Зээлийн хүү зэмлэхээр зөөлөрдөггүй

20151111162225-2Энэ өдрүүдэд зээлийн хүүг бууруулах тухай хэлэлцүүлэг Төрийн ордонд ид өрнөж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах тухай тусгахаар УИХ-ын зарим гишүүн зүтгүүлэв.

Тэдний толгойлогч нь Ц.Нямдорж гишүүн. Тэд зээлийн хүүг 1-3 хувиар доошлуулах үүргийг мөнгөний бодлогын чиглэлээр дамжуулж, Монголбанкинд өгөх гэж буй. Зээлийн хүүг бууруулах санаа нь сайхан ч захиргаадах нь зөв үү?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зээлийн хүүг бууруулах сонирхол их байгаа нь дамжиггүй. Гэхдээ арилжааны банкуудын захирлууд руу утас цохиод “Зээлийн хүүгээ гурван хувиар бууруул” гэж үүрэг өгөх эрх түүнд байхгүй.

Харин зээлийн хүүг хар аяндаа доошлох эдийн засаг, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх нь түүний үүрэг. Гэсэн ч үндсэн үүрэг нь биш аж. “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн тодорхойлолт бий.

Энгийнээр хэлбэл, энэ бол Төвбанкны ерөнхийлөгчийн зүрхэн тарни. Илүү дэлгэрүүлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буюу инфляцыг тогтвортой барьж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах нь Монголбанкныхны үндсэн үүрэг гэсэн үг.

Монголбанкныхан захиргаадлын шинжтэй үүрэг авахаас цааргалж байгаа. Үүнийгээ ч УИХ-ын танхимд удаа дараа илэрхийлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Хатуу бодлого зөөлрөх цаг гэж бий. Инфляц 14 хувь байхад зээлийн хүү зах зээлд 18-19 хувьтай байсан.

Тэгвэл инфляц одоо 4.9 хувь байна. Бодлогын хүү 13 хувьтай байгаа. Тэгэхээр төгрөгийн өгөөж маш их нэмэгдсэн. Одоо дотоодын зах зээлээ дэмжих, эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн бүтцийг өөрчлөхийн тулд бодлогын шинэ тэнцвэрт суурилсан алхмуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

Инфляц 4.9 хувьд хүрсэн нь бидэнд өмнө нь байгаагүй боломжийг бий болгосон” гэж байр сууриа илэрхийлснийг цахим хуудаст тэмдэглэжээ. Түүний шинэ тэнцвэр гэж онцолсны цаана төсвөө алдагдалгүй баталчих, тэгвэл зээлийн хүү буурах боломжтой гэсэн санаа цухалзав.

Тэрбээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлж байх үедээ “Ирэх 2013 оны сүүл гэхэд инфляцыг найман хувьд барина. Энэ нь зээлийн хүүг бууруулах бололцоог олгоно. Ард иргэдэд бизнес эрхлэх орчныг нэмж өгнө” гэж зоримог ярьсан удаатай.

Инфляц найман хувь руу “гулсахад” зээлийн хүүг бууруулах боломжтой гэж зоримог ярьж явсан хүн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 4.9-хөн хувь болчихоод байхад яагаад шийдмэг байж чадсангүй вэ? Төсвийг алдагдалгүй баталбал зээлийн хүүг багасгана гэж ярьж буй нь ямар учиртай вэ? Монголбанкны бодлогын хүү 13 хувь байгаа. Инфляц 4.9 гэхээр найман хувийн зөрүү гарчээ.

Монголбанк хүүгээ нэг оронтой тоонд хүртэл доошлуулж, бодлогоо зөөллөх орон зай үүссэн юм биш үү. Бодлогоо ингэж зөөллөвөл зээлийн хүүг гурван хувиар бууруулах боломж бүрдэнэ.

Бодох нь ээ, бодлогын хүүг доошлуулж болохгүй хамгийн гол шалтгаан нь ам.доллар аж. 2012 онд Монгол Улсын валютын нөөц 4.6 тэрбум ам.долларт хүрсэн. Тухайн үед эдийн засаг 10 гаруй хувиар өсөх нь тодорхой байлаа.

Тиймээс төсөв алдагдалтай байсан ч хамаагүй мөнгөний бодлогыг зөөлрүүлэн, зээлийн хүүг бууруулж болно гэж сэтгэж байжээ. Мөн валютын нөөц хангалттай тул ам.долларын ханшийг нь хөөргөөд алдчихна, ингэвэл инфляц өснө гэж санахын ч хэрэггүй байж.

Тэгвэл өдгөө Монгол Улс тэрбум гаруйхан ам.долларын нөөцтэй үлдсэн. Уул уурхайн түүхий эдийн ханш өсөх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх найдлага алга. Өөрөөр хэлбэл, валют урсаж ирэх суваг шуудуу бөглөрсөн гэсэн үг. Иймээс үлдсэн жаахан валютаа гамнах хэрэгтэй. Бодлогын хүүг зөөлрүүлбэл зээлийн хүү буурна.

Эдийн засгийн бодит секторынхон буюу худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхны зээл авах сонирхол ч нэмэгдэнэ. Төсвийг 900 тэрбум төгрөгийн алдагдалтай хэвээр нь баталчихъя гэж бодъё. Эцэст нь төсөв болон санхүүгийн зах зээл гэсэн хоёр сувгаар эдийн засаг руу мөнгө цутгана.

Үйлдвэрлэл, худалдаа идэвхжиж, импортын эргэлт нэмэгдэнэ. Гадаадаас бараа авахад ам.доллар шаардлагатай. Гэтэл манайх валютын хомсдолтой байгаа тул “ногоон” олдохгүй. Эрэлт нэмэгдэхийн хэрээр ам.долларын ханш өснө.

Өндөр ханштай валютаар худалдаж авсан импортын барааг үнэтэй борлуулах нь ойлгомжтой. Ингээд инфляц өснө.

Иймээс л Монголбанкныхан төсвийг алдагдалгүй батал гэж шахаад байгаа хэрэг. Төсвийг алдагдалгүй батлуулаад бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний зах зээл гэсэн ганц сувгаар эдийн засгийг тэтгэх нь тэдний төлөвлөгөө. Зах зээлд ганц сувгаар мөнгө нийлүүлэхээр ам.долларын ханш өсөх эрсдэл буурна. Зээлийн хүү ч буурч, бодит эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Тэгэхээр бодлогын хүү, инфляц хоёрын зөрүү найман хувьд хүрсэн нь дангаараа зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй аж. Үүнээс гадна төсвийг алдагдалгүй баталж байж зээлийн хүүг доошлуулах хөрс суурь бүрэн бэхжих нь.

Монголбанкныхныг “муу ажиллалаа” гэж зэмлээд, “зээлийн хүүг буулга” гэж шахахаар хэрэг бүтчихдэггүй юмсанж.

Зээлийн хүү багасвал зардал нь буурах учраас хэн хүнгүй, ялангуяа арав таван төгрөг эргэлдүүлж бизнесээ өргөжүүлэн, үйлчилгээгээ сайжруулахаар мачийж буй хүмүүст дэм болно. Тэр хэрээр бизнес нь дэвжиж, дараагийн шатанд гаргана.

Бизнес өргөжихөөр ажлын байр нэмэгддэг. Ажилгүйдэл багасахаар эдийн засагт тустайгаас гадна нийгмийг ч эрүүлжүүлэх нигууртай. Өдгөө Монголд бизнесмэнүүд жилд дунджаар 20 гаруй хувийн зээлийн хүү төлж байна.

Хөгжингүй орнуудынхтай харьцуулахад хэд дахин өндөр хүүтэй зээлээр бизнесээ тэтгэдэг гэсэн үг. Хөгжиж буй орны иргэд ийм дарамтыг заавал даван туулах ёстой байдаг ч юм уу, бүү мэд. Зээлийн хүүг бууруулах бодлогыг сонгоосой.

Эх сурвалж: Т.ЭНХБАТ


URL:

Сэтгэгдэл бичих