Уул уурхайг дагаж гэмт хэрэг өсч байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.
Хүний эрхийн үндэсний байгууллага нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулахаас гадна олон нийтэд хүртээмжтэй байх ёстой гэсэн зарчмын дагуу энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Комиссын удирдлагууд тус аймгийн Засаг дарга болон Тамгын газар, Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Нийгмийн халамж үйлчилгээний төвийн ажилтан, албан хаагчидтай уулзалт ярилцлага хийж, сургалт явуулж, баривчлах, эрүүлжүүлэх , цагдан хорих байруудад үзлэг шалгалт явуулж, ард иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч ажиллаж байгаа юм.
Дундговь аймагт сүүлийн жилүүдэд цас зуд нүүрлэж, амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан ард иргэдийн амьдрал ахуй хүндхэн байгааг нутгийн удирдлагууд онцолж байлаа.
Мөн уул уурхайн компаниудыг дагасан нүүдэл, шилжилт хөдөлгөөн, Улаанбаатараас Өмнөговь аймгийг зорих хүнд даацын тэрэгнүүдийн хөл хөдөлгөөн ихэссэнээс шороо тоос бужигнан тус аймгийнхны эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдах болсныг аймгийн төвөөс холгүй олон салаа замууд, хүнд даацын машины хөл хөдөлгөөн гэрчилж байгаа юм.
Мөн цэвэр усны нөөц багатай говь нутагт аймгийн ундны усыг хадгалж хамгаалах асуудал хүндрэлтэй, усны төв цэгийн хажууханд нь хятадууд уул уурхайн хайгуул, олборлолт эрхлэхээр зэхэж байгаа зэрэголон асуудлууд байгааг хэлэв.
Мөн гэмт хэрэг гаралтын тоогоороо улсдаа «дарууханд» тооцогддог тус аймаг сүүлийн үед уул уурхайн бүс нутгийг зорих олны дамжин өнгөрөх цэг болсноос гэмт хэргийн тоо ч нэмэгдэх хандлагатай, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх хүчингийн гэмт хэрэг ихэссэн байна.
Иргэдийн дунд хууль эрх зүйн мэдлэг ойлголт, сурталчилгаа төдийлэн сайнгүй, шинээр батлагдсан хууль тогтоомжийн эх хувь хөдөө орон нутагт хүрэх хүртлээ ихээхэн цаг хугацаа алддаг, цахим хэлбэрээр авсан хууль тогтоомжийг ашиглах боломжгүй зэрэг нь хуулийн байгууллагынхныг ажлаа явуулахад нь саад учруулдаг, энэ нь энгийн иргэдийн эрх ашгийг хөндөх тохиолдол ч гардаг аж. “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 23-29-ний өдрүүдэд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зохион байгуулах аж.
Д.Эрдэнэ
Эх сурвалж: “Монцамэ”
URL: