Хүүхдийн мөнгийг танана гэнэ үү
Хүүхдийн мөнгийг хүлээн байж авдаг хэсэг байхад ирээдүйн боловсролд нь зориулж хадгаламж үүсгэдэг нэлээд хэсэг байна. Хүүхдийн мөнгийг тоодоггүй бүлэг хүмүүс ч бий. Тэгвэл энэ асуудлыг ялгаж салгахаар болсон бололтой. Учир нь ирэх жилээс зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд дээрх мөнгийг олгодог болох юм байна. Гагцхүү зорилтот гэдэгт өрхийн орлогыг хэдээс доош тооцох нь одоогоор тодорхойгүй байна.
Уул, уурхайн салбар ид өсөлттэй байх үед тус салбараас олж байгаа ашгийг иргэн бүрд хүртээх зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан. Хүний хөгжил сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрийн өмчит стратегийн орд газрыг ашиглаж байгаа компанийн ногдол ашиг 100 хувь, эдгээр орд газруудын хувьцааг борлуулсны орлогоос санхүүжих ёстой. Харин өнгөрсөн хугацаанд Оюутолгой, Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Тавантолгой компаниудаас авсан мөнгөөр санхүүжиж иржээ. 2010-2013 онд 21 мянган төгрөг хэлбэрээр нийт 1 их наяд 407 тэрбум төгрөгийг энэ сангаас Монгол улсын 2 сая 919 мянган иргэнд олгосон байна. Харин 1 сая төгрөг хэлбэрээр 322 орчим тэрбум төгрөгийг 322 мянга 784 хүнд олгожээ. Энэ сангаас иргэдэд тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсан төлбөр, боловсролын үйлчилгээний төлбөр, хүүхдийн мөнгө гэсэн таван хэлбэрээр хишиг хувь хүртээх ёстой байна. Харин өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд л зарцуулагдаж байгаа юм.
МУ-ын Засгийн газрын 2012 оны 70-р тогтоолоор Хүний хөгжил сангаас хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөг олгох журам батлагдсан байдаг. 2015 оны байдлаар 342 тэрбум төсөвлөснөөс давхардаагүй тоогоор 1 сая 23 мянга 401 хүүхдэд 204.8 тэрбум төгрөг олгожээ.Өнгөрсөн хугацаанд Хүний хөгжил сангаас зарцуулагдаж байгаа мөнгөн дүн өөрийнх нь орлогоос давсаар иржээ. Үүнийг эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээр уул, уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, уул, уурхайн үйл ажиллагаа зогссон зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тиймээс ирэх онд Хүний хөгжил сангаас олгогдох хүүхдийн мөнгө зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэгдэхээр болсон сурагтай. Тэгэхээр нэлээд хэмнэлт хийх бололтой.
2010 онд ядуурлын шугамыг 92.072, 2011 онд 99.729, 2012 онд 118.490, 2014 онд 146.650 төгрөг гэж тооцжээ. Үүнээс доогуур хэрэглээтэй хүн ядууралд өртсөн гэсэн үг. Ядуурлаас гарсан иргэд энэхүү шугамаас нэг их дээш гараагүй тул эдийн засгийн сөрөг нөхцөл үүсэхэд олон хүн буцаад ядуурах эрсдэл бий гэдгийг ҮСХ-ноос тайлбарласан байдаг. Эрхэм түшээд энэ бүхнийг харгалзан үзэж зорилтот бүлгээ тодорхойлох биз ээ.
Хүний хөгжил сангаас 2010 онд 315 тэрбум, 2011 онд 786 тэрбум, 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум төгрөгийн зарцуулалт хийжээ.
Д.Жимсээ
URL: