АВААРЫН ГЭРЭЛ
Бүтэн сайн өдөр би Энх тайвны гүүрээс ирэх чиглэлд Төв шуудангийн уулзварын замын гэрэл дээр араас ирэх машин ойр хавьд байхгүй болохоор аваарын гэрлээ асааж байгаад машин дотроосоо нэг зураг дарах зуурт замын цагдаа ирж “гэрэл дээр аваарын гэрэл асааж хөдөлгөөн саатуулсан хэрэг”-ээр бичиг баримт хурааж, төрийн хамгаалалтын цагдаагийн газар гэгчид очиж учраа ол гэв. Үнэмлэхээ тийм даргаас очиж аваарай гэж хэлчихээд нөгөө цагдаа алцаганаад алга боллоо. Арай гэж олж очвол төрийн хамгаалалт гэгч нь замын цагдаагаасаа тусдаа бас нэг төмөр нүүр бололтой.
Тэнд хувцсандаа биш уурандаа багтаж ядсан хоёр дэслэгч суух. Ард машингүй байхад аваарын гэрэл татаж байгаад зураг авсан үнэнээ хэлтэл тэр гэрлийг чинь аваар гарсан үед л асаадаг юм. Яах гэж зам дээр тэгж зогссон юм бэ чи гэхээр нь гадаад орнуудад тэгж болдог ш тээ гээд тавьчихсан чинь манайд тэгдэггүй, та тэр гадаад орондоо л тэгдэг юм байгаа биз гэж ирээд нөгөөх чинь бүр боож үхэх нь ээ. Бүр торгохгүй, өгөхгүй, эрх мэрх хасах дээрээ туллаа. Бас л нөгөө танил талаа ашиглаж, утасдаж утасдуулж байж нэг юм торгуулсан болоод салав. Өөр аргагүй юм билээ.
Үүнээс үүдээд би бодлоо, аваарын гэрэл гэдэг энэ хуучин ойлголтыг, хоцрогдсон замын цагдаагийнханд ойлгуулж өөрчлөх цаг болжээ гэж. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд энэ бидний аваарын гэрэл гэдэг ойлголтыг юу гэж бичдэгийг сонирхвол “ослын дохионы гэрэл” гэж нэрлэдэг юм байна.
Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт хийх хэрэгтэй, цагдаа нарын толгойд шинэ ойлголт бий болгох хэрэгтэй, энэ бол түүний албан хаагч нарын оюун ухаан, гэгээрэл боловсрол, шинэ ойлголтыг зөв ойлгоход туслахаас эхлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Манай цагдаа байтугай офицер нь эдний нэрлэдэг “ослын дохионы гэрлийг” гагцхүү аваар осол гарсан үед л асаана” гэдэг ойлголттойгоо л зууралдаад байгаа юм байна. Дүрэм ёсоор ослын дохионы гэрэл гэдэг нэр томьёо, аман ярианы аваарын гэрэл гэдэг хэллэг ч буруу юм байна. Энэ гэрлийг гагцхүү аваар ослын үед биш аваар ослын эсрэг маш олон зүйлд хэрэглэж болно. Тухайлбал, түр зогсох, хүн ачаа буулгах, хурд саахад анхааруулах зорилгоор, хөндлөнгөөс хөдөлгөөнд орсон хойно дохиж талархалаа илэрхийлэх зэргээр хэрэглэдэг туршлага дэлхийн олон оронд байгаа.
Ийм учраас манай замын цагдаагийн газар энэ гэрлийг харин ч тэр гараад буурахгүй байгаа осол аваараа бууруулахад зөв сайн ашиглах үүднээс өөрсдөө эхлэж ойлгож, мэдэх, дараа нь жолооч, хөдөлгөөнд оролцогчдын дунд бас ийм зөв суртал ухуулга хийх, цаашлаад замын хөдөлгөөний дүрэмд зориуд оруулж хэвшүүлмээр байна.
Аваарын гэрлийн тухай ойлголтыг өөрчлөх, шинэчлэх, шинэ утга агуулгаар хэрэглэх цаг болжээ. Аваарын гэрэл бол аваар гарсан хойно хэрэглэдэг ганц зүйл биш анхааруулах, талархах, хүндэтгэх, мэндлэх, уучлалт хүсэх олон утга агуулгаар хэрэглэж болох боломжтой гэрэл билээ.
Энэ дашрамд дурдахад жолооны курст сурч байгаа нөхдөд соёлтой жолоо барих, бүдүүлэгтэхгүй байх, гэрэл дохиогоо зөв ажиллуулж, гудамж замын хөдөлгөөнд бусдыг хүндэтгэж оролцохыг зааж, ухуулан сэнхрүүлж гадаадын замын хөдөлгөөний соёл боловсролоос зааж сургах нь чухал байна. Нүүдэлчин монголчууд морио унасан юм шиг машинаа унадагаа болихгүй бол машин барихад маш хүнд байна.
URL: