Бүх Оросын анхны хаан, Батын удмын Догшин Иван хүүгээ хөнөөсөн нь
Догшин хэмээх Иван 1547 онд бүх Оросын анхны их хаанаар өргөмжлөгдсөн түүхтэй. Тэрээр эцгийнхээ талаас Москвагийн ван Рюриковичийнхны удмынх бол эхийн талаас Чингис хааны ач, Алтан ордыг байгуулсан Батын удмын хүн байсан гэдэг. Догшин Иваны удирдлага дор Оросын хаант улс хөрш зэргэлдээ гүрнүүдтэй амжилттай дайтан эзэмшлээ хоёр дахин тэлж газар нутгийн хувьд баруун Европоос анх удаа илүү том болсон байдаг.
Хэрцгий зан авираараа алдартай Догшин Иван 1582 оны арваннэгдүгээр сарын 16-нд уур хилэнгээ барьж чадалгүй өөрөөс нь дутахгүй догшин том хүү Иваныг хэрцгийгээр хороожээ. Ингэснээр Орост Рюриковичийн удмынхны нэр нөлөө багасан улмаар Их Петрээс эхлэн Романовынхан тус улсын хаан ширээг эзэрхэх болсон түүхтэй.
МЭӨ 42 ОН
Эртний Ромын эзэнт гүрний эзэн хаан Тиберий мэндэлжээ. Түүний үед Ромын эзэнт гүрний доройтсон эдийн засаг эргэн сэргэж, шинэ газар нутаг эзлэн түрэмгийлэхээс илүүтэй хил хязгаараа хамгаалан орон нутгаа хөгжүүлэхэд анхаарсан нь үр дүнд хүрчээ. Чухам Тиберийг хаан байхад Палестинд шинэ шашны номлогч Есүс Христийг цовдлон цаазалсан билээ.
1532 ОН
Испанийн жанжин Франсиско Писарро 200 хүрэхгүй цэргийн хамт орчин үеийн Перуд нэвтрэн орж инкуудын эзэнт гүрний их хаан Атауалпаг 5000 цэргийнх нь өмнө заль хэрэглэн олзолжээ. Атауалпаг чөлөөлбөл хоригдсон хонгилоо алтаар дүүргэнэ гэж амласан ч Франсиско Писарро түүнийг цаазалсан гэдэг. Ингэснээр Өмнөд Америкийн дийлэнх хэсгийг хянаж байсан инкуудын аварга том гүрэн бүрэн устжээ.
1869 ОН
Египетэд Газрын дундад тэнгисийг Улаан тэнгистэй холбосноор Ази, Европын хамгийн дөт усан зам болсон Суэцийн сувгийг Египетэд албан ёсоор нээжээ. Тус суваг өнөөг хүртэл Египетийн гол орлогын нэг байсаар байна.
1918 ОН
Унгар улс Габсбургийн удмынхны Австри-Унгарын хаант улсаас туурга тусгаарлаж, Будапешт хотод нийслэлтэй бүгд найрамдах улс болсноо зарлан тунхаглажээ.
1945 ОН
Лондон хотноо 37 улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулан НҮБ-ын дэргэдэх Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-г үүсгэн байгуулжээ. Парист төвтэй ЮНЕСКО нь өдгөө дэлхийн 191 орныг нэгтгэдэг олон улсын байгууллага юм.
Б.Барс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: