С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан нь үнэн гэв

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар сайтуудаар мэдээлж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа” гэв. Харин түүнийг ямар хэрэгт буруутган ийнхүү цагдан хорих болсон үндэслэлээ хуулийн байгууллагынхан ихэд нууцалж байна. Ямартай ч өнгөрсөн бямба гарагийн шөнө гэрээс нь саатуулсаныг албаны эх сурвалж баталлаа.

Мөн өөр нэг албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Булгантай хамт өөр хоёр иргэнийг саатуулаад байгаа гэнэ. Одоогоор тэдний талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Харин 17 жилийн бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан С.Зориг агсны хэргийг ЭЦГ болон ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг ч одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалж “С.Зоригийг хэргийг шалгах ажлын хэсэг ЦЕГ-т байгуулагдсан.

Одоо ч татан буугдаагүй. Хэргийг үргэлжлүүлэн шалгасаар байна. ЭЦГ болон ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж, хууль сахиулах, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагатай хамтран шалгалтын ажиллагааг хийсээр байгаа” гэх тайлбарыг өгсөн юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих