Самбо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлж байна
Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Марокко улсын Касабланка хотод эхлэх бөгөөд эрэгтэй 52 кг, 68 кг, 90 кг, эмэгтэй 48 кг, 60 кг, 72 кг, байлдааны самбогийн 57 кг, 74 кг, -100 кг жингийн аваргуудаа тодруулна.
Манай улсаас Г.Мөнхбат 52 кг-д, Х.Амартүвшин 74 кг-д тус тус өрсөлдөх юм. Африк тивд анх удаа зохион байгуулж буй тус тэмцээний өмнөх өдөр Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) 27 дугаар конгресс Ле Литтораль зочид буудалд хуралдлаа. Хурлаар өмнөх конгрессоос хойш FIAS хийсэн ажлын тайлан, санхүү болон гишүүнчлэлийн талаар мэдээлэл сонсож, цаашид самбо бөхийн спортыг дэлхий дахинд хэрхэн түгээх талаар хэлэлцжээ.
Тус холбоонд Македон, Вьетнам, Тайвань, Перу улсууд бүрэн эрхт гишүүнээр элсч, мөн бичиг баримтаа хараахан бүрүдүүлж амжаагүй 21 улсыг дэд гишүүнээр батлав. Ийнхүү Олон улсын самбо бөхийн гэр бүл 88 гишүүнтэй болж байна. Ирэх оны тэмцээний хуваарийг ярилцаж, тамирчдын олон улсын чансааг туршилтын журмаар гаргах болов.
Мөн жил бүрийн 11 дүгээр сарын 16-нд ОХУ-д тэмдэглэж хэвшсэн Самбо бөхийн өдрийг дэлхий нийтийн болгох саналыг гаргалаа. Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчид оролцохоор Мароккод ирээд байгаа бол 11 оронд тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: