УИХ-ын дарга З.Энхболд “Монгол бахархалын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцлоо
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр /2015.11.12/ буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Гомбожавын Мэнд-Ооёод нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээлээ. Түүний дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг монгол уран зохиолоор баяжуулан, үндэсний өвлөн уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстэнийхээ өмнө байгуулсан гавьяаг нь үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийг “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан ес дэх хүн болсон юм. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нар үг хэллээ.
URL: