Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа. Тэрээр уулзалтыг нээж “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тантай Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний үеэр уулзсанаас хойш хоёр сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Эрхэм таны БНХАУ-д хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлье”гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаадаа  баяртай байна. Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Ерөнхий сайд Ли Көцян тантай  олон чухал асуудлаар санал солилцсон уулзалт хийснээс хойш богино хугацаанд дахин уулзах боломж тохиолоо. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр тал харилцан тохиролцсон худалдаа, эдийн засгийн асуудлуудыг бодит ажил хэрэг болж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны олон чухал асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байна”гэв.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулахад хоёр талаасаа анхаарч ажиллах тал дээр санал нэгдлээ.

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох асуудлын хүрээнд малын халдварт өвчинтэй хамтран тэмцэх, судалгааны хамтарсан лаборатори байгуулах, малын сайн үүлдрийн үржил селекцийг бий болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах Монголын талын хүсэлтийг  Хятадын тал дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн орчин үеийн шилдэг технологитой хамтарсан үйлдвэр байгуулах өргөн боломж байгааг уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян онцоллоо.

БНХАУ-ын Далянь хотноо есдүгээр сард болж өнгөрсөн Зуны Давос эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тантай уулзаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь хоёр улсын өндөр дээд түвшний уулзалтын давтамжийг хадгалсан чухал үйл явдал болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг  дэмжих чиглэлээр хоёр талаас хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээ болох “Монгол-Хятадын  ЭКСПО”-г амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа дурдлаа.


URL:

Сэтгэгдэл бичих