“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр Япон болон БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Сөүлд уулзах гэж байна. Уулзалтын үеэр хоёр орны харилцаанд саад тотгор болж ирсэн гол асуудал болох “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн талаар хэлэлцэх юм байна.
БНСУ-ын мэдээгээр, дэлхийн хоёрдугаар дайны үед япон цэргүүдийг зугаацуулахад 200-аад мянган солонгос эмэгтэй албан хүчээр дайчлагдсан байдаг. Энэ асуудал өнөөг хүртэл хоёр орны харилцааны эмзэг сэдэв байсаар ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе нар уулзах үеэр энэ асуудлыг даруй шийдвэрлэн, хоёр орны харилцааг саадгүй хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.
Энэ хүрээнд Япон болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид өнөөдөр яриа хэлэлцээ хийхээр болжээ. Хоёр орон 1965 онд байгуулсан гэрээгээр бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгох асуудлыг хууль ёсоор шийдвэрлэж, 1993 онд Японы Засгийн газар Өмнөд Солонгосоос энэ хэрэгт албан ёсоор уучлалт хүссэн гэдгийг Японы тал онцолж байна. Гэхдээ Өмнөд Солонгос энэ асуудлыг дахин сөхөхгүй байхаар зөвшөөрсөн тохиолдолд хохирогч эмэгтэйчүүдэд нэмж санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар бодож үзэхэд бэлэн гэдгээ Японы тал илэрхийлжээ.
URL: