Монголыг дэлхийд таниулсан “Монгол хүү”
Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол хүү” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Кино урлагийн дээд сургууль дээр өчигдөр боллоо. Тус сургуулийн хурлын заал дүүрэн хүнтэй, тэдний дунд ардын жүжигчин А.Очирбат, С.Сарантуяа, гавьяат жүжигчин Г.Равдан соёлын тэргүүний ажилтан У.Батбаатар нар хүрэлцэн ирсэн байлаа. Хурал эхлэхийн өмнө Монголын киночдоос, Кино урлагийн сургуулийн хамт олноос олон киноны хөгжмийг бичсэн Г.Бирваа гуайн 100 жилийн ойд зориулан хийсэн хөрөг нэвтрүүлгийг түүний хүү ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржид гардуулсан юм.
1935 онд Монгол Улс анхны кино “Монгол хүү”-г хийжээ. Тухайн үед энэ кино хэрхэн бүтсэн, Монголын кино урлагийн үүсэл хөгжлийг тодорхойлох, кино урлаг нэвтэрсэн түүхэн он цагийг судлах, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан киноны ач холбогдлыг таниулах, оюутан залууст сурталчлах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Хуралд Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор С.Лочин “Монгол хүү” кино ба монгол киноны түүхийн зарим асуудал, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж “Шороотын Цэвээн буюу монгол жүжигчид”, ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Монгол хүү” киноны зохиол, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор С.Соронзонболд “Монгол хүү” киноны хөгжмийн зохиолчийн асуудал, судлаач, инженер С.Батчулуун “Монгол хүү” Монголын кинонд нөлөөлсөн нь, Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго “Монгол хүү” киноны түүхэн ач холбогдлын талаар илтгэл тавьсан юм.
Тэрээр “Монгол кино үүсээд өнөөдөр 80 жил болж байна. Үүсэх гол шалтгаан нь ядуу зүдүү, жижигхэн буурай энэ оронд кино урлаг үнэхээр хэрэгтэй юм гэдгийг тэр үеийн төр, засгийн удирдлагууд ойлгоод “Монгол хүү” киног Зөвлөлт холбоот улсын Засгийн газарт Монголын уран сайхны кино хийх хүсэлт тавьжээ. 2-3 жилийн дараа Оросоос гурван зохиолч ирж нэлээд сайн үзэж, хараад явсны дараа И.Трауберг гэдэг мундаг найруулагч энэ киног хийсэн байдаг. Зохиол дээрээ ямар байсныг бид тогтоож чадаагүй. Киноны үзэл санаа нь Монгол бол тусгаар улс юм. Монгол хүн өөрөө тусдаа байх чин эрмэлзэлтэй гэдэг санааг сайн тусгаж өгснөөрөө онцлогтой. Энэ киног Орос хүн найруулсан ч тэр үеийн Монголын сэхээтнүүд тоглосон. Гэндэн сайд 4-5 яаманд даалгавар өгч энэ кинонд бүх талын тусламж үзүүлэхийг хүссэн. Монголчууд өөрсдөө хийгээгүй ч Оросын кино гэж хэлэх үндэс байхгүй. Яагаад гэвэл манайх тухайн үед кино хийж чадахгүй байсан. Энэ киногоор дамжуулан Монголын амьдралыг хальснаа буулгаснаараа бусад улс оронд эх орныхоо ёс заншил, аж байдлыг таниулснаараа ач холбогдолтой юм” гэв.
1937 онд энэ киног хийсний дараа Төв хороо Засгийн газраас “Ард” кинотетрыг байгуулж киног үзжээ. Гэтэл тухайн үед хэлмэгдүүлэлт эхэлж байсан учраас Төв хорооноос “Монгол хүү”-г гаргахыг хориглосон байна. Тэр үеийн Кино хороо гэдэг байгууллага энэ киног Монгол нутагт дахин үзүүлэхгүй хэмээн хаасан байна. 1938 онд Оросууд энэ киног АНУ-д үзүүлэхэд киноны төдийгүй улс төрийн хувьд Монголд өндөр ач холбогдол үзүүлжээ. 1920, 1930-аад онд Монголд ирж байсан эрдэмтдийн ихэнх нь Монгол гэдэг үндэстэн мөхөж, сөнөж байгаа гэж үзэж байсан аж. Гэтэл дэлхий дахинд Чингисийн Монгол гэдэг үндэстэн мөхөж сөнөөгүй гэдгийг энэ кино харуулж чаджээ. Энэ үндэстэн байх байхдаа эрх чөлөөтэй болох эрмэлзэлтэй хүмүүс гэдгийг “Монгол хүү” киноноос олж харжээ.
“Монгол хүү” киногоор Монгол хүн эх орныхоо эзэн нь байж харийн түрэмгийллийн эсрэг ямар ч хүнд бэрхшээлийг даван туулж, улс, эх орондоо гадны соёлыг оруулж хөгжүүлэх бус өөрсдийн соёл, зан заншлыг улам дэлгэрүүлж, хөгжүүлэх ёстойг харуулсан байдаг. Киноны утга санааг харуулахын тулд Цэвээн хэмээх хөдөөгийн малчин эр өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар аялан, зовлонд учран эцэст нь Монгол нутагтаа эргэн ирж, жинхэнэ аз жаргал, сайхан бүхнийг амсан мэдэрч байгааг харуулдаг.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: