Хөшөөтийн уурхайд шаардах бичиг хүргүүлжээ
Ховд аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сараас түр зогсоогоод байгаа билээ. Учир нь уурхайд үйл олборлолт явуулж буй “Мон Эко” компани нь нүүрс тээвэрлэх замаа гүйцэт тавиагүй байсан.
Тэгвэл саяхан тус компанид аймгийн мэргэжлийн хяналтын газраас дахин шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад уурхайн орчимд буй нүх, шуудууг бөглөх даалгавар өгсөн аж. Тухайн уурхайд хөрс хуулалт хийх үедээ уурхайн орчимд олон нүх, шуудуу суваг бий болгосноор нүхэнд нутгийн иргэд унаж бэртэх, мал унаж үхэх нь ихэсчээ. Тиймээс дээрх шаардлагыг хүргүүлсэн байна. Харин уурхайн үйл ажиллагаа зогсонг байгаад Ховд аймгийн удирдлагууд сэтгэл дундуур байгаа гэнэ.
Учир нь Сангийн яамнаас Хөшөөтийн уурхайгаас нэг тэрбум 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн орлогодоо оруулж, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх үүрэг өгсөн байна. Мөн нутгийн иргэдийн ажиллаж амьдрах гол түшиц уурхай гэдэг утгаараа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхийг хүсч буй бололтой. Тус уурхай нь нүүрсний нөөц болоод чанараараа Тавантолгойн дараа орно.
Д.Сүх
URL: