“Эрдэнэс Тавантолгой”-н маргаан хэлэлцээрийн шатанд шилжлээ
“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн уурхайн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн байна. Баасан гарагт эхэлсэн ажилчдын ажил хаялт зогссон бөгөөд үйлдвэрлэл жигдэрсэн хэмээн тус компаниас мэдээллээ.
Энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 3.5 сая тонн нүүрс экспортолсон “Эрдэнэс Таван толгой” компанийг тойрсон маргаан хэлэлцээрийн шатанд үргэлжилж байна.
Сингапурт төвтэй Монгол Улсад бүртгэлтэй “TTJVCО” компанитай байгуулсан уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ багагүй асуудал үүсгэх болсон. Уг гэрээний дагуу “Эрдэнэс Таван толгой” компанийн Таван толгойн ордын зүүн Цанхийн уурхайд ажиллаж байсан 203 хүнийг дээрх компанид ажиллуулахаар болж буй. Үүнийг эсэргүүцсэн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгосноор “Эрдэнэс Таван толгой”-н асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулав.
“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагуудад “TTJVCО” компанитай байгуулсан гэрээнд заасан зарим зохицуулалтыг цуцлах, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өмнө нь удаа дараа мэдэгдсэн. Компанийн зүгээс уул уурхайн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр байгуулсан уг гэрээг үйлдвэрчний эвлэлээс ийнхүү эсэргүүцэх болсноор сар гаруйн хугацаа өнгөрч буй.
Үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлага нь компанийн стратегийн хэмжээний асуудлыг хөндсөн байсан тул тодорхой цаг хугацаа шаардлагатай байсныг “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд хэлж байна.
Гэрээний дагуу “TTJVCО” компани Таван толгойн Зүүн Цанхийн уурхайд ажиллаж байсан 203 ажилчинг өөртөө авч ажиллуулахаар болсон юм. Ажилчдын ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалингийн хэмжээг одоогийн түвшнээс бууруулахгүй байхаар компаниуд удирдлагын түвшиндээ тохиролцсон байдаг. Энэ хүрээнд “TTJVCО” дээрх ажилчдын хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах болон ажлын байрыг 33 сарын хугацаанд хадгалж ажиллах баталгаа өгч байгуулахаар болсныг өмнө нь “Эрдэнэс Таван толгой” компаниас мэдэгдсэн. Ингэснээр ажилчдын эрх ашиг бүрэн хангагдаж байгааг онцолсон удаатай.
Зүүн Цанхийн уурхайн оператор, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нь 58 настай бөгөөд тус компанид дөрөв орчим жил ажиллаж байгаа аж. Тэрбээр шокноос гаргах эмчилгээг өнөөдөр хийлгэж байгаа. Хэрэв маргаан дагуулсан “TTJVCО” компанитай байгуулсан гэрээг цуцалбал компанийн үйл ажиллагаа доголдох, санхүүгийн хувьд эрсдэлд орох магадлал өндөр аж.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ТЭР Я.БАТСУУРЬ ЗӨВ АЖИЛЛАД БСН ХҮН ДЭЭ, БУЦААЖ АЖИЛД НЬ ТАВИБАЛ ЯАСАН ЮМ БЭ ………………….. ХӨ АЙН