Био цагаа дагаж чадвал урт насална
Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.
Иймээс хүн бүр өөрийн био цагийн бага ч гэсэн ойлголттой явж байхад илүүдэх зүйл ер үгүй. Дундаж хүний био цагийн хэмнэлийн талаарх бага зэрэг ойлголт өгөх зорилгоор товч танилцуулж байна. Хүний био цаг нь гадаа хүйтэн, эсвэл халуун байна уу, ажилдаа яарч байна уу, найрлаад сууж байна уу ер хамаагүй өөрийн гэсэн хэмнэлээрээ тасралтгүй явсаар байдаг.
01 цаг
Хүний биеийн ажиллах чадвар хамгийн бага байна. Элэг нь оройн хоолоор дамжин бие махбодид орж ирсэн бодисуудын солилцоонд идэвхтэй оролцож байдаг болохоор энэ үед буюу, 24 цагаасхойш согтууруулах ундаа даах чадвар нэлээн мууддаг. Мөн хүний биеийн дулаан, цусны даралт багассан байдаг болохоор эрчимтэй, идэвхтэй ажиллах чадвар багассан байна. Нойрны гормон буюу нойрны даавар гэгддэг мелатонин эрчимтэйгээр ялгарна.
02 цаг
Харааны чадвар буурдаг. Иймд жолооны ард суугаа хүмүүсийн самбаачлах хурд нь нэлээд багсдаг тул аваар осол гарах тоо ч нэмэгддэг. Хүйтэнд их мэдрэг болдог тул ихэнх хүн өдийд бээрдэг. Элэгний үйл ажиллагаа хамгийн дээд цэг рүүгээ ойртон хүний бие дэх хортой бодисуудыг эрчимтэй саармагжуулж байна.
03 цаг
Нойрны даавар мелатонины нөлөөгөөр хүний бие махбодь суларч, сулбагар идэвхгүй болсон байх тул сэтгэл гутралд нь өртөмтгий хүмүүс яг өдийд тун таагүй байдлаар сэрдэг. Үүнийг дагаад амиа хорлох оролдлогын тоо ч өснө. Нарны гэрэл нь мелатонины ялгаруулалтыг дарангуйлдаг болохоор өдрийн цагаар хүн идэвхтэй, сэтгэл санаа нь өөдрөг явдг.
04 цаг
Тархи нь хүний бие махбодийг өглөөний сэрэлтэнд бэлдэж эхэлнэ. Үүний тулд стрессийн гормон гэгддэг кортизоныг ялгаруулна. Үр дүнд нь хүний бие махбодь сэрснээс хойш өдрийн турш их бага тодорхой хэмжээгээр орох стрессийн нөхцөл байдалд бэлтгэгдэж эхэлдэг. Гэвч энэ нь зүрх судасны системд тийм ч сайнгүй нөлөө үзүүлдэг тул зүрхээр өвдөх, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн сөрөг талтай. Мөн уушигны гуурсан хоолой нарийссан байдаг тул багтраатай хүмүүст яг өдийд ихээхэн хэцүү байдаг. Элэгний үйл ажиллагааны эрчим хамгийн дээд цэгтээ тулна. Хүний бие махбодь нь яг өдийд болон 16,00 цагт инсулинд маш сайн хүлээж авдаг гэдгийг чихрийн шижинтэй хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй.
05 цаг
Эрэгтэй хүний бие махбодид тестостерон нэртэй бэлгийн гормон хамгийн ихээхэл ялгаруулна. Мөн дээр дурдагдсан кортизон нэртэй нэртэй дааврын ялгаруулалт дээд хэмжээндээ хүрнэ. Үр дүнд нь цусан дахь кортизоны агуулга өдрийнхөөс зургаа дахин өндөр болдог тул зарим эмч нар яг өдийд эм уухыг зөвлөдөг.
06 цаг
Кортизон нь бие махбодид цагны сэрүүлэгтэй адил нөлөө үзүүлнэ. Биеийн бодисын ерөнхий солилцоо идэвхжиж, цусан дахь сахар ба амин хүчил г.м. эдийн шинэ эсийг байгуулахад шаардлагатай бусад бодисуудын хэмжэ нэмэгдэж, өдрийхн турш хүнд шаардагдах эрч хүч, энерги бэлтгэгдэнэ. Энэ үед цусны даралт буурах нөлөөтэй болон бета блокираторууд /хүний бие махбоди дахь адреналин ба түүнтэй төстэй органик нэгдлүүдийн үйлчилгээг сулруулагч эмийн бэлдмэлүүд/ зэргийн үйлчилгээ хамгийн үр ашигтай болж өгдөг. Харин никотин болон хоол хүнсний хорыг даач чадвар нь эрс буурна. Тэгэхээр өдийд, тэр тусам өлөн элгэн дээрээ татсан тамхи нь орой татсан тамхинаас хавьгүй илүү хор хүргэдэг. Архич мөн адил өдийд уусан архины нөлөө орой усныхаас хоёр дахин илүү хүндээр тусна.
07 цаг
Өдийд идсэн хоолны нүүрс усны дийлэнхийг хүний бие махбодь эрч хүч болгон задлаж хэрэглэдэг бол адил хэмжээтэйгээр оройд идсэн хоолны нүүрс усыг өөх болгон хадгалдаг. Тиймээс өдийд идэж байгаа хоолны илчлэх 2000 ккалориос багагүй байх ёстой гэж хоол судлаач мэргэжилтнүүд үздэг. Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа эрчимжиж эхэлнэ. Тиймээс яг өдийд хүндээр бие засах нь хамгийн тохиромжтой бөгөөд ингэвэл ажлын чадвар, тэсвэр тэвчээр зэрэг их сайн нөлөө үзүүлнэ.
08 цаг
Булчирхайнууд хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй олон төрлийн даавруудыг ялгаруулна. Өдрийн турш ажиллахад бэлдэж байгаа хэрэг. Гэхдээ үед өвчин мэдрэх чадвар эрс нэмэгддэг бөгөөд элдэв архаг хууч хөдөлнө. Эрчүүдийн бэлгийн даавры хэмжээ өндөр болно. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд бэлгийн хавьталд ороход тохиромжтой цаг.
09 цаг
Ходоодны үйл ажиллагаа эрчимжинэ. Энэ үед хийгдсэн вакцин нь бусад цагт хийлгэсэн вакцинаас хавьгүй бага сөрөг үр дагавартай байдаг. Мөн рентген туяаг даах чадвар нэмэгддэг болохоор туяа эмчилгээг хүн хавьгүй сайн даадаг.
10 цаг
Биеийн дулаан ба ажиллах чадвар дээд цэгтээ хүрнэ. Түр санах ой санамжийн үйл ажиллагаа маш сайн байдаг. Харин удаан хугацааны ой санамжийн хамгийн идэвхтэй цаг нь үдийн хоолны дараах цагуудад ирдэг. Тэгэхээр 9-10 цагийн үед уншсан зүйлсийг хүн 15 цагт уншиснаас хавьгүй хурдан тогтоож авдаг ч хэд хоногийн дараа гэхэд мартсан байдаг. Харин үдээс хойш уншсан зүйлсийг тогтоож авах нь хэцүү ч ой санамжинд хавьгүй удаан хадгалагдана. Тэгэхээр өдийд уншсан зүйлээ өдрийн хоолны дараа дахин давтаж унших нь ямар нэг мэдээллийг тогтоож авах хамгийн зохистой арга юм. Тоо бодох чадвар мөн өдийд хамгийн сайн байна.
11 цаг
Ажиллах чадвар урдын адил өндөр байна. Ялангуяа тоо бодох чадвар. Тиймээс 9-12 цагийн хооронд орсон тооны хичээлийг хүүхдүүд хамгийн сайн ойлгож, хэрэгжүүлдэг. Энэ чадвар нь оройдоо 16,30-18,00 цагийн хооронд дахин сэргэнэ. Зүрхний үйл ажиллагаа мөн л сайн байх тул өдийд хийгдсэн үзлэгээр зүрхний зарим эмгэг анзаарагдахгүй өнгөрч болзошгүй. Үүнтэй зэрэгцэн зүрхний мэдрэмтгий чанар нэмэгддэг бөгөөд стрессийн хариуд цохилох нь тоо нь оройныхоос олон байдаг. Гэсэн хэдий ч өдийд гимнастик хийхийг хамгийн тохиромжтой гэж үзнэ.
12 цаг
Ходоодны хүчил ялгаралт нэмэгдэнэ. Өлсөнө. Улмаар удахгүй идэх хоолыг хүлээн авахад бэлдэхийн тулд цус хоол боловсруулах эрхтэнүүд рүү түлхүү чиглэх тул тархины үйл ажиллагааны эрч буурна. Өглөө сэрэхээс эхэлсэн идэвхтэй үе дуусч амрах шаардлага гарна. Тиймээс яг өдийд цаг, цаг хагас ч гэсэн унтаж амардаг хүмүүс нь ажилласан хэвээр байдаг хүмүүсийнхээс 30% бага зүрхний шигдээс үүсдэг. Тэгээд ч тархины цусан хангамж багассантай холбоотойгоор нойр аяндаа хүрдэг.
13 цаг
Цөсний үйл ажиллагаа эрчимжинэ. Тиймээс цөөс хөөх үйлчилгээтэй эмийн нөлөө хамгийн сайн байдаг. Ажиллах чадвар өдрийн дунджаас 20% буурсан байна.
14 цаг
Цусны даралт, дааврын түвшин буурна. Цуцалт их мэдрэгддэг ч сэргэхийн тулд хэдэн минут хэвтэж амрахад л хангалттай. Оюутан сурагчдын хувьд гэрийн даалгавар хийхэд хамгийн тохиромжтой үе. Урт хугацааны санах ой нь хамгийн сайн ажиллаж байдаг болохоор өглөөд үзсэн зүйлээ дахин нэг давтах хэрэгтэй. Шүд, арьсны өвчин мэдрэх чадвар хамгийн бага байдаг тул өвчин намдаах үйлчилгээ нь өглөөнийхөөс гурав дахин илүү үйлчилдэг. Тэгэхээр шүдний эмчид үзүүлэх, хэсэг газар бага зэрэг мэс ажилбар хийх зэрэг хамгийн тохиромжтой цаг.
15 цаг
Ажлын чадвар ахин сэргэж дээд цэгтээ хүрнэ.
16 цаг
Цусны даралт нэмэгдэнэ. Тамирчид яг өдийд хамгийн өндөр үзүүлэлт гаргадаг. Өдийд хийсэн бэлтгэлийн үр дүн ч өндөр байна. Тийм ч бтлохоор хөнгөн атлетикийн тэмцээний шигшээ тоглолтуудыг яг өдийд явагддаг. Хүчиллэгт нөлөөлдөг эм бэлдмэлийн нөлөө маш өндөр болж ирнэ.
17 цаг
Эрч хүч илэрхий нэмэгдэнэ. Бөөр, давсаг идэвхтэй ажиллана. 16-18 цагуудын хооронд хумс, үс бусад үеийнхээс хавьгүй илүү хурдан ургаж байдаг.
18 цаг
Нойр булчирхай өндөр идэвхтэй байна. Согтууруулах ундааг боловсруулах элэгний чадвар сайн байна. Амьсгалын эрхтэнүүдийн үйл ажиллагаа эрчимтэй болно.
19 цаг
Судасны лугшилт удааширна. Цусны даралт бууруулдаг эмийн үйлчилгээ эрс нэмэгддэг болохоор их болгоомжтой хэрэглэж байх хэрэгтэй. Төв мэдрэлийн системийн хямрал, хоол боловсруулах эрхтэнүүдэд нөлөөтэй эм бэлдмэл хэрэглэхэд тохиромжтой цаг. Бөөрний үйл ажиллагааны эрчим дээд цэгтээ тулна.
20 цаг
Элгэн дээх тосны агуулга буурч, судасны лугшилтын давтамж нэмэгдэнэ. Өдийд уусан, тарьсан антиобиотикийн өчүүхэн тун ч гэсэн бие махбодид маш сайн нөлөө үзүүлнэ. /үйлчилгээ нь өглөөний 4 цаг хүртэл/ Хамгийн зохимжтой цаг нь 20,32 бөгөөд гаж нөлөө барагтай бол ажиглагддаггүй. Харшил, багтраагийн эсрэг эм, сэтгэл гутралыг засах бэлдмэлүүдийн үр нөлөө илүү сайн болно.
21 цаг
Бие махбодь шөнийн амралтандаа бэлдэж эхэлнэ. Энэ үед хэт их идэх хэрэггүй. Өдийд идсэн хоолны шингэц өглөө болтол үргэлжилдэг бөгөөд өөх ихээхэн хуримтлах нөхцөл бүрдэнэ.
22 цаг
Ажиллах чадвар огцом буурна. Цусан дахь цагаан эсийн тоо нэмэгдэнэ. Шөнө хүний бие махбодийн хордлогыг эсэргүүцэх чадвар эрс буурдаг болохоор гаж нөлөө ихтэй эм бэлдмэл уухгүй байсан нь дээр.
23 цаг
Бодисын солилцоо буурахыг даган цусны даралт, судасны лугшилтын давтамж, биеийн дулаан буурч, анхаарлаа төвлөрүүлэх ажиллах чадвар багасна. Кортизоны ялгаралт зогсоно.
24 цаг
Арьсны эрчимтэйгээр нөхөн төлжинө. Эсүүд нь өдрийнхөөс илүү хурдтай хуваагдаж байдаг. Элэг, цөсөөр хатгуулах магадлал өндөр болно. Хэсэг газрын цусны эргэлт алдагдахтай зэрэгцэн цусны даралт буурч, судасны лугшилтын давтамж цөөрөхтэй холбоотойгоор тархины цус харвалт буюу инсульт үүсэх эрсдэл өндөр болно. Эмэгтэйчүүдийн хувьд төрөх үеийн базлалт -ыг удирддаг дааврын нөлөө маш өндөр байдаг бөгөөд ийм ч учраас шөнөдөө өдрийнхөөс хоёр дахин илүү олон хүүхэд төрдөг.
Хүний эрхтэнүүдийн үйл ажиллагааны хамгийн өндөр идэвхтэй байдаг цагууд
Элэг: 01 -ээс 03 цаг
Уушиг: 03 -аас 05 цаг
Бүдүүн гэдэс 05-аас 07 цаг
Ходоод: 07-оос 9цаг
Дэлүү, нойр булчирхай: 09 цагаас 11 цаг
Зүрх: 11-ээс 13 цаг
Нарийн гэдэс: 13-аас 15 цаг
Давсаг: 15 -аас 17 цаг
Бөөр: 17-оос 19 цаг
Цусны эргэлтэнд оролцдог эрхтэнүүд, бэлиг эрхтэн – 19 -өөс 21 цаг
Цөс : 23-аас 01цаг
Энд танилцуулж байгаа био цагийн хэмнэл нь дундаж. Тэгэхээр бодит амьдрал дээр таных энэ жишигээс нэг цагийн наана цаана ялгаатай байж болно. Иймд өөрийн бодит био цагийг тодорхойлохын тулд хоёр долоо хоног орчим өдрийн тэмдэглэл хөтөлж, өдрийн турш ажиллах чадвар, ой тогтоол, эрч хүч, дур хүсэл г.м. зүйлс хэрхэн өөрчлөгдөж, ихэсч багасч байгааг тэмдэглэн авах хэрэгтэй. Ийнхүү өөрийн био цагийг мэдэж авснаар элдэв стресс, хямрал, өвчин эмгэгээс өөрийгөө зайлуулж чадах нь гарцаагүй.
URL: