Ц.Элбэгдоржийн 2.7 сая Чингис

Монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөх, дэлхий дахинаа мандуулах тухай яриа өдөр шөнөгүй ярьж байна даа. Тэр тусмаа энэ хэдэн улстөрчид мөн ч их ярих юм. Хаа байна вэ, тэр үнэ цэнэ, магадгүй XIII зууны үед байсан байх. Амаа цангатал бидний нэр хүндийг үнэ цэнэтэй болгох талаар ярьж ярьж эцэстээ бидний үнэ цэнийг ерөөсөө сар бүр олгодог 21 мянган төгрөгөөр тогтоов.

Ямаанд өгдөг 5000 төгрөгөөс арай илүү үнэтэй юм уу даа. Хэзээ ч юм нэг хаврын хавсарганд нүд анисан нэг муу борлонгоос дөрөв дахин илүү үнэтэйдээ л баярлахаас өөр арга алга. Ингэхэд ер нь монгол хүний үнэлэмж хаана юунд оршино вэ. Монголд байгаа хятад, солонгосын хөрөнгө оруулалттай компанид өдөржин шөнөжин бөхөлзөж зогсоход байна уу. Улстөрчдийн тарааж байгаа будаа гурилханд алалцаж оочёрлоход уу. Эс бол Ардчилсан намын яриад байгаа “Монгол хүн-2020” хөтөлбөрт үү, МАН-ын яриад байгаа “Ард түмнээ сонсох аян”-д байна уу, ер нь хаана байна вэ хэлээд өгөөч гэмээр санагдах юм.
Үнэн хэрэгтээ “Монгол хүн-2020” хөтөлбөрөөс бидэнд наалдсан нь юу байна вэ, “Ард түмнээ сонсох аян”-аас юу хожив оо. Юу ч хожоогүй, сонгуулиас сонгуулийн хооронд биелэгдэшгүй хөтөлбөр төлөвлөгөө гаргаж, түүгээрээ хулхидахад л оршиж байх шиг. Яахав наагуур нь цалинг нь ядаж гурав дахин нэмүүлж үнэмлэмжийг тогтоох гэж Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатараас эхлээд ярьж байгаа ч үнэхээр тийм хэмжээний үнэлэмж тогтоочих бэл хөрөнгөтэй засагтай билүү гэдгээ тооцоолсонгүй, бас л биднээр худлаа шоудаж байх шив. Ерөөсөө улс төрд санаархсан болон улс “төрчид монголчууд минь, ард түмэн минь” гээд мөн ч сайхан бурж байна шүү. Ингэж хэлж байгаа нь л бидний үнэлэмж байх даа.
Нэгэнтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр сая Чингис” гэж биднийг хөөргөсөн. Яаж ингэж тэнэгтэж чадаж байна вэ. Эсвэл XIII зууны үеийн монголчууд шиг нум сум агсаад морь унан хилийн дээсэн дээр очиж хурдан бууны суманд нохой мэт үх гэсэн үг үү, огт ойлгосонгүй. Ц.Элбэгдоржийн “Хоёр сая Чингис” өнөөдөр яаж амьдарч байна вэ. Тэр Чингис чинь хятадуудад бөхөлзөж шавхрууг нь долоож явсангүй, өнөөдрийн хятад их гүрнийг байгуулах ажлыг эхлүүлж, тэднээр гутлынхаа улыг долоолгож явсан. Тэр Чингис чинь солонгосчуудад хар ажил хийж бөхөлзсөнгүй, тэр Чингис чинь дуртай цагтаа ирж биднийг айлгадаг орос их гүрнийг босгох гэж явсан. Ямар юмны чинь хоёр сая Чингис вэ, эрүүл үү. Согтуу юу. Өнөөдөр Ц.Элбэгдоржийн хоёр сая Чингис эмчилгээний зардалгүй амьсгал хурааж, идэх хоолгүй өлсч, хүний наймаанд өртөж, харьд боолчлогдон амьдарч байна.
Ц.Элбэгдоржийн Чингисүүд нам эвсэл болон тоглож, нэгнээ муучилж, тэгснээ хамтран ард түмнээ хуурч явна. “Эвтай байхдаа хүчтэй” гэсэн Ц.Элбэгдоржийн нэг Чингис нам байгуулж, ардчилагчиддаа хөөгдсөн нэг Чингистэй нийлээд шаргал ордонд байдаг хэдэн Чингисээс бусад Чингисээ аврах гэнэ. Гэтэл өнөөх “Эвтай байхдаа хүчтэй” гэсэн Чингисийнх нь хүч дутаад зарим нэг Чингисүүдийг өөртөө татахыг ихэд оролдож байна. Тэр ч бүү хэл байгаль экологи ярьсан хэдэн Чингисүүдийг хамтарч ажиллахыг санал болгосон юм байх. Ер нь болж өгвөл бүх л Чингисүүдийг уриалж, эргээд өөрт нь Чингис нэр хайрласан Ц.Элбэгдоржийн эсрэг босох юм байна.
Дээрх Чингисүүдийг ийнхүү бууриа засах гэж зүдэрч явахад нь зах зайдуухан хороололд өлссөн Чингисүүд элгээ эвхэн тэнүүчилж, хоногийн хоолоо арай гэж олсон нэг Чингисийнхээ хоолыг булааж хоолойг нь хэрчихийг завдаж байна. Чингисүүдээ эмчлэх эмнэлэг барихын оронд Чингисүүддээ хорих лагерь байгуулж, Чингисүүдээ ардчилсан ёсоор энэрэхийн оронд шинээр барьсан лагериа дүүргэхийг урьтал болгож, Чингисүүдээ сургахын оронд харьд боол болгож сууна. Гайгүй хэдэн булчинлаг Чингисүүд нь Гиннесийн номонд орохоор хэд хоног л намрын салхинд гандаж зогсоно.

Харин үүний дэргэд хэдэн булчинлаг Чингисүүд тив дэлхийн дэвжээнээс медаль авчирч байгаа нь л Монгол гэдэг нэрийг чирч байх шиг байна. Уг нь болох бүтэхгүй Чингисийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхээр хэсэг үс гэзгээ ургуулсан Чингисүүд өдөр шөнөгүй зохиол бүтээл тууривлаа ч хоногийн хоолгүй Чингисүүд нь ном гээч зүйлийг хялайж харах нь халаг болно.  Ц.Элбэгдоржийн Чингисүүд нэг иймэрхүү л нийгэмд тиймэрхүү л аж төрж сууна.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих