Чоноо чоноо ямааг идээд өгөөч Орхон голыг аврах гэсэн юм
Орхон голын тухайн хүн бүр толгой сэгсэрч голын ус улаанаар эргэж байгаа тухай хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Гэвч үүнд олигтойхон арга хэмжээ авч чадахгүй өнгөрсөн зуныг үдсэн. Харин саяхан БОАЖЯ, МХЕ газар цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийж Орхон голыг бохирдуулсан байгууллагууд, зарим орон нутгийн захирагч нарт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар чих дэлслээ. Домогт их голыг бохирдуулсан хүмүүсд одоо нэг хариуцлага тооцох нь гэж бодож байтал, хэргийг шалгаж байгаа хүмүүс бас л урам хугалсан зүйл ярьж суух юм.
Учир нь Орхон голын усыг бохирдуулсан байгууллага, иргэдэд эрүүгийн хариуцлага тооцох гэхээр бодит хохирлыг заавал тогтоох шаардлагатай болдог аж. Гэтэл манай Улсын мөрдөн байцаах албанд Орхон голын ус бохирдсоноор хэнд хэрхэн хохирол учирсанг нарийн тогтоочих мэргэжилтэн байдаггүй бололтой. Тэгээд ч голын ус бохирдсоноос хэнд ямар хохирол учраад байгааг захын нэг мөрдөн байцаагч тогтоочихдог юм биш гэнэ. Байгаль орчин, ургамал, амьтны талаар тодорхой мэдлэгтэй мэргэжлийн баг бодит хохирлыг тогтоох нь учиртай аж. Гэтэл ийм баг Улсын мөрдөн байцаах газарт байдаггүй учраас БОАЖЯ-нд ханаддаг байна. Харин яам мэргэжлийн багийг хөлсөлж бодит хохирлыг тогтоох хуультай. Гэхдээ дээрх мэргэжлийн баг ажлынхаа дүнг Улсын мөрдөн байцаах газарт биш яаманд тайлагнах ёстой аж. Яам түүнтэй танилцсаны дараа хохирлын хэмжээг тухайн нутгийн удирдлагад явуулдаг байна. Харин түүнийг үндэслэж нутгийн удирдлага Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргаснаар голын усыг бохирдуулсан компанид хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэх гэнэ. Ардын үлгэрт нэг үлгэрт “Дээр үед бор шувуу байжээ. Тэр шувуу харган дээр суутал доороос нь харганы өргөс атгажээ. Тэгэхээр нь харганы өргөсийг ямаанд идүүлэхээр болжээ. Гэтэл ямаа өргөсийг идэхгүй гэхээр нь бор шувуу чононд очиж ямааг идүүлэхээр болжээ” гээд үргэлжилдэг дээ. Энэ үлгэрийн замаар нөгөө Орхон голыг бохирдуулсан хүмүүсд хариуцлага тооцох юм уу даа.
Гэтэл нутгийн удирдлага Улсын мөрдөн байцаах газарт гомдлоо гаргахгүй эсвэл санамсаргүй байдлаар алдаатай гаргах юм бол энэ хэрэг шийдэгдэх эсэх эргэлзээтэй болоод явчихаж байгаа юм. Ингэснээр мэргэжлийн багийн ажилласан хөлс, салбарын яам “Бодит хохирлын хэмжээг тогтоож өгнө” хэмээн хүлээж сугаа Улсын мөрдөн байцаах газар дэмий цаг үрсэн хэрэг болно. Ингэх магадлалтай шүү дээ. Учир нь Орхон голын эхэн дээр 20 орчим компани олборлолт явуулж байхад нутгийн удирдлагууд л мэдэхгүй суугаад байсан нь юу л бол. Хэрэв тийм бол орон нутгийн удирдлага гэдэг албан тушаалын хэрэг юу байна. Тэгэхээр тэд мэдэж байсан нь дамжиггүй. Харин мэдсээр байж копаниудын хууль бус ажиллагааг зогсоогоогүй бол эрүүгийн хуулиар хам хэрэгтэн болно. Өөрөөр хэлбэл, Орхон голыг бохирдуулсан компаниудтай хамт эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Тэгэхээр голын усыг бохирдуулсан компани ийм хэмжээний хохирол учруулжээ гээд Улсын мөрдөн байцаах газарт үнэн мөнөөр нутгийн удирдлага гомдол гаргана гэдэгт хэн итгэхгүй юм. Гэтэл Орхон голыг бохирдуулсан компаниудтай ингэж хариуцлага тооцно гээд байх шиг ойлгогдоод байна.
Д.Сүх
URL: