хичээл заадаг. Ерөнхийдөө чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Хүмүүс намайг багшилж байгаа гэж боддог. Би багш болоогүй ч энэ ажлыг хийхэд бэлэн болсон. Би хүүхэд байхдаа театрт орсон. Мэргэжлээрээ сураагүй учраас хожим48 настайдаа дахин сурах шаардлагатай болсон. Түүний дараа хоёр жил багшилж, багшлах эрх авсан юм. Дараа нь Боловсролын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэгээд ч завсрын ажил ерөөсөө дуусахгүй байна. Би Хүүхэд залуучуудын театраа байхгүй болсонд маш их харамсдаг. Жүжигчдийн нэрийг битгий хэл Хүүхэд залуучуудын театрыг хүмүүс мартсан байна. Театрын сайхан жүжигчид залуугаараа бурхны оронд заларчээ. Тэр хүмүүсийг би маш их өрөвддөг. /түр бодолхийлэв/. Тиймээс ном гаргах болсноо ярилцлагын эхэнд хэлсэн. Харин одоо үр дүнг нь харах л үлдэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих