Оливер Стоун: Б.Обамагийн хамгийн том алдаа нь ОХУ-тай дайн зарласан явдал

АНУ-ын улс төрийн авлига, зөрчил тэмцлийг өөрийн хийсэн бүтээлүүдээ ил гаргаж ирсэн кино найруулагч Оливер Стоун цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Түүний АНУ, ОХУ-ын байдал, Японы байдлын талаар ярьсан сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна. Нэрт кино найруулагч Оливер Стоун олонд алдаршсан, нийгэм-улстөрийн хурц асуудлуудаар олон кино бүтээлүүд туурвиж ирсэн бөгөөд тэрбээр зөвхөн АНУ-д төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюуны сэхээтэн билээ.

-Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Харин 70 жилийн дараах дэлхий, Азийн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хятад асар том эдийн засгийн хүчтэй орон. Гэхдээ би Хятадыг аюултай улс гэж бодохгүй байна. Түүхэнд л Япон Хятадын хувьд аюултай улс орны нэг байсан. Харин Ерөнхий сайд Шинзо Абэ “Хятадын сүрдүүлгийн онол”-ыг ашиглаж Үндсэн хуулиа өөрчилж, Японы Батлан хамгаалах салбарыг хүчирхэгжүүлж, цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна. Шинзо Абэ хүч чадлаа нэмэгдүүлэх бодолдоо хэт автаж, үүгээрээ л дэлхийг харж байгаа.

-Та Окинавагийн асуудалд анхаарч ирсэн байдаг?

-Окинава мужийн Наго хотын байгалийн үзэсгэлэнд сэтгэл минь үнэхээр их татагдсан. Таны хувьд дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй газар нутгийг утсгаж үгүй болох вий гэж болгоомжилдог л биз дээ. Яагаад ард иргэд тэднийг дарамталж буй АНУ-ын цэргийн баазуудыг хаахгүй байгаа юм бэ.

АНУ өөрийн хүчийг дэмжүүлэхийн тулд дэлхий даяар 700 гаруй цэргийн баазаа байрлуулсан байдаг. /АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдэгдэлд 587 гэж дурьдсан байдаг/ Япон руу өндөлзсөн нь Хятад бус, харин АНУ-ын командлагч Мэтью Перри болон АНУ-ын ам.доллар, капитализм байсан.

-АНУ, Японтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-АНУ Япон руу өндөлзөж, хуучин ЗХУ-тай дайтаж байх тэр үед барууныхан хуарангаа байгуулж, 1950-1960 оны үеэс Японы зүүн жигүүрийн улс төрийн намыг тогтворгүй болгож ирсэн. АНУ-ын Төв тагнуулын албаны ажилтнууд Японы хаа сайгүй байна. Япон цэцэглэн хөгжиж байгаа ч, түүхэн асуудлын хариулт, дэлхийн хоёрдугаар дайны үлдээсэн сургамжийг бодитоор ойлгож, одоогийн дэлхийн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож чадахгүй байна.

-Гэхдээ Украин болон Ойрхи Дорнодод хүйтэн дайн үргэлжилсээр л байна?

-1991 онд хуучин Зөвлөлт холбоот улс задран унахад, нэг ёсондоо АНУ “дайснаа” алдсан. Тиймээс бид шинэ Гитлерийг бий болгосон. Харин тэр нь Иракийн Ерөнхийлөгч асан Садам Хусейн байсан юм. Тухайн үед Саддам Хусейнийг “Гитлер” хэмээн цоллож байсан бол одоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжилж, зэмлэн буруушаах болсон. 2001 оны есдүгээр сард АНУ-д аймшигт террорист халдлага болсныг дэлхий нийт санаж байгаа байх. Террорист халдлага болсны дараа АНУ дэлхийн хамгийн “тэнэг” олон улсын хэмжээний Ирак, Афганистаны дайныг эхлүүлж, улс орныг татан оролцуулсан. Гэхдээ нөгөө талаар АНУ-д жил бүр л 30 гаруй мянган хүн буудуулж нас барж байна.

-Ерөнхийлөгч Б.Обамаг та хэр Ерөнхийлөгч гэж үнэлдэг вэ?

-АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт тангарагаа өргөх үедээ “Энэ мөчөөс эхлэн энэ улсыг өөрчлөх болно. Би олигархиуд, капталистуудаас улсаа цэвэрлэхийг хүсч байна” гэж хэлж байсан. Харин Б.Обама “Wall street”-ын банкны эзэд, ардчилсан консервантуудын талд ажилладаг. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээллээс үзвэл тагнаж чагнах зэрэг улс төрийн бодлогыг Ж.Бушаас залгамжилж, байдлыг бүр ч дордуулж байгаа. Гэхдээ түүний хамгийн том алдаа нь Украины байдалтай холбоотойгоор ОХУ-тай хүйтэн дайныг эхлүүлсэн явдал гэж би бодож байна.

Б.Даваахүү

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих