Би Уйгаржин монгол бичигтээ хайртай. Гэхдээ…
Кирилл үсгийг монгол хэлээс аажим хөндийрүүлж яваандаа хэрэглэхээ болих бодлого хэрэгжээд цөөнгүй жил болж байгаа тухай өчигдөр орой нэг хүн надад хэллээ. Нэлээн ноцтой баримтууд ч ярилаа. Тэр баримт дотор боловсролын яамны байн байн хэл аманд орооцолдоод явдаг нэг эмэгтэй даргын нэр, бас миний хүндэлж явдаг хэл шинжлэлийн хэд хэдэн доктор профессоруудын нэр сонсогдож байх юм.
Сүүлийн үеийн сэтгүүлчдийн хэл ярианы соёл, найруулгын чадавхи үнэндээ муудсан. Арай ч дээ гэмээр болсон. Гэтэл буруутан нь хүүхдүүд биш харин бодлого хэрэгжүүлэгч дээрх хүмүүс болж таарч байна. Дунд сургуулийн монгол хэлний хичээлийн цаг эрс багассан тэр дундаа найруулан бичих талын хичээл огт үгүйтэй ялгаагүй болсон гэнэ. Зөв бичгийн дүрэмд ч их өөрчлөлт орчихсон юм байна.
Би Уйгаржин монгол бичигтээ хайртай. Гэхдээ кирилл бичгийг халаад ямар үсэг бичиг хэрэглэх юм бол оо. Энэ талаар хийгдсэн дорвитой судалгаа байдаг болов уу. Нөгөөтэйгүүр монгол хэлний бичгийн өвийн чухам хэчнээн хувь нь уйгаржин дээр хичнээн хувь нь кирилл дээр байгаа вэ. Миний бодлоор бол ихэнхи нь кирилл дээр байгаа. Мөн соёлын ижилсэх ба ондооших гэсэн том ухагдахуун бий. Энэ талаар бодож эргэцүүлсэн нь хэчнээн бол.
Яг өнөөдөр л гэхэд ШУТИС-ийн хажууд ТАГТАА гэдэг номын дэлгүүр нээгдсэн байгаа. Дан Уйгаржин болон Ханз үсгээр бичигдсэн ном зардаг. Тэнд зарагдаж байгаа Уйгаржин үсгээр бичигдсэн номыг сөхөөд хараарай бидний ой төсөөлөлд шингэсэн ойлголтоос огт өөр төсөөлөл тэнд бий. Яг үнэндээ монголчууд соёлын огт өөр чиг хандлага руу хэлбийгээд бараг наян жил болчихжээ. Нэг нь ханз үсэгт соёлд үндсэндээ уусаад орчихсон. Хэлбэрийн хувьд л хагас хугас оршин тогтнож байна. Үнэндээ энэ нь хэдий чинээ настайг хэлж чадах Өвөрмонгол хүн байгаа юу.
Нөгөө нь Грек Ромын соёлд тэмүүлж хүн төрөлхтний тэргүүний хэсэгтэй нэгдэж, хүний бичгийг өөриймшүүлж өөрийн соёлыг бүтээж дархалж яваа. Ер нь тэгээд хүний өөрийн дээр тулбал энэ хоёр бичгийн аль нь чухамдаа монголчуудынх вэ. Миний ойлголтоор бол монголчуудын соёл түүхийг хамгийн ихээр агуулж хадгалж байгаа нь, өөрөөр хэлбэл монгол хүнд аль илүү үйлчилж байгаа нь бидний өмч баймаар.
Ханз үсгийн соёл бол хэдэн мянганаар яригдах далай мэт агуу соёл харин энэ далай руу өөрийн бий болгосон бүхнийг юүлэх эсэх нь тухайн үндэстний соёлын бодлого. Ийм бодлогыг япон, солонгосчууд хэрэглээд амжилт олсон гэж хувьдаа мунхагладаг. Харин уйгаржин бичиг бодлогын бичиг байх талд бол би санал нэгддэг. Монголчуудыг нэгтгэхэд энэ бичиг чухал үүрэг гүйцэтгэж чадсан. Энэ түүхийг арай дэвшилтэт хэлбэртэйгээр дахин нэг удаа давтаж яагаад болохгүй гэж. Өмнө талд маань одоо нэг сая орчим монгол хүн үлдсэн байна гэсэн ойлголт бий. Хойт талд маань ч эвлүүлж дэвлүүлэхэд төдий орчим монгол угсаатан гарч ирнэ. Үүнийг соёлоор нэгтгэхэд харин уйгаржин бичиг үйлчилж болно. Кирилл ч үйлчилж бас болно шүү дээ. Ийм ийм юмыг хэр зэрэг бодож боловсруулаад зөв бичгийн дүрмийг цөөлж байгаа нь энэ гэж сэглээд сийчээд аман дээрээ Да багш гэж үглэх хэр нь ачир дээрээ хүзүү рүү нь шээхтэй төстэй зүйлийг хийгээд яваа юм болдоо гэж бодогдоод болох биш. Хүн юү эсийг бодох билээ. Мунхагласан бол өршөөнө буй заа.
Зохиолч Доржзовдын Энхболд
URL: