Ч.Бадарч: Амрах нь буруу, гэхдээ “Бахархлын өдөр”-ийг тэмдэглэх нь зөв
Өнөөдөр Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр. Энэ өдрийг манай улс тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амардаг болоод дөрөв дэх намартайгаа золгож байна. Гэсэн хэдий ч Монгол бахархлын өдрийг тэмдэглэхээр талбай дээр хуран цугласан иргэдийг харахад яах аргагүй тун ач холбогдол өгч байгаа нь харагдлаа. Тухайлбал үндэсний дээл хувцасаараа гоёж, үр хүүхдээ дагуулан үүх түүхээ ярьж, Улаанбаатар хотоо танилцуулан яваа эмээ өвөө нарыг харахад, аргагүй” Бахархлын өдөр”-ийг түүх соёлоо сэргээх өдөр болгож буй нь харагдаж байв. Ингээд энэ өдрийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргье.
Өнөөдөр Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, Монгол улс даяар амарч байна. Таны хувьд энэ өдрийг хэр ач холбогдолтой баяр гэж бодож байна вэ?
-Иргэн С.Цэнгэлмаа: Миний хувьд Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зөв гэж боддог. Монголчууд үүх түүхээ мэддэг байх хэрэгтэй. Түүхээрээ бахархдаг байх хэрэгтэй. Харин тэр сэдлийг нь энэ өдрөөр дамжуулж олгодог байх нь их чухал. Тухайлбал энэ өдөр хүүхдүүдэд хичээлээр нь дамжуулж, түүхийн мэдлэг, үүх түүхээрээ бахархах мэдлэгийг олгодог байх хэрэгтэй.
Ер нь хүүхдүүд, залуучуудад ч гэлтгүй бүх нийтэд Чингис хаанаараа бахархах, үүх түүхийг нь мэдүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй. Гэхдээ бүх нийтээрээ хавтгайрч амраад байгааг дэмжихгүй байна. Монгол бахархлын өдрийг зүгээр нэг амраад өнгөрөөх биш, үүх түүхээ мэдээд судлаад өнгөрөөх өдөр байгаасай гэж л хүсч байна даа.
- Монгол бахархлын өдрийг таны хувьд ямар ач холбогдолтой баяр гэж бодож байна вэ?
- Иргэн Ч.Бадарч: Энэ баярыг тэмдэглээд дөнгөж хоёрхон жил болж байна. Яахав, Эзэн Чингис хааныгаа л дэлхий дахинд таниулан сурталчилах гэж тэмдэглэж байгаа байх. Түүнээс биш энэ баярын ач холбогдол бага гэж бодож байна.
- Ер нь энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж, бүх нийтээрээ амарч байгааг юу гэж бодож байна вэ?
- Буруу гэж бодож байна. Манай Монголын амралт их шүү дээ. Долоо хоногт хоёр өдөр амарчихна. Дээр нь янз бүрийн баярын амралт их байгаа. Амрах нь арай буруу байдаг юм уу даа, түүнээс биш “Бахархлын өдөр”-ийг тэмдэглэх нь зөв.
Хуучин Улс тунхагласны баярыг жил бүр тэмдэглэж бүх нийтээрээ амардаг байсан. Гэвч сүүлийн гурван жил Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэдэг боллоо. Таны хувьд энэ хоёр баярын аль нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна вэ?
- Өмнөговь аймгийн уугуул С.Юра: Бидний хувьд чинь хуучин юмнаасаа салах дургүй шүү дээ. Угтаа Улс тунхагласны баярыг тэмдэглэх нь зөв. Бид энэ өдөр чинь эрх чөлөөгөө эргүүлэн авч, Монгол Улс дэлхий дахинд тунхагласан шүү дээ. Гэхдээ Монгол бахархлын өдрийг ч гэсэн тэмдэглэх нь зүйтэй. Хүүхдүүдэд түүх соёл таньж мэдэн, Монгол хүн гэдгээрээ бахархах омогшлыг төрүүлж байна гэдгээрээ энэ өдөр чухал ач холбогдолтой. Тийм болохоор миний хувьд Монгол бахархлын өдөр нь илүү ач холбогдолтой юм болов уу гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа.
Х.Маргад
URL: