Билл Гейтс хэрхэн домогт лидер болсон бэ?

Билл Гейтс нь төрөлхийн лидер байхаар заяагдсан хүн гэж хэн ч итгэлтэйгээр хэлж чадахгүй боловч, түүнийг түүхэн дэх лидерүүдийн дунд хэрхэн домoг болсон бэ гэдэг нь түүний амьдралдаа хийж бүтээж байгаа бүхнээс нь харагдаж байдаг. Энтрепрёнер Жонн Рамптон дараах зүйлс Билл Гейтсийг домогт лидер болоход нь нөлөөлсөн гэж үзжээ.

1. Дуртай зүйлээ хийх

Тэрээр компьютерт маш сонирхолтой байсан бөгөөд залуу байхдаа програм бичиж сурахад ихэнх цагаа зарцуулдаг байжээ. Үүний үр дүнд тэрээр програмчлалын хэл болох BASIC, мөн IBM-ын захиалгаар MS-DOS зэргийг програмчилж, компьютерийн олон чухал нээлтийг хийсэн байна. Улмаар түүний компьютерт дурласан шалтгаан нь Microsoft-ын үндэс суурийг тавьжээ.Та өөрийн сонирхдоггүй, дургүй зүйлийг хийх хэрэггүй. Та өөрийн дуртай зүйлийг хийснээр таны амьдралын өдөр бүр баяр баясгалантай, ажилдаа явах хүслээр оргилох бөгөөд улмаар энэ нь таныг амжилтанд хүргэх болно.

2. Эцэлт цуцалтгүй ажиллах

Амжилт гэдэг гэнэт л бий болдог зүйл бус, харин асар их шаргуу хөдөлмөрийн туйлд оршдог гэдгийг Б.Гейтс сайн мэддэг. Тэрээр өөрийн хүсэл тэмүүллээр цэнэглэгдэн, програмчлал болон кодчилолыг хөгжүүлж, хэрхэн дэлхий дахинд хүргэх шийдлийг судалсаар олон жилийн турш гараждаа ажилладаг байв. Үүнд тэр тоолж баршгүй их цагийг зарцуулсан байна.Амжилт гэдэг зөвхөн сайхан санаа гаргаж ирээд олддоггүй учраас лидер хүн сонголтоо хийгээд, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөдөг байна. Microsoft амжилттай явж байсан ч Б.Гейтс нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүдээ илүү хөгжүүлэх, хэрэглэгчдийн судалгаа хийхийн тулд олон өдөр, шөнө ажилладаг байсан байна.

3. Ирээдүйгээ төлөвлөх

Юу ч тохиолдсон байсан лидер хүн байнга ажлаа төлөвлөх хэрэгтэй.Microsoft-ыг монополи байна хэмээн шүүхийн нэхэмжлэл гарсан бөгөөд 2011 онд бүтэн 21 жилийн маргааны эцэст компанийг хуваах шийдвэр гарсан байна. Энэ хугацаанд Б.Гейтс тухайн үеийн нөхцөл байдалд сатаарахгүйгээр хэтийн төлөвлөгөөгөө боловсруулах ажлаа үргэлжлүүлэн хийсэн байна. Тэрээр хэлэхдээ “цаашдын чиг хандлагын ард нь үлдэх бус түрүүнд нь яв” гэжээ.

4. Тасралтгүй хөгжих

Б.Гейтс хэзээ ч хүрсэн амжилтандаа сэтгэл ханаад суух хүн биш юм. “Амжилтыг тэмдэглэж болох ч бүтэлгүйтлээс сурсан зүйлдээ анхаарлаа хандуулах нь чухал” гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр “Танайд хамгийн сэтгэл хангалуун бус байгаа хэрэглэгчид бол таны суралцах хамгийн том эх үүсвэр юм” гэж үргэлж сануулдаг байна.

Лидер хүн тайван дөлгөөн бус үргэлж өөрчлөгддөг, эрч хүчтэй байх ёстой. Билл Гейтс цаг үетэйгээ зэрэгцэхийн тулд тасралтгүй хөгжүүлэлт хийж байсан нь түүний домог болгосон. Тэр зах зээл өөрийн хэрэгцээ, шаардлагаар байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг мэддэг учраас Microsoft-ын бүтээгдэхүүнийг байгууллагын соёлд нийцүүлэн олон янзаар өөрчилж, шинээр бүтээж байдаг.

5. Бусдад өгөх замаар туслах

Гайхалтай лидер хүн бусдыг зөв замд нь чиглүүлж, мэдлэг туршлага олгох, эсвэл ажил, амьдралыг нь дээшлүүлэх хэрэгцээт нөөц бололцоогоор хангах замаар бусдад туслах үүрэгтэй. Б.Гейтс маш их мөнгө, цаг хугацаагаа бусдад ер бусын туслалцаа үзүүлэхэд зориулдаг. Ингэснээрээ ирээдүйд дэлхийг зөв чиглүүлэх лидерүүдийг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаагаасаа аз жаргалыг мэдэрч явдаг байна.

Билл Гейтс болон Мелинда Гейтс сан нь дэлхий даяар тулгараад буй асуудлуудад олон тэрбум доллар хандивласан нь хүүхдүүд болон насанд хүрэгчдийн амьдралд чухал өөрчлөлт хийж байна. Энэ бүхэн нь Билл Гейтсийн хувь хүний зан чанарыг илтгэж байгаа бөгөөд түүнийг дэлхийн нийтийн өмнө нийгмийн хариуцлагаа ухамсарласан иргэн хүн гэдгийг харуулж байна. Билл Гейтсийн тэмдэглэлд “Дараагийн зуунд бусдад урам зориг хайрладаг хүмүүс нь лидерүүд болох болно” гэж дурдсан байдаг.

6. Сурсан эрдэм

Лидерүүд үндсэндээ бусдаас өөр харагддаг. Ухаантай, амбицтай, бусадтай нийцтэй хүмүүс маш олон байдаг хэдий ч эдгээр нь хүний генэнд оршдог зүйлс гэж хэлж болох юм.

Билл Гейтсийн тухайд түүний эцэг эх нь түүнийг бие даан сэтгэхэд дэмжиж, шаргуу хөдөлмөр, ёсзүй, бусдыг анхаарч үзэж байх зэрэг үнэ цэнийн тогтолцоог ойлгуулж, шийдэмгий байхад нь зоригжуулж өгчээ.

Гейтс өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлага, өөрийн хөгжүүлсэн оюун ухаан, үйлвэрлэл болоод нийгмийг хөгжүүлэх түүний хүсэл зориг, өөрийн гаргасан алсын хараатай санаанууд, бусадтай мэдээлэл солилцох болон бусдад зааварчилгаа өгөх сошиал нэтворк, бусдад нөлөөлөх хүч чадал зэрэг дээрээ суурилан, эцэг эхээсээ сурсан зүйлсээрээ хөшүүрэгдсэнээр өнөөдрийн домогт лидер болж чаджээ.

Энэхүү мэдээллийг ЭмЭлСи Трейнинг ХХК-н ажилтан М.Энхжин англи хэлнээс орчуулан бэлтгэв.


URL:

Сэтгэгдэл бичих