Элэгний С вирусын эсрэг эмийг хэрхэн, хэзээнээс олгох вэ
Элэгний С вирусыг устгах чадвартай, 98.2 хувийн хувийн хөнгөлттэй үнээр олгогдох “Харвони” эмийг хэзээнээс, хэрхэн олгох талаарх мэдээлэл иргэдэд дутмаг байгаагаас харъяа дүүргийн өрхийн эмнэлэгт хандаж, багагүй сураглаж байгаа аж. Иймээс тус эмийг хэрхэн олгох талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Эхний ээлжинд иргэд элэгний С вирустай эсэхээ тогтоолгохын тулд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэх шаардлагатай юм. Тодруулбал, орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв элэгний С вирусын халдвар авсан гэдэг нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгэлд хамрагдаж, итгэмжлэгдсэн лабораторит С вирусыг тоолуулж, халдварын хэмжээг тогтоолгох хэрэгтэй аж.
С вирусыг дараах арван эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторит тоолох аж.
- Элэгний төвийн лаборатори,
- “Онкоген” лаборатори,
- “Стандлаб” лаборатори,
- Грандмед” эмнэлэг,
- “Интермед” эмнэлэг,
- “Гялс” анагаах ухааны төв,
- “Хаппи веритас” лаборатори,
- “Сонгдо” эмнэлэг,
- “Мед-Аналитик” лаборатори,
- “Итгэл” эрүүл мэндийн төвийн лабораториудад хандаж, вирусыг тоолуулах юм.
Дэлхийн зах зээл дээр нэг хүний гурван сар хэрэглэх харвони эмийн үнэ 94 мянган ам.доллар байдаг бол манай улсын иргэд энэхүү эмийг 98.2 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1200 ам.доллараар худалдан авах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл нэг курс эмчилгээний төлбөр 800 орчим мянган төгрөг, гурван курс нь 2.4 сая төгрөг байх юм. Мөн эхний ээлжид буюу энэ сарын дундуур 1600 орчим иргэнд олгож, ирэх 2016 оны хоёрдугаар сараас 2000 орчим хүнд олгож, эмчилж эхэлнэ гэж харъяа яамнаас мэдээлж байсан. Харин өнөөдрийн байдлаар яг хэдний өдөр эмийг борлуулж, иргэдэд олгож эхлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Мөн эмийг шат дараатайгаар олгох тул олгож дуусна гэж эмээх зүйлгүй аж. Дашрамд сануулахад, “Харвони” эмийг хэрэглэж байх явцад архи согтууруулах ундаа, тамхи, ургамлын гаралтай эм тан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг сануулж байгааг онцолъё.
Ямартай ч ирэх долоо хоногт эмийг хэзээнээс олгох талаарх мэдээлэл тодорхой болох юм байна.
М.БОЛОР
URL: http://www.fact.mn/248236.html