Тэнгэртэй харьцагчдын тэнэмэл шийдвэрүүд

ЧИНГИСИЙН ТӨРСӨН ӨДӨР ХЭМЭЭХ МАРЗАГНАЛ

Их Эзэн Чингис хаанаараа шоудаж дуусахгүй

 нь бид. Нөгөө сайн хүний нэрийг гурав худалдаж идэв гэгчээр Чингис хааны нэрийг барих явдал сүүлийн хэдэн жил тун ч их гаарлаа даа.

Өчигдөр Монгол бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр “тохиолоо”. Яагаад тохиолоо гэдгийг хаалтад хийв гэхээр энэхүү өвлийн эхэн сарын шинийн нэгний өдрийг Чингисийн төрсөн өдөр хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнөх зарлигаараа тогтоосон учир ингэж байгаа хэрэг.

Уг нь түүхнээс авч үзвэл их Чингис хааны төрсөн өдөр байтугай, төрсөн он нь ч маргаантай. Уг нь их эзэн хааныг зуны тэргүүн сарын 16 –ны улаан тэргэл өдөр төрсөн гэдэг ихэнх түүхчдийнхээ баримталдаг саналтай санал нэг байсан нь саяхных. Мөн 1162 оны энэ өдөр нь тавдугаар сарын 31 байна аа хэмээн үзэж, жил бүрийн тэрхүү өдөр мэндэлсэн өдрийг нь тэмдэглэж ирсэн.

Гэтэл 2011 оны намраас Чингис хааныг өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндэлсэн хэмээх огноо тогтоох яриа хөөрөө түүхчид, улс төрчдийн дунд хүчтэй өрнөж, шийдвэр гарсан.

Гэхдээ инээдтэй нь хуучны тавдугаар сарын 31 гэдэг шиг тогтсон өдөр бус өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэхээр өөр өөр өдөр тэмдэглэж таараад байгаа юм. 2012 онд буюу 850 жилийнх нь ойгоор бид эзэн хааны төрсөн өдрийг арваннэгдүгээр сарын 14 -нд, дараа жилийнх нь мөн сарын сарын 4 – нд, ноднингийнх бүр 23 – нд тохиосон. Уг нь хүн нэг л өдөр төрдөг гээд батлах гэж оролдвол их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэх гэж бид зүгээр л марзагнаж байна.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээх өдрийг сонгохдоо өнөөдөр бидэнд “үйлчилж” буй Төгс буянтын зурхайг баримталсан.

Монголчууд XII-XIII зуунд Төгс буянтын зурхайг хэрэглэж байсан юм уу. Жил бүр ингэж их хааныхаа мэндэлсэн өдрийг өөр өөр өдөр тэмдэглээд байгааг бид “хүчээр” ойлгодог юмаа гэхэд гадныхан ойлгох болов уу.

“Чингисийн Монгол, Чингисийн Монгол” л гээд байдаг, гэтэл төрсөн он, сар, өдрийг нь нэг болгочихож чаддаггүй л улс гэж харагдаж байгаа.

Түүхэнд Их Эзэн Хааны мэндэлсэн өдрийг хамгийн анх тэмдэглэсэн “Лу Алтан товч”-д ” Зуны тэргүүн сарын 16-нд мэндэлсэн болохыг дурдсан байдаг. Дараа дараагийн сурвалжууд ч үүнийг дагасан нь илт. Гэтэл хожмын сурвалжуудын дийлэнхэд “Өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэж байна хэмээн гөрдөөд л хэдхэн хүн тогтоочихно гэдэг хэтэрхий өрөөсгөл хэрэг болсон.

Уг нь түүхэнд тухайн он, сарыг бичсэн хамгийн эрт цагийн сурвалжийг л баримтлах учиртай бус уу.

Түүх, сурвалж судлал гэж байхын учир үүнд л орших ёстой. Түүхэн он цаг ямар нэгэн шашны улмаас эсэхүл хэт үзэл сурталжсаны гайгаар гуйвдаг. Тиймээс ч монголчуудын олонх нь сүүлийн дөрөв, таван жил Ц.Элбэгдоржийн зарлигт нэг л тиймхэн хандаж ирсэн. Уг нь Эзэн Чингис хааны төрсөн өдрийг тогтоох нь чухал ач холбогдолтой.

Гэвч өөрийнхөө больё гэхэд аав, ээжийгээ ч хэзээ төрснийг мэдэхгүй хүмүүс энэ он, сарыг тогтоосонд л асуудлын учир байгаа юм. Түүхийн үүднээс нарийн гаргалгаа хийгээд тогтоочихсон бол хамаа алга. Ёстой л нөгөө зүүдэлж сэрээд “Тэнгэр надад тэгэж хэллээ” гэдэг шиг л юм болсон.

Энэ тухай АН-ыг дэмждэг зарим хүмүүс ч байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Ц.Бат инженер хэмээх нэрээрээ твийтэрт алдаршсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат “…Агуу хүний агуу түүхийг бүүр төрсөн цаг үеэс нь гуйвуулах цаад шалтгаан нь үнэхээр хөгийн юм билээ. Ердөө л 11 сарын 26-ы анхны Үндсэн хуулийн өдрийн ач холбогдлыг саармагжуулж МАН-г чадах. Ийм байж болох уу? Ингэж л байг уу? Хэнийг чадаад байнаа эцсийн эцэст…” хэмээн блогтоо бичжээ.

Нээрээ л орчин цагийн монголчууд Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрөө амарч тэмдэглэдэг байсныг болиулж оронд нь эцэг, эхийнхээ төрсөн огноог ч мэдэхгүй нөхөд тэртээ 800 гаруй жилийн өмнөх их хааны төрсөн өдрийг тогтоож шуугиулсаар байгаа нь энэ.

Мэдээж монголчууд үндэс угсаа, монгол цус, монгол газар шороо, их хаанаараа бахархах нь зүйтэй. Гэхдээ энэ цагийн монголчуудын тэн хагасын саналаар Ерөнхийлөгч болсон хэн нэгэн их хааны төрсөн өдрийг зарлигдаад, тэр өдөр нь монголчууд бахархаад, баярлаад, бүр амраад байгаа нь буруу мэт.

ӨӨРИЙНХ НЬ НЭРЭЭР НЭРЛЭСЭН ӨРИЙН БИЧИГ ӨРӨНД ОРУУЛСАНД ЧИНГИС ХААН…

Манайхан сүүлийн 25 жилийн хэт эрх чөлөөндөө пологтож, хэн дуртай нь эзэн Чингис хааны нэрийг ашиглах болсон. Хувь хүмүүс, пүүс компаниудын хувьд үүнийг байг гэхэд төрийн алба хаагчид, төр засаг нь хувийнхантайгаа булаалдаад л юм л бол “Чингис”.

Монголын Засгийн газар анх барьж эхлээд хувьд шилжсэн “Чингис” зочид буудал, хуучнаар бол уран сайханчдын улстөрийн дууны “Чингис хаан” хамтлаг, тэр бүү хэл Чингис хааны удам угсааны ханхүү гэж өөрийгөө нэрлэдэг П.Давааням, бүүр тэгж яривал “Чингис” нэрт архи, сархадтай ч заргалдах нь утгагүй хэрэг. Буянт-Ухаагийн дэнж дээрх онгоцны буудлыг “Чингис хаан” болгосныг ярихаа больё.

Ардчилсан намынхан засгийн эрхэнд гараад их эзний нэрээр хоёр ч том тэнэмэл шийдвэр гаргасны нэг нь Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингис хот болгосон явдал. Өвөг дээдсийнхээ нэрээр дуудаж ясыг нь өндөлзүүлдэггүй монгол заншлаар Өндөрхаан гэж нэрлэсэн юм шүү дээ гэж учир мэдэх хүмүүс хэлсээр байтал л үл тоон Өндөрхааныг “Чингис” болгосон. За энийг яахав орхиё.

Эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд болон ирээдүйд ч үүнд хувь нэмрээ оруулсаар байх өрийн бичгийг хүртэл “Чингис бонд” хэмээн нэрлээтхэв. Одоо тэрхүү бонд нь монголчуудын хүзүүнд өлгөсөн “дүүжлүүрийн олс” болчихоод байгаа нь тэнгэрийн зарлиг мөн үү. Уг өрийн бичгийг гаргах үед УИХ-ын “бөө гишүүн” гэгдэх Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан.

Их мөнгөний өрийн бичиг гаргаж, түүнийгээ их хааны нэрээр нэрлэвэл ихэд баяжих нигууртай хэмээн зүүдэндээ олж харснаа амьдралд буулгачихав уу хэмээн хошигнох, халаглахын хооронд олон ч хүн ярьж байсан даа.

Харамсалтай нь Монгол баяжсангүй, баялгаа барьцаалж босгосон бонд маань их хааныхаа нэрийг хүртэл олон улсын тавцанд шавар шавхайтай хутгаж, Монгол баяжих нь бүү хэл ядуурлын туйлд хүрээд байна.

Тийм л их тэнгэртэй харьцдаг юм бол та нөхдийн хийсэн балгийг хаан өөрөө хэрхэн таалж байгааг асуугаад ард бидэнд хэлж өгнө үү.

“ҮНДСЭН ХУУЛЬ”-ИЙГ “ЭХ ХУУЛЬ” БОЛГОХ НЬ БАС Л ХААНЫ ЗАРЛИГ УУ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал энэ долоо хоногийн хамгийн гол шуугиан болж байна. УИХ-ын гишүүн “фортуна” хэмээх мөнөөх Н.Батбаяр нарын өргөн барьсан Үндсэн хуулийг үзвэл бас ч сонирхол татах асуудал олон байна. Юуны өмнө Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэрлэхээр болжээ.

Үндсэн хуулийг товчлохоор “ҮХ” гээд муу ёрын үг болоод байгаа учир цаашид “ЭХ” гэж гоёор нэрлэх юм байх. Энэ мэтчилэн шинжлэх ухааны үндэслэлээр маруухан харин бэлгэдлээр дүүрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг сошиал сүлжээнийхэн аль хэдийнэ бэлгэдлийн дээр нь бэлгэдлийн болгож орхижээ.

УИХ-ын 76 гишүүнийг 99 гишүүн болгох гэж буй нь 76 гэх тоо 7, 6 гээд уруудсан билэггүй тоо байгаа учир 99 болгож тэнцүүлж байгаа аж.

Үндсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярынхаар 55 сайн тэнгэр , 44 цагаан тэнгэр нийт 99 тэнгэрийг бэлгэдсэн учир утгатай гэж хошигноцгоох аж.

Уг нь галын тахилга хийж, тэнгэртэй харьцахад 123 болгочихвол “нээг хоёрын гурваа” гээд бүр л аятайхан болох байсан тухай ч яригдаж байна. УИХ-ын гишүүдийг таван жилээр сонгох гэж буй нь таван махбодийг илтгэсэн гэхчилэн тоо бүрийг нь бэлгэдлийн хошин хэлбэрт оруулжээ.

Ардын аман зохиол гэдэг шиг ардын аман яриа/орчин үеийнхээр бол сошиал сүлжээнийхэн/ ор огт хоосонгүйг ярьдаггүй. Бүх юманд бурханы сургаал, бөөгийн өмсгөл зүүлгэж, шинжлэх ухааны үндэсгүй, хийсгэлэн хийсвэр шийдвэрүүд гаргаж байгаа өнөөгийн төр, засгийг л шүүмжлэн ёгтлоод буй хэрэг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН болон МАХН-ын хоёр ч гишүүн баривчлагдсаны дараа үдэш оройн цагаар өргөн барьсан нь ард олны анхаарлыг өөр тийш хандуулах гэснийх байв.

Болооч үгүй өргөн бариад 14 хоногийн дотор санал асуулга явуулж, түүнээс хойш тун удалгүй батална гэв.

Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай олон жил ярьсан байлаа гээд оронд орох шиг хурдан хэлэлцэн баталж бас болохгүй юм.

Тэнгэртэй ойр хүмүүсийн тэвдүүхэн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг шүүмжлэх хүмүүс олон байна. Мэдээж шинэ оруулж ирсэн төсөл тэнгэрийн таалал бус,эцсээ хүртэл дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэж, дундаас нь явцуу эрх ашигтаа ашиг гаргаж буй засгийн эрх баригчдын хүсэл юм.

О.Хуяг

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Нэр: зочин Огноо: 13 November 2015

эд нарийн тэнгэртэй харицна гэж юу байдгийн бэ.Түүхээс үзвэл тэнгэр эд нартай тоож харицах уу.Хөх инээд хүрчихлээ.Харин ч тэнгэрийн гэсгээл хүртээх байлгүй.

Сэтгэгдэл бичих