Төсвийн тодотголын дараа хямрахгүйн баталгаа байна уу?

Тонн зэсийн ханш хямралын жил шалдаа бууж  2 мянган ам.доллар руу уруудаж байсан бол өдгөө   даруй дөрөв дахин өндөр үнэлгээтэй байна. Гэхдээ Лондоны металлын бирж дээрх өнөөдрийн 8415 ам.долларын үнэлгээ мөнхийн биш.  Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж,  судасны лугшилт нь түргэсч, хямралын салхи нэн шинээр хүч нэмэн айсуй цагт  эл металлын ханш дахин хар түүхийг давтаж уналаа гэхэд Монгол Улсын төсөв өндөр эрсдэлд орж болзошгүй байна гэдгийг  Олон Улсын Валютын Сангаас  анхаарууллаа.

Хэдийгээр Дэлхийн банк  манай улсын  эдийн засгийг  энэ онд эрчимтэй өсч, оны эхний улиралд 9.9 хувь,  хоёрдугаар  улиралд өмнөх оны мөн улиралтай харьцуулахад өндөр түвшин болох 17.3 хувиар өссөн  хэмээн онцолсон ч, дэлхийн эдийн засаг дахин хямарсан тохиолдолд Монгол Улс нь  харьцангуй жижиг бөгөөд  нээлттэй эдийн засагтай тул зайлшгүй өртөнө гэж,  тийм нөхцөл байдалд урд хөршийн бодлогын алхамууд туйлын чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Харин  ОУВС  Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг   хямралын өмнөх үетэй адилтган харж байгаагаа дуулгасан нь ихээхэн таагүй мэдээ юм.  Уг нь манай улс дэлхийн зах зээл дээрх    зэсийн ханшийн бууралт, валютын ханшийн огцом өсөлт, бэлэн мөнгөний хомсдол  нүүрлэсэн амаргүй үед  ОУВС-тай хамтран  “Стэнд Бай”  хөтөлбөр хэрэгжүүлж тэднээс 410 гаруй сая долларын тусламж авч давж гарсан. Тэгж байж  Монголын Засгийн газар төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, төсвийн алдагдал буураад  байна гэсэн зүйлийг хэлэхтэйгээ болж улмаар ОУВС-гийн заавраар бус эрх чөлөөтэй эдийн засгийн дотоод бодлогоо хэрэгжүүлэхээр ханцуй шамлаад байв.

Өдгөө бидэнд анхааруулга өгөөд байгаа ОУВС-гийн  Стивен Барнетт эрхэм  өнгөрөгч оны аравдугаар сард   “Стэнд Бай” хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон нь Монгол Улс… Танай улс цаашид төсвийн тогтвортой байдлаа хадгалах, банкны бүтцийн өөрчлөлтөд анхаарах, бусад донор орны санал болгож байгаачлан халамжийг хавтгайруулах бус харин авах ёстой иргэдэд хүргэх талаар анхаарах нь зүйтэй” гэж бидэнд захиад буцаж байлаа. Гэсэн ч  энэ захиасын эсрэг үйл ажиллагааг Монголын Засгийн газар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлчихэж.

Түүгээр зогсохгүй  2011 оны төсвөө  ДНБ-нийхээ  10 хувьтай тэнцэх алдагдалтай буюу үрэлгэн байдлаар баталсан Монголын төр засгийн эрхмүүд Төсвийн тодотгол хийх асуудлыг  хэлэлцэх гэж байгаа нь тэдний санааг зовоожээ. Тус сангийн судлаачид  энэ оны дөрөвдүгээр сард  “Монгол Улс төсвийн зардлаа хумихгүй бол оны эцэст инфляци 20 хувьд хүрнэ” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм.

Харин одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд  инфляци 10 хувь руу дөхөж байна.  Монголбанкны зүгээс  инфляцийг онилсон  мөнгөний бодлогыг баримталж,  хатууруулан  Бодлогын хүүгээ сүүлийн саруудад өсөлттэй барьж байгаа ч, инфляцийн өсөлт хадгалагдаж байгаа. Харин Олон Улсын Валютын Сангийн Токиогийн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнетт эрхэм  “Бодлогын хүүгийн төвшин  нэмэгдсэнээр дотоодын эрэлт буурч, улмаар зээл багасч хувийн хэвшлийнхний зах зээл хумигдах сөрөг талтай ч, Монгол улс  төсвийн сул бодлоготой байгаа энэ үед мөнгөний хатуу бодлогыг баримтлах нь зайлшгүй зүйл гэдгийг хэлж байна.  Мөнгөний хатуу бодлого нь эрсдэлтэй нүүр туллаа ч, амсах хохирлыг харьцангуй төвшинд барих боломжийг олгоно гэсэн зүйлийг хэлж байгаа юм.

Мөн  инфляцийн өсөлтийн эсрэг, эдийн засгийн тогтвортой  байдлыг хангахын тулд  төсвийн зарлагыг хязгаарлах  шаардлагатай байтал засаг нь төсвийн тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмэх гээд байгаа нь үнэхээр санаанд багтахын аргагүй эрсдэлтэй алхам гэж үзжээ. Монголын эдийн засагт хэт халалтыг үүсгэж инфляцийг 30 хувьд ч хүргэж болзошгүйг анхаарууллаа.

Тэгэхээр төсөвт тодотгол хийх нь хоёр шалтгаантай байдгийг дуулгах нь зөв бизээ.  Төсвийн  орлого төлөвлөснөөс илүү гарч  нэмэгдсэн тохиолдолд тохируулж зардлаа санхүүжүүлэх гэж төсөвт тодотгол хийдэг. Эсвэл төлөвлөсөн орлого буурч, хэрэгжүүлэх ажилд хүрэлцэхгүй  байвал баталсан зардлаа бууруулахын тулд мөн төсөвт  тодотгол хийдэг.  Харин манай тухайд орлого дутсандаа бус олсоноо зарцуулах гээд хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хэмжээг нэмэхийн тулд тодотгол хийх тухай ярьж байна.

Сангийн сайд С.Баярцогтын хэлж буйгаар Төсөвт  тодотгол хийх шаардлага нь зайлшгүй гэнэ.  Тэрбээр энэ оны зургадугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа   “Тавантолгойн хэлэлцээр  удааширч байгаа учраас төсөвт тодотгол хийхгүй” хэмээн мэдэгдэж байсан бол дөнгөж өчигдөр буюу 20-ны өдөр Төсвийн тодотголоор урсгал зардлыг 151 тэрбумаар нэмнэ хэмээн том дуугарлаа. Урсгал зардлыг нэмэх болсон гол шалтгаанаа дараах байдлаар тайлбарлав.

Төсөв баталсанаас хойш олон шинэ барилга байгууламжууд ашиглалтад орсонтой холбогдуулж тэдгээрийн халаалтын зардал гэхчлэн урсгал зардал,  тэнд ажиллагсдын орон тооны зардал өсчээ. Мөн дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, газар тариалангийн үйлдвэрлэл сайн ургац арвин авахаар байгаа нь, утаатай тэмцэхээр хөтөлбөр болоод хуультай болсон нь, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхтэй холбоотой зардал төлөвлөсөн нь, гол нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ноос ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 300 тэрбумын Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн тогтоолыг УИХ-аас төсөв баталсаны дараа шийдвэрлэсэн учраас  одоо тодотгон суулгаж төсвийн зардлыг нэмэгдүүлж байгаагаа хэлэв.   Тодотгоод байгаа нийт зардлын ихэнхи нь  300 тэрбумын бондтой холбоотой байгаа юм.

ОУВС-гаас төсвийг ингэтэл нь  тэлэх шаардлагагүй гэдгийг засаг дахь эрхмүүдэд анхааруулж байгаа ч, УИХ-аас зөвшөөрөл өгсөний дагуу Засгийн газрын 300 тэрбум төгрөгийн үнэт цаас ээлж дараагаар арилжаалагдаад эхэлсэн. Нэг ёсондоо УИХ төсөвт тодотгол хийх нь зайлшгүй дүр зурагтай харагдаж байна. Тэгэхээр Монголын эрх баригчид ОУВС-гийн үгэнд оролгүй,  үрэлгэн төсвөө улам үрэлгэн болголоо гэхэд эдийн засагт их халалт үүслээ гэхэд инфляци 20, 30 хувьд хүрлээ гэхэд тэгээд юунд найдах вэ гэдэг асуудал хурцаар тавигдахын зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төвлөрүүлж байгаа мөнгө эрсдэлийн өмнө тулаад ирэхэд түшиц болох уу гэдэг асуулт  гарч ирж байгаа юм. Олон улсын валютын сангийн зүгээс зөвхөн энэ санд найдаж эрсдэлийг давж гарах   боломжгүй гэдгийг хэлж байх юм.

Тогтворжуулалтын сангийн тухайд өгүүлэхэд,  манай төсвийн орлого  дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай болж буй учраас зайлшгүй олон улсад нэвтэрсэн Сангийн практикийг нэвтрүүлсэн. Тэгэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа тусган Тогтворжуулалтын сантай болсон. Ингэхдээ ОУВС-аас гаргасан 1998-2009 оны зэс, нүүрсний дундаж үнэ, “Bloomberg”-ээс мэдээлсэн зэс, нүүрсний үнийн 2010-2013 оны төсөөллийг дундажлан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд  заасан “төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагыг хангасан байхаар тооцож 2011 оны төсөвт зэсийн үнийг 5983.1 ам.доллар байхаар тусгасан юм.  Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ үүнээс илүүгээр борлогдоод байвал, зөрүүг нь Тогтворжуулалтын сан руу нөөцлөхөөр шийдвэрлэсэн.  Улмаар энэ онд ойролцоогоор 183.1 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэсэн тооцоо  Сангийн яамнаас ирсэн.  Онцолж хэлэхэд энэ санг хуульчлан байгуулсан учраас төвлөрсөн мөнгийг төсвийн тодотгол гэдэг нэрийн дор  дэмий үрэх эрх улстөрчдөд байхгүй гэж ойлгогддог. Гэтэл манай тухайд сантай болсон ч, тогтоосон үнээс илүү гарсан орлого энэ санд төвлөрч байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа. Хэдийгээр Хүний хөгжлийн сангийн эх үүсвэр Нөөцийн төлбөрийн 70 хувь, Ногдол ашиг, Урьдчилгаа, Сангийн өөрийн хөрөнгө гэсэн дөрвөн эх үүсвэрээс бүрдээд явж байгаа гэх мэдээллийг Сангийн сайд өгч байгаа ч  тодорхой хэсэг нь  Тогтворжуулалтын санд орох ёстой мөнгө байгаа гэсэн мэдээлэл бий.   УИХ-ын гишүүн С.Оюун   “Тогтворжуулалтын санд ороогүй мөнгийг өөр зүйлд зарцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй”  гэсэн ч, тэр мөнгийг  Хүний хөгжил сангийн данс руу шилжүүлсэн байлаа гэхэд хариуцлага асуух эрх зүйн зохицуулалт гэж бас байхгүйг өмнө нь өгүүлж байсан билээ.

Явж явж Монгол улс ашигт малтмалын  баялагтаа дөрөөлөн олж байгаа орлогоороо  бодит эдийн засгаа дэмжиж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, түүхий эдээс хамаарсан Голланд өвчний үүр уурхай болсон улс болж үлдэхгүйн төлөө урагшлах ёстойгоо ухаарч  мөн эрсдэлээс сэргийлэх  сантай болсон ч, тэр нь найдвартай эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Болзошгүй эрсдэл, өсөлтийн үеийн хэт тэлэлтээс хамгаалах зохицуулалт гэгддэг  Тогтворжуулалтын сан нь эрсдэл тулгарсан үед бидэнд тус болох чадамжтай эсэх нь  анхаарах ёстой асуудлуудын нэг.   Гадны жишгээс үзэхэд сангууд нь  иргэн бүрээ  тэтгэврийн даатгалын санд хамруулах,  улсынхаа эдийн засаг, нийгмийг тогтворжуулахад л чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Үүний тулд Сангийн яам, Төв банк хоёр нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг байна.

Гэхдээ өнөөдрийн тухайд байдал бүр дордоогүй. Бид анхааруулга авчихаад байна. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй, Төв банк мөнгөний бодлогоо чанга хэвээр хадгалж, бодлогын хүүгийн өсөлттэй зэрэгцүүлэн макро эдийн засгийн зохистой бодлогын  арга хэмжээнүүдийг нэмж авахыг ОУВС-аас анхаарууллаа.   Он гарсаар  Монгол банк  банкуудын  заавал байлгах нөөцийг хоёр  удаа нэмсэн. Дээр өгүүлсэнчлэн  зөвхөн бодлогын хүүг багасгах биш, банк санхүүгийн системийг чадавхижуулах Макро зохистой бодлогын арга хэмжээ байх шаардлагатай байна гэдгийг Төв банкнаас мэдэгдээд байсныг ч онцлох нь зөв биз ээ. Гэтэл тэдгээр шаардлагууд байна гэдгийг  ОУВС-гийн зүгээс ийн сануулж  байгаа нь Төвбанк төр засгаас хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж ер нь бий бил үү гэдэг асуултыг засаг дахь эрх мэдэлтнүүдэд тавихад хүргэж байна. ОУВС-гийн зөвлөгөө төгс төгөлдөр зөвлөгөө биш нь мэдээж. Тэрчлэн Төв банкнаас өнгөрсөн хугацаанд бодлогын төвшинд яригдаж,бодитой төвшинд авагдаж эхэлсэн арга хэмжээнүүд ч байна. Гол нь үр дүн гарахад төр засгийн зүгээс тодорхой хүндрэлүүдийг учруулж байгаа дүр зурагтай.   Мөнгөний бодлогоо хэчнээн хатууруулж, бодлогын хүүг өсгөлөө ч, төсвийн зарлагаа улстөрчид хэтрүүлэн нэмээд байвал байдал хүндэрч болзошгүй нь ээ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих