ӨАБНУ-ын иргэд Солонгос улсын банкны ажилтнуудыг залилж удаа дараа мөнгө завшсан нь илэрлээ
Солонгос улсад ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийн тоо нэмэгдэх тусам тус Улсад тэдний үйлдэх гэмт хэргийн тоо болон төрлийн хэмжээ нэмэгдэх болсон байна.
Тус улсын банкууд болон гадаад валют солих цэгүүд нууц камер, хамгаалалтын системээр бүрэн хангагдсан байдаг тул тэнд залилангийн гэмт хэрэг гардаггүй ажээ.
Гэвч ӨАБНУ-ын хоёр иргэн өнгөрсөн 10-р сараас эхлэн өнөөг хүртэл банк, валют солох цэгийн ажилтнуудыг хууран мэхэлж 10-н удаагийн үйлдлээр нийт зургаан сая вон залилсан хэргийг үйлдээд, баригдлаа.
Тэдний нэг эрэгтэй нь банкны ажилтан дээр очиж гадаад валютаа солиулдаг ба ажилтан сольсон мөнгийг өгөх үед хамтрагч болох эмэгтэй нь тэдний дэргэд очиж, ажилтны анхаарлыг сарниулах зорилгоор юм асуудаг ажээ. Харин энэ үед эрэгтэй нь банкны ажилтнаас авсан воны ихэнхийг маш хурдан хугацаанд тун сурмагаар алгандаа хуйлан нүд ирмэхийн зуурт өмднийхөө халаасанд хийдэг ба, яриа дуусангуут мөнгө дутуу байна гээд, үлдэгдэл мөнгийг нэхэж авдаг байна.
ӨАБНУ-ын тус хоёр иргэн банк болон гадаад валют солих цэгүүд төдийгүй бэлэн мөнгөтэй байнга эргэлдэж байдаг дэлгүүр, зах, онгоц, галт тэрэгний тасалбар худалдах цэгүүдээр ч олон удаа үйлчлүүлсэн байгаа тул тэдний хохирогч болсон ч энэ тухай мэдээгүй Солонгос иргэд олон байгаа хэмээн тус улсын Сөүл хотын цагдаагийн газар үзэж байгаа ажээ.
URL: