Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрт 24 тэрбум төгрөг төсөвлөлөө
-2016 ОНД ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДАД ЦАЛИН ОЛГОНО-
Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд төсвийн байнгын хорооноос орж ирсэн саналуудыг хэлэлцэж байгаа. Төсвийн байнгын хорооноос дэмжигдсэн саналуудын нэг нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан 24 тэрбум төгрөг төсөвлөснийг УИХ-ын гишүүдийн 57 хувь нь дэмжлээ.
Ардчилсан нам ирэх онд эхлэх төмөр замын ажилд гаднаас ажиллах хүч авахгүйгээр цэргийн хүчээ дайчлан ашиглана гэж мэдэгдсэн. Мөн энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргийн албан хаагчдыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тодорхой хугацаанд мэргэжил эзэмшүүлээд үүнийхээ дараа төмөр замын ажилд оролцуулна. Тус ажилд оролцох цэргүүдэд цалин олгож, хуримтлалтай болгоно. Ирэх оноос эхлэн хуучин барилгын цэргийн анги гэж байсантай адил Төмөр замын цэргийн анги нэгтгэлүүдтэй болно гэж мэдэгдсэн.
Нэг үгээр хэлбэл “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зориулж баталсан 24 тэрбум төгрөг бол 2016 онд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргийн албан хаагчдийн хангамж, цалин зэрэг зүйлд зарцуулагдах юм. Өнгөрсөн долоо хоногт МРО мэдээлэл судалгааны төвөөс явуулсан судалгаанд иргэдийн 90 гаруй хувь нь Төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн хүчээ ашиглах нь зөв гэж үзэж байгааг бид та бүхэнд өчигдөр хүргэсэн.
-“МОНГОЛ ЦЭРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД” ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ-
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251-д “Батлан хамгаалах бодлогын хүрээнд-Цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилт тусгагдсан.
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа боловч өнөөдөр манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж байгаа бодлого, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
Иймд инженерийн боловсрол бүхий цэргийн дээд мэргэжилтэй алба хаагчид, Зэвсэгт хүчний бүтцэд байгуулагдсан барилга, инженерийн ангиудын нөөц, бололцоонд тулгуурлан Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг нь алдагдуулахгүйгээр уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажил болоод техник, тоног төхөөрөмж, машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн ажилд цэргийн алба хаагчдыг хязгаарлагдмал байдлаар оролцуулах боломжтой юм. гэж заажээ.
Г.Лхагваа
URL: