Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Монголын программ хангамж үйлдвэрлэлийн эрхэм төлөөлөгчид та бүхний амрыг эрж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс аж үйлдвэрийн хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ цаг үед та бүхэн ийнхүү чуулж, салбарын бодлогоо тодорхойлон хэлэлцэж байгаа нь чухал үйл явдал юм. Миний бие та бүхний энэхүү хэлэлцүүлгийг хоёр үндсэн чиглэлд хандуулахыг хүсч байна.
Нэгдүгээрт, бид үйлдвэржилтийг дэмжих төрийн бодлогод мэдээллийн технологийн хувь, үүргийг зохистой тодорхойлох хэрэгтэй байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Улсын Их Хурал 2015 онд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталж хэрэгжүүлснээр үндэсний үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжих, шинэ технологи нутагшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтыг урамшуулах төрийн бодлогын эхлэл тавигдлаа.
Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн бүхий л салбарын хамгийн чухал дэд бүтцийн нэг болохын дээр бие даасан аж үйлдвэрийн салбар юм. Аж үйлдвэрийн хөгжлийн ирээдүйг мэдээллийн технологигүйгээр төсөөлөх аргагүй. Түүхийн хуудсыг сөхвөл 18 дугаар зуунд уурын хөдөлгүүрийг нээснээр аж үйлдвэрийн анхдугаар хувьсгал эхэлж, улмаар 20 дугаар зууны эхээр цахилгаан энерги ашиглаж эхэлсэн нь масс үйлдвэрлэлийн боломжийг бүрдүүлж, энэ нь аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал болон өрнөжээ. Харин 20 дугаар зууны сүүлийн хагаст компьютер, автоматжуулалт эрчээ авсан нь аж үйлдвэрийн 3 дахь хувьсгал болсон юм. Тэгвэл яг энэ цаг үед бас нэгэн шинэ хувьсгал эхэлж байна. Энэ бол IoT-Internet of Things, Big Data–д тулгуурласан аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал юм. Энэ хувьсгалын үр дүнд үйлдвэрийн дотоод, гадаад бүх төхөөрөмж, түүнийг удирдагч хүмүүс бүгдээр хоорондоо холбоотой болж “сэтгэн бодох чадвартай үйлдвэр” бий болох боломжийг бүрдүүлж байна. Энэхүү шинэ хувьсгалд мэдээллийн технологи, програм хангамж голлох үүрэг гүйцэтгэнэ. Шинэ зууны хөгжлийн өрсөлдөөн энэхүү шинэ хувьсгалын хүрээнд өрнөх нь тодорхой болж байна.
Тиймээс Монгол Улс дэлхийн улсуудтай хийх эдийн засгийн өрсөлдөөнд ялагч болохын тулд ямар стратеги баримталж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх тухайд бид сайтар тунгаан бодох ёстой. Тэрхүү стратегийг боловсруулахад мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, мэдлэгийн манлайлагчид та бүхэн оройлон оролцох үүрэгтэй гэж бодож байна. Монгол Улсын үйлдвэржилтийг манлайлах тэрхүү эрхэм үүргээ биелүүлэхийн тулд энэ салбар өөрөө хүчирхэгжин хөгжих зайлшгүй шаардлагатай.
Үндэсний үйлдвэрлэлээ төрийн бодлогоор дэмжих хүрээнд мэдээллийн технологийн хөгжлийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Аж үйлдвэрийн салбарын үндсэн дэд бүтэц болсон энэ салбараа анхаарахгүй орхивол хөгжил ирэхгүй. Салбар бүрийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар тусгайлан төлөвлөвөл зохилтой.
Төрийн бүх үйлчилгээнд мэдээллийн технологийг улам бүр нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий. Чингэхдээ дотоодын компаниудын үйлчилгээг авахыг урьтал болгох нь зүйтэй юм. Төрийн үйлчилгээг автоматжуулах хүрээнд төрийн үйл ажиллагааны бизнес процессийг дахин инженерчлэн оптимизаци хийж, ажлын бүтээмж, чанарыг хянахад дөхөмтэй болгох нь орчин үеийн наад захын шаардлага болж байна.
Төрийн байгууллагууд дэргэдээ төслийн нэгж байгуулан программ хангамж бүтээх оролдлого хийсээр байгаа нь буруу хандлага юм. Үүнийг даруй зогсоох хэрэгтэй. Аж үйлдвэрийг дэмжих төрийн бодлогын хүрээнд импортийг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих механизмийн эхлэлийг тавьсан. Энэ бодлогоор мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.
Миний хөндөх хоёр дахь үндсэн чиглэл нь программ хангамжийн чиглэлээр ойрын ирээдүйд хийж болох ажлын тухай юм. Мэдээллийн технологи нь улс орны хөгжлийн хурдасгуур дэд бүтэц мөн. Энэ салбар дахь үндэсний үйлдвэрлэгчдийн гол цөм болсон программ хангамжийн төлөөлөгчид та бүхэн өөрсдөө салбарынхаа хөгжлийн төлөө хийвэл зохих олон ажил бий.
Эдгээрээс заримыг дурдвал: үйлдвэржилтийг дэмжих төрийн бодлогод мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх үүргийн үндэслэлийг тодорхойлж тусгуулах, программ хангамжийн салбарт төрийн байгууллагууд нь хувийн хэвшлийн компаниудтай өрсөлдөгч биш, дэмжигч байх ёстойг бодлого тодорхойлогчдод ойлгуулж, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн менежментийг сайжруулах бодлого боловсруулж хуульчлах, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, кибер ертөнцийн аюулгүй байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдлын тогтолцооны салшгүй хэсэг гэдгийг төрийн институциуд, бизнесийн салбарын удирдагчдад ойлгуулах цогц үйл ажиллагааг явуулахад төртэй хамтран ажиллах гэхчлэн урт жагсаалт үүснэ.
Орчин цагийн мэдлэгт тулгуурласан инновацилаг аж үйлдвэрийг хөгжүүлэхэд аж үйлдвэр, их дээд сургууль, төрийн гурвалсан хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болж байна. Инноваци, энтрепренершипийг хөхүүлэн дэмжих энэхүү шинэ загварыг үүсгэн хөгжүүлэхэд мэдээллийн технологийн салбарынхан манлайлах үүрэгтэй гэдгийг дахин хэлье.
Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
УИХ-ЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2015 оны 11 дүгээр сар 11
URL: