Обама, Путин хоёр уулзжээ

Туркийн Анталья хотноо болж буй “Их 20” уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан тухай Цагаан ордны албанаас мэдээллээ. Удирдагчид тусгайлан бэлдсэн өрөөнд зөвхөн орчуулагчдын хамтаар уулзсан гэнэ. Тэд хагас цаг орчим ярилцсан хэмээн “AFP” агентлаг уламжилжээ.

Обама, Путин нар Ойрхи Дорнодын хямрал болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын асуудлаар ярилцсан хэмээн гэрчүүд мэдээллээ. Гэхдээ уулзалтад орчуулагчдаас өөр хүн оролцоогүй гэдгийг Кремлийн хэвлэлийн албанаас онцолжээ. Цагаан ордны хэвлэлийн алба “удирдагчид Парисын цуврал халдлагын талаар ярилцсан” гэсэн байна.

Уулзалтаас өмнө “Их 20” удирдагчид дурсгалын зураг авахуулсан юм. Энэ үеэр Обама, Путинтэй мэндчилж, гар барьсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Герман болон Канадын удирдлага Путинтэй уулзах санал гаргаад байгааг “TASS” агентлаг дамжуулжээ.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих