НАМЗХ ”Эх дэлхийгээ хайрлая” аян эхлүүллээ
Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал. Тэр тусмаа хүн амын олонхийг бүрдүүлдэг залуучуудын манлайлал ус агаар мэт хэрэгтэй. Үүнийг НАМЗХ соргогоор мэдэрч, нийслэл, 21 аймагт эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах аяныг өрнүүлж байна.
Уг аяны хүрээнд нийслэлийн иргэдийн хамгийн их аялж, зугаалдаг Туул гол, Богдхан уул, Цэцээ гүний оргил, Чингэлтэй хайрханд “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн уриатай самбарыг байршуулсан байна. НАМЗХ-ноос санаачилсан энэхүү аянд орон нутгаас Архангай аймаг түүчээлэн оролцож, нийт 19 сумын НАМЗХ-ны залуучууд “Эх нутгаа хайрлая” гэсэн уриалга, утга санаа бүхий тэмдгийг аймгийнхаа байгалийн дурсгалт газар, ховордсон ан амьтан бүхий ой мод, томоохон гол мөрний эх сав, булаг рашаан зэрэг нэн шаардлагатай 200 гаруй газруудад байршуулсан байна.
Залуус нийслэлд “Эх дэлхийгээ хайрлая”, аймаг, сумдад “Эх нутгаа хайрлая” гэх утга агуулгатай самбар байршуулж байгаа ажээ. НАМЗХ-ны нийслэл, дүүрэг болон 21 аймгийн салбар хороодоороо дамжуулж, Монголын дөрвөн зүг, найман зовхист байгаль орчныг хамгаалах, экологийн зүй бус үйлдэлтэй тэмцэх аяныг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь энэ. Аяны хүрээнд нийтдээ 2000 самбар байршуулахаар төлөвлөж байна.
Ц.Анир
URL: