“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөллөө

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна.

С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө.

“Мөн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ Эрдэнэс Тавантолгой хувьцаат комданийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 13 November 2015

Ноён Р.Жигжид гуай Та өөрөө огцор ! Бусдаар бүү “туг тахь”

Нэр: Pj Огноо: 14 November 2015

Гүйцэтгэх захирал зүгээр л өгөөш болжээ.Дээд удирдлагуудад нь арга хэмжээ аваач.

Сэтгэгдэл бичих