“Эрдэнэс Тавантолгой” ба С.Эрдэнэ
Мэдээлэл хийхээсээ өмнө сэтгүүлчдэд С.Эрдэнэ өөрийн гарын үсэг, тамга тэмдэгтэй хэвлэлийн хурал тарааж өгсөн бөгөөд ойролцоогоор 10 минут ярив. Тэрээр “Бид компанийнхаа удирдлагыг эхнээсээ Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан ажилчин хүнийг боолчлон дорд үзэж, тодорхойгүй нөхцөлтэйгөөр өөр компанид зарсан гэж үзэж байна. Тус үйлдэлд арга хэмжээ авахыг ТУЗ-өөс шаардаж дахин уулзалт хийж, дүгнэлт гаргуулахыг хүссэн. Харин тэд өөрийн эрх ашгийн хүрээнд удирдлагын алдаатай шийдвэрийг хүлээн зөвшөөрч, бидний эрх ашгийг ноцтой зөрчлөө. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагаас “ТТ JV Со” компанитай гэрээ хийхдээ англи хэлээр хийсэн. Энэ нь гэрээний заалтуудыг хожим будлиантуулах төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Монгол Улсын төрийг ингэж доромжилж болдог юмуу. Бид ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн талаар албан ёсны шийдвэрийг бичгээр, монгол хэлээр өгөхийг шаардаж өргөдөл өгсөн. Өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Энэ сарын 20-ноос өмнө Ачилтын компани байгуулах сонгон шалгаруулалтаа дуусгаж 36 хүнийг ажлаас хална. Мөн арванхоёрдугаар сард бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтан халах гэж байна. Би энэ үйл ажиллагаатай тууштай тэмцэнэ. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна гэж ярьсан юм. Мөн тэрээр “Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн” гэж хэлээд өөр лүүгээ асаагуур асаасан юм.
Гал гэнэт асч эхлэхэд С.Эрдэнийн дэргэд байсан залуус болон NBS телевизийн сэтгүүлч залуу өмсөж явсан гадуур хувцасаараа галыг цохиж, ТВ-9 телевизийн зураглаач залуу галын хор авчирч галыг унтраасан юм. Тухайн үед хэвлэлийн хурал хийж байсан гурван хүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн нийлээд 15-20 хүн мэдээллийн танхимд байв. Гал унтарч хүмүүс түүн рүү ус цацахаар асууж эхлэхэд С.Эрдэнэтэй ирсэн залуу “Эрдэнэ ах өөрийгөө шатаачихлаа. Яагаад ингэж байгаа юм бол” хэмээн гайхаж байгаагаа хэлж байв. Танхим битүү утаагаар дүүрч тэнд байсан хүмүүс сандран эмнэлэг, гал команд дуудсан бөгөөд С.Эрдэнэтэй хамт ирсэн хүмүүс гадуур хувцсан дээрээ түүнийг хэвтүүлэн агаар амьсгалуулахаар авч гарсан ч тэрээр гадуур хувцсаа тайлаад Чингисийн талбай дээгүүр алхаж ажлын өрөөндөө очсон юм. Энэ үеэр түүнийг эмнэлгийнхэн авч явсан байна.
П.Гэрэлтсансар: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ҮНЭНИЙГ ТОГТООХ БИЗ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан үйлдийн дараа тус компанийн зүгээс тухайн өдрийн 17:00 цагаас мэдээлэл хийв. Энэ үеэр Гадаад харилцаа, орон нутаг олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар “Эрдэнэс Тавантолгой” компани нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн бол “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга өөрийгөө шатаахгүйгээр хуулийн хүрээнд эрх ашгаа хамгаалж болох байсан. Өөрөөр хэлбэл, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ тухай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч энэ хуулийн боломжийг бус, эрүүл мэндээрээ хохирч, нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдэл хийсэнд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоох биз” хэмээн мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчид болон ажилчдын зүгээс гэрээний талаар тайлбар хийхийг хүссэн ч хариулах боломжгүй гэсэн юм.
Б.Түмэндэлгэр: С.ЭРДЭНЭ АХ ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙНЭ ГЭДГЭЭ ХЭНД Ч ХЭЛЭЭГҮЙ
Мөн “Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэн хэвлэлийнхэнд хандсан юм. Тус компанийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр “2015 онд МакМахон компанийн гэрээг Хятадын Сингапурт төвтэй компани худалдаж авсан. Тэр нь Монгол дахь “TTGVCO” компани. Ингээд бидэнд “Нүүрсний зах зээлтэй холбоотойгоор цаашид компани оршин тогтнох боломжгүй боллоо. Тиймээс 203 хүнийг Хятадын компанид шилжүүлэх боллоо” гэж мэдэгдсэн. Тэр гэрээнд нь ажилчдын эрх ашиг хохироох хоёр заалт байна. 18 дугаар зүйлд хүний нөөцийн бодлого, 19 дүгээр зүйлд гэрээт компаниар ажил гүйцэтгүүлэх тухай гэсэн хоёр заалт юм.
С.Эрдэнэ ахын хувьд яагаад ийм үйлдэл хийх болсныг хэлэх хэрэгтэй. Гол нь энэ асуудал өнөөдөр гэнэт яригдаж эхэлсэн биш. Компанийн үйлдвэрчний эвлэлийн зүгээс бүх шатны байгууллагад хандсан. Жишээ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Иргэдийн шударга шүүх гээд бүх газарт хандсан ч тодорхой хариу аваагүй учраас өнөөдөр ийм үйлдэл хийхэд хүрсэн. С.Эрдэнэ ах ийм үйлдэл хийнэ гэдгээ өмнө нь хэнд ч хэлээгүй. Бид суулт зарласан ч үр дүнд хүрээгүй учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн байх. Одоогоор уурхайчид ажил хаялт зарлаад байна” гэв.
ГЭРЭЭСЭЛ БИЧЭЭД АМИА ЕГҮҮТГЭХ САНАЛ ГАРЧ БАЙЖЭЭ
“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс өмнө нь буюу энэ сарын 6-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн дарга Л.Ганболдод энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хүрүүлсэн байжээ. Энэхүү мэдэгдэлд “ Уурхайн цаашдын урт хугацааны ирээдүй Монгол Улсын язгуур эрх ашиг хөндөгдөж болзошгүй “ ТТJCO” компанитай байгуулсан гэрээ нь ноцтой зүйл заалт агуулсан нь нэгэнт ил болсон. Иймд цаашид манай уурхайчдаас янз бүрийн санаа, саналууд гарч байгаад харамсаж байна. Хөдөлмөрлөх нөхцөл байдал хүндхэн боллоо. Иймд би ТУЗ-ын дарга гүйцэтгэх захирал нарт гэрээслэл бичээд амиа егүүтгэх санал хүртэл гарч буй нь харамсалтай” гэж бичжээ. Ийм ноцтой утга бүхий албан бичиг удирдлагууддаа хүргүүлээд байхад тэд энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс ажилтан нь өөрийгөө шатаахад хүрсэн бололтой.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн энэ үйлдлийн дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албаныхныг цуглуулж үүрэг даалгавар өгчээ. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өгсөн юм. Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал хандуулахыг Шадар сайдад даалгав. Мөн эмчилгээний бүх зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулжээ. Гүйцэтгэх захирал Б.Батбилэгийн оронд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгжийн захирал Т.Билгээг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
С.ЭРДЭНИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БАЙНА ГЭВ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн баасан гаригт хүргэгдсэн юм. Түүний биеийн байдал ямар байгаа талаар ар гэрийнхнээс нь тодруулахад “Эмч нар хордлого тайлах эмчилгээ хийж байна. Одоогоор арьс нөхөх мэс засалд орох талаар яригдаагүй байна. Биеийн байдал болон сэтгэл санааны хувьд хэвийн байна” гэв.
Б.Галаарид: МАНАЙХАН ОНЦГОЙ НӨХЦӨЛД ОНЦ АЖИЛЛАСАН
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан нь нийгмийн анхаарлыг татсан үйл явдал болоод байна. “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” гэх буруутгал цахим орчинд нэлээд түгсэн. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай сэтгүүлчид уулзаж энэ талаарх байр суурийг нь тодрууллаа.
-Сэтгүүлчдийг буруутгаж, муу хэлж байхад МСНЭ яагаад дуугүй байгаад байна вэ?
-Иймэрхүү онцгой нөхцөл тэр бүр үүсдэггүй. Сэтгэлийн хөөрлөөр яарсан дүгнэлт хийж болохгүй. Манай Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг ийм асуудал гарсан тухай мэдээлэл гармагц газар дээр нь очиж ажилласан. Сэтгүүлчид, “Зууны мэдээ” сонины удирдлагууд, ТВ-9 телевизийнхэнтэй уулзсан. Ингэж шуурхай ажиллахаас болохгүй. Яагаад гэвэл та бидний мэргэжил, манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Х.Батхишиг Дэд ерөнхийлөгч бид нар бодит байдал, гадуур тарж байгаа мэдээллийг харьцуулан зохих дүгнэлтээ хийчихсэн байгаа.
-Юу гэсэн дүгнэлт хийсэн бол?
-Манайхан онцгой нөхцөлд онц сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлье.
-Яагаад. Хүн үхэж байхад туслаагүй гээд буруутгаад байгаа шүү дээ?
-Харин ч эсрэгээрээ юм болсон. Манайхан хүний амь аварсан шүү дээ. “Зууны мэдээ”-гийн хэвлэлийн хурал хийдэг танхимыг та бид сайн мэднэ. Урт ширээ, арын хана хоёрын дунд олон хүн орохоор их зай байхгүй. С.Эрдэнийг шатаж байх үед унтраах гэж хамгийн түрүүнд оролдсон хүмүүсийн нэг нь манай хүн, телевизийн зураглаач залуу байсан. Тэр үед өөр өрөөнд байсан ТВ-9 телевизийн бас нэг зураглаач хонгилд байсан галын хорыг авчирч шүршээгүй бол С.Эрдэнэ амиа алдах аюул ойрхон байсан. Телевизийн ажилтан залуу галын хорыг ажиллуулах заавар журмыг мэддэг, “Зууны мэдээ” сонин, ТВ-9 телевизийн хамт олон галын аюулгүй байдлаа бүрэн сайн хангасан нь буруу болж байна уу? Хэвлэл мэдээллийнхэндээ онцгой нөхцөлд онц ажилласанд нь дахиад талархал дэвшүүлье. Бас аюултай орчноос бие биедээ саад бололгүй хурдан холдож, илүү уршигтай үр дагавраас зайлсхийх, мэргэжлийн техник хэрэгслээ хамгаалах үүргээ манайхан сайн биелүүлсэн. Өөрөөр хэлбэл манай сэтгүүлч, зураглаачид онцгой байдалд хэрхэн ажиллах талаар мэдлэг дадал сайтай байгаагаа харуулж чадлаа.
-Та тэгэхээр С.Эрдэнийн амийг манайхан аварсан гэдэгт итгэлтэй байна уу?
- Манайхан туслаагүй, ТВ9-ийн зураглаач галын хороор шүршиж унтраагаагүй бол С.Эрдэнэ газар дээрээ амиа алдаж болох байсан. “Зууны мэдээ” сонины газар галын аюулгүй байдлаа хангаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй. Тэгээд үүнийхээ төлөө элдвээр хэлүүлж байх шив дээ. Уншигчид өөрсдөө дүгнэлтээ хийх байх.
Бас нэг зүйл хэлье. Хүн үхэх гэж байхад сэтгүүлч асуулт асуусан гэж буруутгаж байна. Сэтгүүлч хүн өөрөө үхэх гэж байхдаа ч асуулт асууж л байх, өрөөлийг үхэх гэж байсан ч үнэнийг мэдээлэхийн тулд асуулт асуух л ёстой онцгой мэргэжилтэй хүмүүс. Тэд ажлаа л хийсэн.
-Ингэхэд сэтгүүлчид онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаар МСНЭ анхаарал тавьж, ажил зохиодог уу?
-Бид 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж аван шат дараатай арга хэмжээ авч байгаа. Онцгой байдлыг хамгаалах газартай хамтран жил бүр сэтгүүлчдийн сургалт, онцгойгийнхны ажил байдлын онцлогийг сурталчлах ажил зохион байгуулдаг. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн хүний амь аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах талаар анхны мэдэгдэхүүнтэй болдог. Ийм хамтын ажиллагаа үр дүнгээ заавал өгдөг. Мөн онцгой нөхцөл байдалд хэрхэн аюулгүй ажиллах талаарх зөвлөмжийг МСНЭ хэд хэдэн удаа гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагад хүргүүлж байсан. Цаашид ч энэ чиглэлд илүү их анхаарал хандуулах болно.
С.УЯНГА, Ц.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: