АНУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг шаардлаа

Өчигдөр АНУ-ын түргэн хоолны салбарт ажиллагсад нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 америк доллар болгохыг шаардаж, нэг өдөр ажил хаялаа. Америкийн 270 гаруй хотод ажил хаялт болсон гэж тус үйл ажиллагааг зохион байгуулсан Үйлчилгээний Салбарт Ажиллагсдын Олон Улсын Холбооноос мэдэгдсэн байна.

Цалин багатай ажилчин ангийнхны амьжиргааг дээшлүүлэх зорилготой кампанит ажлын хүрээнд энэ ажил хаялтыг зохион байгуулжээ. Кампанит ажлынхан нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 америк доллар, жилийн нийт цалинг 31,200 америк долларт хүргэхийг мужийн удирдлагуудаас шаардаж байгаа юм. Одоогийн байдлаар АНУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 7 доллар 25 цент байгаа, харин цагийн 15 долларын цалингийн систем аль ч мужид хэрэгждэггүй ажээ.

Бага орлоготой ажилчдын цалинг нэмэгдүүлэх энэхүү кампанит ажил өнгөрсөн хугацаанд чамгүй амжилтад хүрсэн байна. Тухайлбал, Лос-Анжелес, Сан-Франциско, Оакланд зэрэг хотууд хөдөлмөрийн хөлсний хэмжээг үе шаттайгаар нэмж, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 америк долларт хүргэнэ гэж мэдэгдээд байгаа. Түүнчлэн энэ удаагийн ажил хаялтын дараа Нью-Йорк мужийн захирагч 2018 он гэхэд тус муж дахь 10 мянган ажилчны цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 америк долларт хүргэнэ гэдгээ олон нийтэд зарласан.

Мөн Калифорни мужийн Беркли хотын удирдлагууд одоо хэрэгжиж байгаа нэг цагийн 11 америк долларын хөдөлмөрийн хөлсний системийг 2020 он гэхэд 19 доллар болгохоор амлажээ. Нийслэл Вашингтон дахь ажил хаялтанд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Берни Сандерс оролцож, кампанит ажлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.


URL:

Сэтгэгдэл бичих