АН-ын PR: 10 мянган цэрэг
Сонгуулийн жилийн төсвийг УИХ-аар баталлаа. Агентлагуудыг нэгтгэх, тусгай сангуудыг татан буулгах зэрэг олон хүн дэмжих заалтуудаар өнгөлсөн ч төсөв дотор сонгуулийн нэлээд зардал бий. Тодруулбал, Арван мянган айлд хамаатай 24 тэрбум төгрөгийг Ардчилсан намынхан өнгөрсөн аравдугаар сарын 26-нд гэнэт санаачлан төсөвт тусгуулж чадлаа.
Ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нийт 10 мянган цэрэг татаж, барилга, төмөр зам дээр ажиллуулж, цалинг ар гэрт нь өгөх юм байна. Үүнийгээ “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэмээн АН-ын дарга З.Энхболд нэрлээд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга замыг нэлээд эрж хайсны эцэст төмөр зам, барилга дээр бэлэн болсон 10 мянган ажлын байрыг гадаадаас биш дотоодоосоо бүрдүүлэхээр болсон нь энэ аж.
Нэгэнт шийдвэр нь гарч, 24 тэрбум төгрөг төсөвт байгаа учир ирэх оны хаврын цэрэг татлагаас өмнө буюу нэгдүгээр сарын 1-ээс цэрэг татлага явуулж магадгүй байна. Учир нь УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гол санаа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн томоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлага эхэлнэ. Гурав, дөрөвдүгээр сараас цэргийн ангиудаар мэргэжил олгох сургалтууд явах юм. Ингээд газар гэсмэгц бүтээн байгуулалтад шилжинэ” гэжээ.
Сонгуулиас өмнө цэргүүд ажилдаа орж, цалингаа авч эхлэх нь. Цалинг нь шууд ар гэрийнхэнд нь банкаар дамжуулж өгөх төлөвлөгөө ч бий гэнэ. Сонгуулиас өмнө 10 мянган айл, цаашлаад айл бүрийн ам бүл бэлэн мөнгө гар дээрээ авч таарах нь. Энэ нь Ардчилсан намынхны эдийн засгийн хямралаас аврах арга биш арван зургаан оных нь сонгуулийн пи-ар аж. Иргэд бэлэн мөнгөөр саналаа худалдаад сурчихсан ч гэлээ сонгуулиар мөнгө өгөх хориотой.
Тэгэхээр цэрэгт хүүг нь татаж, барилга, төмөр зам бариулж, гэрт нь бэлэн мөнгө өгөх нь сонгуулийн сурталчилгааны нэг арга бололтой. Сонгуулийн энэхүү шоундаа 24 тэрбум төгрөг гаргахаар улсын төсөвт суулгасан нь башир арга юм. Тэгээд ч “Цалинтай цэрэг” хөтөлбөр зарим гишүүнд нь таалагдаагүй аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бид зөв зорилгоо буруу арга замаар хэрэгжүүлж болохгүй! үнэт зүйл, зарчим, үзэл баримтлалаа санах!.
Залуусаа их бүтээн байгуулалтад оролцуулъя, мэргэжил эзэмшүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлье, ажлын байртай, орлоготой болгоё. Монголчуудын хийж чадах хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр өгөөжийг Монголдоо үлдээе гэдэг бол зөв бодлого.
Гэхдээ цэрэг, армийн хэлбэрээр биш” хэмээн твиттер хуудастаа бичсэн байлаа. Олон залууг ажилтай, орлоготой болгох нь сайн санаачилга ч гэлээ зорилго нь буруу зүйл рүү чиглэснийг дээрх гишүүн ил хэлчихэж.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: