“Apple” өнгөт арьстнуудаас уучлалт гуйв

Австралийн Сидней хотноо байрлах “Apple” корпорацийн брэндийн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүссэн 15-17 насны зургаан хүүг тус дэлгүүрийн ажилчид хөөж гаргасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дэлгүүрээс хөөгдсөн хөвгүүд бүгдээрээ өнгөт арьстнууд байжээ. Тэдний нэг нь ухаалаг цаг худалдан авахаар төлөвлөж байсан гэнэ.

Хөвгүүдтэй шударга бус хандаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд байршсны дараа олон сая хүн “Apple”-ийг шүүмжилж “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхлаа” хэмээн буруутгасан байна.

Энэхүү мэдээллийн дараа “Apple” өөрийн твиттер хуудсаараа дамжуулан уучлалт гуйж “Бид хэрэглэгчдээ гадуурхаж үзээгүй. Шашин шүтлэг, арьсны өнгө, бэлгийн чиг хандлагаас болж үйлчлүүлэгчээ гомдоох нь утгагүй асуудал” гэж жиргэжээ.

“Apple” корпораци мөн хэрэглэгчидтэй бүдүүлэг харьцсан дэлгүүрийн ажилчдыг буруутгаж, хөвгүүдээс уучлалт гуйхыг хүссэн байна.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих