Их хаанаасаа суралцвал ирээдүй маань гэрэлтэй
Олоон жилийн өмнө Оросын өмнөд нутаг Кавказын Пятигорск хотноо оюутан байхдаа Сайнбуян, Ганхүлэг бид гурав Чингис хаан дуу зохиож сургуулийнхаа дотуур байрны оюутны үдэшлэг дээр дуулж хөөрцөглөөд сургуулиасаа хөөгдөх шахаж билээ. Хаа газар байдаг үзэл суртлын хэнээтэй, хүний үнэргүй ховч нарын нэг нь тэртээ Москвад байгаа элчин сайдын яаманд хэл хүргэж амжсан байдаг юм.
Нэрийг нь хэлэхэд хүртэл цээртэй тэр үед их хааныхаа тухай дуу зохиож дуулна гэдэг яах аргагүй л галзуу барын аманд толгойгоо хийхээс буцахгүй залуу насны цог хийморь л доо.
Цаг хугацааны эрхэнд ардчилсан хувьсгалын үр дүнд их хаанаараа бахархаж , төрсөн өдрийг нь хүртэл тэмдэглэж бүх нийтээрээ амарч баярлана гэдэг үнэхээр сайхан эрх чөлөө, үнэмшмээргүй сайхан тохиол шүү.
Гагц бид энэ эрх чөлөөгөө хэрхэн эдлэж байна вэ гэхээр харамсмаар санагдах юм. Их хааны маань нэргүй зүйл үгүй болж, түүний маань хөрөг бүхий мөнгөн тэмдэгт монгол төгрөг үнэ цэнээ алдаж,бүүр хогийн цэг бүхэн дээр шахам түүний маань нэр, хөрөг бүхий шошготой архи, пивоны шил хөглөрч байхыг харахад сэтгэлд гуниг, харамсал төрөх юм. Их хааны нэрийн талаар хууль гаргах гээд санаачилж байна гэхээр одоо нэг бүх зүйл ном журмандаа орох нь дээ гэж баярлаж байсан чинь бүтдэггүй ээ, тэр хууль энэ тэр нь тэгсхийгээд замхрав бололтой.
Өнөөдрөөрөө бахархах зүйлгүй, хийж бүтээснээ нэрлэчих шальтай зүйлгүй хүмүүс өнгөрснөөрөө, өрөөлийн хийж бүтээснээр бахархаж сэтгэлээ зогоодог гэлцдэг. Өнөөдөр бид юм болгонд нэрийг нь барьсаар их хаанаа ямар ч нэр хүндгүй болгож байна. Хүүхэд багачууд байтугай залуучууд хүртэл өвөө гэхээр зүрх зүсэгдэж сэтгэл шимшрэх юм.
Чингис хааны маань тухай монголын маань төдийгүй гадаадын олон эрдэмтэд бишгүй л судалж түүний агууг биширч дэлхий ертөнцийн хоёрдахь мянганы агуу хүнээр тодруулчихаад байхад бид их хааныхаа тухай юу мэдэж байна вэ? Зарим их сургууль, хүрээлэн бага сага судлахаас хэтрэхгүй байна шүү дээ. Гэтэл ядаж наад зах нь хөрш Хятад улсаа харцгаая л даа.
Зөвхөн Күнзийн сургаалийг судлах, дэлгэрүүлэх хичнээн ч байгууллага, хүрээлэн, сургууль байна вэ? Тэр атугай дэлхийн улс бүрт шахам байх юм. Манай оронд одоо Күнзийн сургаалийг судлах дэлгэрүүлэх хоёр дахь төв байгуулагдаж байгаа бололтой. Гэтэл их хааныхаа аугаа ухаан ,сургаалийг судлах дэлгэрүүлэх хичнээн төв байгууллага монголд минь байна вэ? Д.Гүн-Үйлсийн “Хаадын сан”, Н. Ням-Осорын “Их засаг” гээд ажил хийж буй байгууллага хүмүүсээ төрөөс дэмжихсэн, их хааныхаа сургааль, гүн ухааныг бүр ч их судлахсан.
Хий хоосон бурханчлан шүтэж байснаас “Нууц товчоо”, “Алтан товч”-оос эхлээд эх хэлээрээ төдийгүй англи, хятад, орос гээд олон хэлээр бичсэн зохиол бүтээлээс их хааныхаа эрдэм чадал, авьяас чадвар, аугаа ухааныг судлаж, амьдрал ахуйдаа, ажил үйлсдээ шургуу нэвтрүүлбэл монгол улсаа хөгжүүлэх их боломж байна даа.
Мөхөс бий “Атила хааны хар азарга” өгүүлэлдээ Чингис хааныхаа манлайллын талаар, өмнөх дугаарт “Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай, гавьяатай болвоос дайсныгаа ч шагнасугай” гэсэн үгийг нь ишилж голч шудрага зангийн нь талаар өгүүлсэн бол энэ удаа нийтэч чанарын нь тухай чадан ядан өгүүлэхийг хичээсүй.
Орчин үеийн удирдлагын шинжлэх ухаанд “Communication” буюу харилцааны чадварын чухлыг ихэд онцолсон байдаг. Миний бодоход их хаан маань харилцааны чадварыг их урлаг болгосон хосгүй удирдагч байжээ.
Юуны өмнө тэрбээр эв эеийг ихэд хичээдэг байсан, энэ нь Өүлэн эхийн эвтэй бол хүчтэй гэсэн сургааль , түүнийгээ хүүхдүүддээ бүр бага наснаас нь ойлгуулж эзэмшүүлсэнд гэдгийг та бид сайн мэднэ. Хар багаасаа үерхсэн Жамух нь андынхаа тангарагыг зөрчиж түүнтэй тэмцээд ялагдаж баригдаад ирж байхад нь хүртэл найз нөхөр хэвээр байх санал тавьж байснаас үзэхэд эв эвийг хичнээн эрхэмлэдэг байсан нь тодорхой байна.
Чингис хаан ямар ч хүнийг хүнийг алаглаж үздэггүй, хаа холын гадаадын ч бай, хажуу дэргэдийн хүн ч бай, ханилах нөхөр, халдах дайсан, харь болон өөрийн овог аймаг ч бай, баян ядуу гэлгүй хүн бүртэй нийцэж харьцаж чаддаг чанар ажиглагддаг. Хар багаасаа ханилах нөхөргүй явахдаа Боорчитой танилцаж нөхөрлөсөн, өөрт нь зарц болгож өгсөн Зэлмийг өөрийн нөхөр болгон харьцдаг байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам ихэмсэг зангүй бөгөөд хүнтэй нийцтэй хүн байсныг нотолдог билээ.
Чингис хааныг дайнч түрэмгий гэх үзэл бодол гадаадын цөөнгүй судлаачдын дунд байдаг. Гэвч уншсан цөөнгүй зохиол бүтээлээс үзэхэд дайн байлдааныг өөрөө сэдэж эхлүүлээд байсангүй, голдуу гаднаас өдөөсөн байдаг. Харин ч эв эеийг хичээж дайн хийхгүй гэж дайн эхлэхээс өмнө олон янзын санал хүсэлт тавьж элч төлөөлөгч илгээж байсан нь ойлгомжтой байдаг билээ.
Эв эеийг хичээх , хүчээ нэгтгэх их хааны маань бас нэгэн арга бол аливаа зөрчил тэмцлийг харилцан ашигтай арга зам, хувилбарыг олж хүчээр биш эв зүйгээр шийдвэрлэх байсан юм. Тэрбээр дөнгөж хаан ширээнд өргөмжлөгдөөд зэргэлдээ улс аймгуудад элч илгээж найрсаг харилцаа тогтоох, бие биендээ туслан энх тайвнаар зэрэгцэн орших санаагаа илэрхийлж байсан байдаг.
Мөн зарим улс аймагтай зөрчилдөхөд цэрэг зэвсгийн хүчээр бүхнийг шийдэхээс зайлсхийж хүлээцтэй байж буулт хийх, олзолсон нутаг орон, зарц хатдыг буцааж өгөх, монголын овог аймгууд хоорондоо гэр бүл болох, хүүхэд үрчилж авах зэрэг нэгэн том бүл, нэгдсэн улс болгохын төлөө тууштэй тэмцэж байсан билээ.
Өнөөгийн Монголчууд бид их хааныхаа эв эеийг хичээх их ухаанаас суралцаж чадаж байна уу, эвтэй найртай байна уу гэдгээ эргэж нэг бодох цаг ирсэн шиг санагдах юм. Хүчирхэг Монгол улсыг байгуулахад Чингис хаан маань овгорхох, аймгархах явдал ямар их гайтайг бүр залуугаасаа ухаарч, ялагдсан овог аймгийн иргэдийг гадуурхдаггүй, жигд харьцдаг, авьяас чадвар, бүтээсэн гавьяагаар нь албан тушаалд дэвшүүлдэг байсан билээ.
Цөөн хэдэн Монголчуудаа аймаг сумаар нь , яс үндсээр нь , хөгшин залуу, эр эм, нам эвслээр хувааж хагаралдуулж байгаа, төр засгийн эрхэнд гармагц танил тал, нам эвсэл, нутаг усныхаа хүмүүсийг албан тушаалд нэр дэвшүүлэх болсон төр засаг, намуудын удирдагч Чингис хааныхаа удирдах ухаан, мэргэн сургаалийг эргэж нэг хараасай, бодоосой, судлаж хэрэгжүүлээсэй гэж хүсэх юм даа.
Их хааныхаа төрсөн өдрийг монголчууд минь архи ууж, алдар гавьяаг нь хоосон магтаж биш, удирдах манлайлах, нийтэч эв найртай байх, шургуу дайчин байх зэрэг гүн ухаан, амьдралын туршлага тэвчээр, мэргэн сургаалиас нь судлаж тэмдэглэдэг болцгооё, их хааныхаа сургааль гэрээслэлийг хэрэгжүүлж эх орноо хөгжүүлцгээе !
Төрийн шагналт, доктор, профессор
Л.Хүрэлбаатар
URL: