Ер бусын гоо хүүхний тухай Ертөнц дахины шохоорхол
Гоо бүсгүйн хамгийн анхны тэмцээн Гера, Афина, Афродита гурван бурхны дунд явагдсан гэж үздэг. Тэд шүүгчээр Парис хэмээх ганц хүнийг урьсан бөгөөд гол шагнал нь алим байлаа. Ингээд хамгийн сайхан хэмээх цолыг Афродита хүртэж, эндээс л “Хэрүүлийн алим” буюу гурвалсан дайн эхэлсэн домогтой. Эртний Трой хотод Илионы хамгийн сайхан бүсгүйг шалгаруулдаг байжээ. Энэхүү тэмцээний шүүгчид нь дуучид, барималчид, уран илтгэгчид гэсэн бүрэлдэхүүнтэй байсан гэдэг. Хамгийн эртний бичиг дурсгалд үлдсэн гоо сайхны тэмцээн Манай эриний өмнөх тавдугаар зуунд эртний Грект буюу Коринфт болж байсан байна. Тухайн үед Коринфыг Кипелис хэмээх хаан удирддаг байсан бөгөөд тэрбээр газрын бурханд зориулж сайхан бүсгүйн тэмцээнийг анх санаачилжээ. Тэр үед ганган, сайхан охид шүүгчдийн өмнө гарч ирж, тэдний хамгийн хөөрхөнд нь “Алт эзэмшигч” хэмээх нэр хайрладаг байж. Грекчүүдэд энэ баяр маш ихээр таалагдсан тул тэр цагаас эхлээд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн тогтмол явагдах болжээ.
Ялангуяа Эгейн тэнгисийн Лесбос аралд болсон тэмцээн түүхэнд хамгийн тодоор үлдсэн байдаг. Эртний Вавилонд гоо сайхныг жинхэнэ ёсоор үнэлдэг байсан гэхэд болно. Гоо сайхны тэмцээний дараа шалгарсан бүсгүйчүүд зөвхөн “Сайхан” хэмээх цолыг хүртээд зогсохгүй охидын нэрийг чангаар дуудахад баян эрчүүд үнэ хаялцдаг байж.
Ингээд тэмцээний үед хэлсэн үнээр эрчүүд охидыг худалдан авж гэргийгээ болгох жишээтэй. Нэлээд хожуу Османы эзэнт улс хэдийгээр Исламын ёс журамтай ч татвар эмсийн дунд хамгийн сайхан бүсгүйг шалгаруулдаг болжээ. Австрали, Номхон далайн арлуудын уугуул иргэд 20-р зуун хүртэл гоо сайхны тэмцээн зохион явуулдаг байсан бөгөөд үүнд нөхөрт гараагүй, гадаад үзэмжээрээ төгс бүсгүйчүүд нүцгэлж, хоорондоо өрсөлддөг, эцэст нь тэмцээний ялагчийг тосгоны тэргүүн авч суудаг эрхтэй байж.
Мөн Орост хааны эхнэрийг гоо сайхны тэмцээнээр сонгодог байсан бөгөөд тэмцээнд улс улсын бүх гэр бүлийн охид заавал хүрэлцэн ирэх ёстой. Тэмцээнд оролцогсдод зөвхөн эрүүл, сайхан байх гэсэн хоёрхон зарчим шаарддаг, харин хөрөнгө мөнгөний байдал үүнд огт нөлөөлөхгүй. Тэмцээний гол шагнал нь “Хааны хатан” хэмээх цол. Тиймээс Оросын хаад байсхийгээд л сайхан бүсгүйн тэмцээн зохиож, тэр болгонд эхнэрээ сольдог байжээ.
Европт дундад зууны үеэс эхлээд сайхан бүсгүйн тэмцээнийг зохион байгуулахыг хориглосон байх бөгөөд энэ нь сайхан бүсгүйчүүдийг шулмын талд үйлчилдэг гэсэн шашны үзэл сурталтай холбоотой аж. Харин эртний Хятадад сайхан бүсгүйг сонгох тусгай дүрэмтэй байсан бөгөөд хамгийн сайхан бүсгүйг олны дундаас сонгож аваад сүнсэнд ёслолын байдалтайгаар өргөл болгон тахидаг байжээ. Иймэрхүү ёслолыг инкүүд болон малайзчууд бас хэрэгжүүлдэг байж.
Монголын эртний хаад гоо эмс шалгаруулж байсан түүхэн баримт бас бий. Хятадын хааны элч Чао Хун Монголд Өгөөдэй хаантай уулзаж, замын тэмдэглэл бичиж үлдээсэн байх бөгөөд үүндээ Өгөдэй хааны татвар эхнэрүүдийн сайхныг гайхаж “Тэд даанч үзэсгэлэнтэй бөгөөд хааны хайр дурлалыг хэтэрхий булаажээ” гэж шагширсан байдаг.
Дорно дахины их, бага арван ухааны сударт эмэгтэйн гоо сайхныг гол бүлэг болгож оруулсан нь хүн төрөлхтний удаан хугацааны ажиглалт, туршилт мөн болохыг илтгэнэ.
Эрдэнэт хүний бие цогцосыг олж төрсөн үй олны дотроос гоо сайхны охь манлай болсон хэм тэгш, үлэмж үзэсгэлэн бүрдсэн бодьгалыг шинжин сонгох тэрхүү судлал нь жинхэнэ Дорно дахины шинжийг олоод зогсохгүй хүний бие эрхтэний гадаад шинжээр дотоод мөн чанар, хувь заяаны зам зургийг тодорхойлох хэмжээнд хүртэлээ хөгжин гүнзгийрчээ.
Африкийн Уганда улсад эрт дээр үед гоо бүсгүйн тэмцээн явуулдаг байсан ч оролцогч эмэгтэйчүүдийн нүүрийг хүмүүст харуулахгүй, зөвхөн өгзөгийг нь харуулдаг, нэг ёсондоо сайхан өгзөгтэй бүсгүй ялагчаар тодордог байж. Мөн эртний Грект бүсгүй хүний өгзөгийг ихэд шүтэн биширч, маш хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд тэд сайхан өгзөгтэй эмэгтэйг бурханы элч гэж үздэг байсан байна.
Дундад зууны үеийн германчууд сайхан хүүхний өгзөгний тусламжтайгаар өөрсдийгөө хуй салхинаас хамгаалдаг байсан гэх сонин баримт ч бий. Тэд хуй салхи дэгдэх үед сайхан хүүхний өгзөгийг цонхоор харуулахад байгалийн ямар ч гамшигийг зайлуулж чадна гэж итгэдэг байж.
Яг л манайхны нөгөө “Гоёодох” буюу хүзүүндээ юм оруулчихсан тохиолдолд сайхан хүүхэн мөргөвөл зүгээр болдог гэх домтой төстэй. Эртний Перст бүсгүй хүний өгзөгний ачаар урлагийн бүхэл бүтэн чиглэл үүсч, өндөр ур чадвартай ваарчид зөвхөн өгзөг угаахад зориулж маш гоёмсог ваар урладаг байжээ.
Эртний ромчууд ч өгзөгөнд хүндэтгэлтэй хандаж, нэгэн өвөрмөц тоглоом бодож олсон байдаг. Тэд өгзөгийг улаан өнгөөр будаж, нүд ам зураад этгээд бүжиг хийх бөгөөд энд өгзөг гол дүрийн жүжигчин болох нь ойлгомжтой. Эртний Египетэд нөхөрт гараагүй бүсгүйчүүд нүцгэн өгзөгөөрөө чулуун дээр суух хориотой байж. Ухаандаа өгзөг “гомдож”, бүсгүй нөхөрт гарч чадахгүй гэж үздэг байснаас тэр.
Шотландчууд дайн тулаанд орохын өмнө дайсныхаа өмнөөс нүцгэн өгзөгөө гарган харуулж, бах таваа хангадаг байсан бөгөөд энэ нь сэтгэл зүйн дайралтаас гадна эцсээ хүртэл тулалдана гэсэн утгыг илэрхийлнэ. Яагаав нөгөө Мил Гибсоны тоглодог “Хатан зүрх” кинон дээр шотландчууд дайн эхлэхийн өмнө дайсныхаа өөдөөс бөөн бөөнөөрөө өгзөгөө харуулан даажигнадаг шүү дээ.
Намиби улс сайхан хүүхний өгзөгөнд зориулсан бүхэл бүтэн суварга босгожээ. Уг олдворыг 1947 онд малтаж гаргасан ч чухам юуг илэрхийлснийг тайлж чадахгүй байсан гэдэг. Дундад зууны үед шашны мухар сүсэгтэнүүд өгзөгөөр жигшил төрүүлж болно гэж үзээд ад чөтгөрийг айлгадаг, хэрвээ өгзөгөө чөтгөрт харуулбал чөтгөр хамаг хүч чадлаа алдаж, ум хумгүй зугтана гэж итгэдэг байсан байх юм.
Өнөө цагийн хамгийн үнэтэй бөгөөд алдартай өгзөг гэвэл Женнифер Лопезийн 300 сая доллараар даатгуулсан алим шиг гоё өгзөг гэж бид төсөөлдөг. Тэгтэл нэрт дуучин Мариан Кери сайхан том өгзөгөө нэг тэрбум доллараар даатгуулсан гэх хачирхалтай мэдээлэл бас байх юм. Дуучин хүн уг нь хоолойгоо даатгуулмаар… Тэгтэл хаа холын өгзөгөө даатгуулж байхыг бодоход их л алдартай, бас эзэндээ их өгөөжтэй өгзөг бололтой.
Мөн нэрт дуучин Тина Тернер хоолойгоо даатгуулахын оронд хөлөө 3,2 сая доллараар даатгуулсан бол дуучин Риана савх шиг нарийхан хөлөө нэг сая доллараар даатгуулсан байх юм. Харин загвар өмсөгч Хэйди Клам урт сайхан хөлөө 2.2 сая доллароор даатгуулсан нь ёстой л нүдээ олсон гэлтэй. Учир нь загвар өмсөгч хүний тайзан дээр гайхуулдаг ганц ид шид нь урт сайхан хөл шүү дээ.
Бие эрхтэнээс гадна сайхан инээмсэглэлээ хүртэл даатгуулсан хүн байх юм. Жишээ нь жүжигчин Америка Феррера ялдамхан инээмсэглэлээ 10 сая доллароор даатгуулжээ. Нэрт жүжигчин Бетте Дэвис бэлхүүсээ 357 мянган доллароор даатгуулсан бол жүжигчин Орнели Мути хоёр сайхан хөхөө 350 мянган доллароор даатгуулсан байна.
Гэвч энэ юу ч биш. Нэрт дуучин Долли Партон сайхан том сэргэр хөхөө 3.8 сая доллароор даатгуулжээ. Ер нь өнөө цагт дэлхий дахинд сайхан хөл, сайхан хөх, сайхан өгзөг мэт нь сайхан царай, сайхан хоолой, сайхан сэтгэлээс илүү таашаагдах хандлагатай болсныг эдгээр алдартнуудын байдал төрх гэрчилж байна.
Харин эрт дээр үед эмэгтэй хүний хөхийг нэг их үнэлж биширч байсангүй. Гагцхүү сексийн харилцааны салбарт судалгаа хийдэг Италийн мэргэжилтэнүүд эмэгтэй хүний хөхний хэмжээ болон хэлбэрт үндэслэн хувь хүний онцлогийн талаар олон зүйлийг хэлж болно гэж баталжээ.
Сексологич Пьеро Лоренцони “Бүсгүй хүний хөх нь оддын зурхайгаас илүүтэйгээр тухайн хүний зан аашийг тодорхойлдог гэж үзжээ. Тэрбээр эмэгтэй хүний хөхийг янз бүрийн жимс, жимсгэнэтэй зүйрлэж, орондоо хэр авъяаслагийг нь хөхөөр нь шинжиж болдог сонин янзын судалгаа хийсэн байх жишээтэй.
Харин Америкийн эрдэмтэд хүний гадаад байдлыг оюун ухааны чадавхитай харьцуулан судалсаны үндсэн дээр “Сайхан хүүхэн ухаантай” гэсэн сонин дүгнэлт гаргажээ. Тэдний үзэж буйгаар гоо төрсөн бүсгүй, нүдэнд дулаахан эр хоёр зөвхөн гадаад байдлаараа төдийгүй дотоод ертөнцөөрөө ч ижил төстэй юмсанж. Хүний гадаад төрх хэдийчинээ аятайхан байвал оюун ухааны хөгжлийн үзүүлэлт дээгүүр байдаг гэж судлаачид тогтоожээ.
Судалгааны гол хэрэглүүр нь биеийн хэмжигдэхүүнүүдийн харьцаа бөгөөд энэ харьцаа хэдийчинээ тэнцвэртэй байвал, өөрөөр хэлбэл биеийн зүүн тал нь баруун талтайгаа ямар ч өөгүй адилхан байвал үзүүлэлт өндөр байна гэсэн үг юм. Судалгааны дүнг оюун ухааны сорилын аргаар баталжээ. Мөн саяхан Брунелийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний тачаангуй байдлын жишгийг тогтоосон байна.
Хамгийн тачаангуй, дур булаам эмэгтэйчүүд нь намхан нуруутай, урт хөлтэй, бас том хөхтэй байдаг нь эрдэмтэдийн судалгаагаар батлагдсан байх бөгөөд үнэндээ Мэрилин Монро, Скарлетт Йоханссон, Рэкуэл Уэлч зэрэг 20-р зуун болон 21-р зууны хамгийн дур булаам эмэгтэйчүүд чухам л ийм дүр төрхтэй билээ.
Энэхүү туршилтыг зохион байгуулагч Уильям Брауны ярьж байгаагаар иймэрхүү бие бялдартай хүүхнүүдийн биед ямарваа нэгэн бүдүүлэг, эршүүд шинж үгүй тул эсрэг хүйстнийхээ хувьд тун ч сэтгэл татам байдаг аж.
Түүнээс гадна биеийн харьцаа тун их үүрэгтэй. Ер нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүсийн хувьд биеийн харьцаа зөв байх явдал нь гоо зүйн талаас маш дур булаам байдаг гэж үздэг. Бид ихэвчлэн өндөр, хөлний урт, нарийн бүдүүн, цээжний өргөн гэх мэт нүдэнд шууд тусах гоо сайхан эд эрхтэнд л хараагаа унагадаг.
Чухам ийм л учраас тийм ч өндөр биш, урт хөлтэй, илт мэдэгдэхүйц хөхтэй зэрэг бүхий л эмэгтэйлэг шинжийг агуулсан эмэгтэйчүүд эрчүүдийн оюун ухааныг маш чадамгайгаар ховсддог байна. Мөн дээрхи эрдэмтэд олон арван эрэгтэй хүний сэтгэл зүйд дүн шинжилгээ хийгээд эмэгтэй хүний царайны хамгийн царайлаг төрхийг тодорхойлжээ. Жишээ нь эмэгтэй хүн өндөр духтай, мэдрэмтгий уруултай, хурц шанаатай, том нүдтэй байвал хамгийн хөөрхөнд тооцогддог байна.
Шотландын их сургуулийн доктор Дэвид Перретт Европ болон Японы олон арван царайлаг бүсгүйн зургийг судлан харьцуулж үзээд хамгийн гоёмсог царайны хэлбэр нь “Зүрхэн хэлбэр” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Олон түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн секс бэлэг тэмдэг болсон Анжелина Жоли чухам л ийм хэлбэртэй билээ. Монголчууд бид “Бүсгүй хүний үс урт, ухаан богино” гэж ярьж, бичсээр ирсэн. Зөвхөн монголчууд бус дэлхийн ихэнх улс орон иймэрхүү ойлгоцтой байдаг. Харин үүнийг ор үндэсгүй худлаа хэмээн Английн эрдэмтэд баталсан байх юм.
Лондоны их сургуулийн дэргэдэх боловсрол, хүмүүжлийн хүрээлэнгийн эрдэмтэд 50 гаруй насны 10 мянган хүн дээр туршилт явуулсаны эцэст “Эм хүн аливаа юмс үзэгдлийн цаад учрыг эр хүнийхээс хурдан хүлээн авч, түргэн сэтгэдэг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэр ч байтугай нас ахих тусам эмэгтэй хүний ой ухаан сайжирч, харин эрчүүд мартамхай болдог нь тогтоогдсон бөгөөд эрдэмтэд үүнийг эм хүний эстроген даавартай холбон тайлбарлажээ.
Сонирхуулж хэлэхэд дэлхий дахины албан ёсны гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн 1921 оны есдүгээр сарын долооны өдөр Америкийн Атлантик Сити хотод зохион байгуулагджээ. Уг тэмцээний ялагчийн титмийг Маргарет Горман хэмээх америк бүсгүй хүртэж байсан байна. 1921-1971 он хүртэл зөвхөн Америкт зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээн 1972 оноос хилийн дээс алхжээ.
Өнөө цагт “Мiss Universe” (Ертөнцийн мисс), “Miss World” (Дэлхийн мисс), “Miss Earth” (Эх дэлхийн мисс), “Miss Internetional” (Олон улсын мисс) гэсэн дэлхийн гоо сайхны дөрвөн том тэмцээн жил бүр явагдаж байна. “Miss World” тэмцээнд түрүүлсэн бүсгүй 280 мянган ам.долларын мөнгөн шагнал авах бөгөөд хачирхалтай нь уг мөнгийг шууд аваад хармаалчихгүй, гэрээнд заасны дагуу тэр даруйдаа буяны үйлсэд хандивлах ёстой юм байна.
Хамгийн гол нь мөнгөндөө биш “Дэлхийн мисс” гэдэг алдар хүнд чухал. Түрүүлсэн бүсгүйн толгойд зүүж өгөөд байдаг 16 мянган еврогийн үнэтэй алмаазан титэмийг ялагч бас өөртөө үүрд хадгалах эрхгүй. Энэ нь шилжин явах титэм бөгөөд тэмцээний ялагч бүтэн жил өөртөө байлгаад л дараа жилийн түрүүлсэн бүсгүйд гардуулж өгөх журамтай.
Яг л сумогийн цом шиг. Гэхдээ ялагчийг бас хоосон орхичихгүй. Лондон хотын төвд байрлах орон сууцанд нэг жил үнэ төлбөргүй амьдрах эрхтэй, мөн нэг жилийн хугацаанд буяны ажиллагаанд оролцдог тогтсон уламжлалтай. Харин “Miss Universe” буюу “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч бол 3500 ам.долларын үнэтэй болор цом, 4600 ам.долларын үнэ бүхий бэлэг дурсгалын цуглуулга, 10 мянган ам.долларын бэлгийн эрхийн бичиг, Нью-Йоркийн Кино телевизийн сургуульд хоёр жил сурах, 45 мянган ам.доллартай тэнцэх тэтгэлэг болон ивээн тэтгэгчдийн гарын бэлэг гэх мэт мундашгүй олон шагнал хүртдэг юм байна.
Гэхдээ түрүүлсэн бүсгүйн толгойд зүүж өгдөг 270 мянган ам.долларын үнэтэй алмаазан титэм нь дараа жил нь өөр бүсгүйд шилжээд явчих жишээтэй. “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс” тэмцээнд түрүүлсэн бүсгүйд нэг жилийн хугацаанд цалин олгож, гоо сайхны үйлчилгээ, хувцас, орон сууц зэрэг бүхий л үйлчилгээг нь зохион байгуулагчид хангаж өгдөг аж. Үүний хариуд бүсгүй жилийн хугацаанд буяны ажилд оролцох ёстой. “Miss Internetional” буюу Олон улсын миссийн тэмцээнд түрүүлсэн бүсгүй мөн л шилжих явах титэм толгойдоо зүүнэ.
Уг тэмцээнд оролцогч бүсгүйчүүдийн гоо сайхныг үнэлэхээс гадна нинжин сэтгэл, найрамдал, оюун ухаан, шийдвэр гаргах чадвар, үнэнч шударга зан төлвийн илрэл болсон “Энх тайван, гоо сайхны элч”-ийг шалгаруулдаг ажээ. Монголын үзэсгэлэнт охид, бүсгүйчүүд “Мiss International”, “Miss Intercontinental”, “World Miss”, “Miss Tourism World” зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцсоор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр тэмцээнүүдэд оролцох бүсгүйчүүдийг сонгон шалгаруулах эрхийг “Мисс Монголиа” холбоо эзэмшдэг юм.
Тус холбооноос Олон улсын “Мiss International” тэмцээнд оролцох Монголын төлөөлөгчийг 2004 оноос албан ёсоор шалгаруулж эхэлсэн бөгөөд Монгол орны гоо сайхан, үнэт зүйлсийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилах, Монголын охид, бүсгүйчүүдийн мэдлэг, боловсрол, харилцааны соёл, гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилготой.
Харин манай бүсгүйчүүд “Мiss Universe” буюу “Ертөнцийн мисс” тэмцээнд оролцож байсангүй. Уг тэмцээнийг оросоор “Мисс Вселенная” гэдэг бол монголоор “Орчлонгийн сайхан хүүхэн” гэдэг. Уг тэмцээн 1952 оноос эхэлж АНУ-ын аль нэг хотод явагддаг байснаа 1973 оноос дэлхийн бусад орнуудад зохиогддог болсон байна. Хамгийн өндөр шагналтай “Орчлонгийн сайхан хүүхэн шалгаруулах тэмцээн” нь оролцогчдынхоо тоо, үүх түүх, нэр хүндээрээ дэлхийд хоёрдугаарт орох тэмцээн юмсанж.
Хэрвээ манай бүсгүйчүүд уг тэмцээнд оролцож гэмээнэ орчлонгийн сайхан хүүхнээр тодордоггүй юмаа гэхэд нэлээд дээгүүр гишгэх магадлалтай юм. Энэ нь гадаадын олон улс орноор явж юм үзэж, нүд тайлсан хүний үгээр батлагдаж байна. Жишээ нь дэлхийн 90 гаруй орноор ажил төрөл, аялал жуулчлалын шугамаар зорчсон улс төрийн тоймч Ж.Дашзэвэг гуай өгүүлэхдээ “Ертөнцийн хүүхнүүд бүгд сайхан. За яахав, нэг нууц дэлгэхэд франц хүүхнүүд герман бүсгүйчүүдээсээ арай л царай муутай.
Тэгээд урагшлаад Польш руу орохоор тэндхийн хүүхнүүд Франц, Германаасаа царайлаг. Ингээд орос охид польш охидоос гоё болж наашилсаар миний Монголын охид, бүсгүйчүүдээс илүү сайхан хүүхэн хорвоод байхгүй болчихож байгаа юм” гэж өгүүлсэн юм. Тиймээс Монголын сайхан охид, бүсгүйчүүд “Орчлонгийн сайхан хүүхэн шалгаруулах тэмцээн”-д оролцох цаг болсон бус уу.
Дэлхийгээр нэг тэнэж, юм үзэж, нүд тайлсан “Шар айраг”-ийн Г.Ганхүү өгүүлэхдээ “Хамгийн сайхан бүсгүйчүүдтэй улс орон бол Монгол. Би яг жинхэнээсээ хэлж байна. Барууны хүүхнүүд монгол хүүхнүүд шиг донжтой байж чаддаггүй. Манайхан бие хаа, хувцас хунартаа онцгой анхаардаг.
Гадныхан маш энгийн хувцасладаг, футволк, шорт, шаахай, тэгээд л болоо. Гоё туфль өмссөн, гунхсан охидыг олж харна гэж бараг байхгүй дээ. Харин манай хүүхнүүд бол хөргөгчиндөө хоолгүй хэрнээ булган шуба аваад өмсчихдөг шүү дээ. Гэхдээ яадаг юм бэ, энэ чинь гоё байхгүй юу. Энэ бол жинхэнэ монгол зан, надад яагаад ч юм бэ таалагддаг. Төрөхийн сайхан хүүхнүүдтэй улс орон гэж бас байна.
Африк, Танзанд очиход тэндхийн хүүхнүүд бол үнэхээр байгалиас заяасан гайхалтай гоё бие хаатай. Тэр өгзөг, хөх бол гайхамшигтай. Тэдэнд бэлтгэл, дасгал хийх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд наашлах тусмаа намхан болсоор байгаад Солонгос, Японд яваад очихоор юу вэ, элгийг нь аваад хаячихна шүү дээ.
Солонгосчууд хэдэн царайлагуудаа түүж кинонд тоглуулаад од болгодог. Мэдээж тэр олон сая хүний дотор ганц нэг гайгүй хүүхэн байж л таарна шүү дээ. Харин Монгол хүүхнүүд бол жигд сайхан” гэж хэлсэн удаатай.
Түүнчлэн “Хит интертаймент”-ийн Д.Давааням агсан жигд сайхны тухай өгүүлэхдээ “Нэг зүйлийг чин сэтгэлээсээ хэлмээр байна. Би дэлхийн 30-аад орноор явсан. Дэлхийд, ялангуяа Азидаа бол манай монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан. Биеэ авч яваа байдал, алхаа гишгээгээрээ хүртэл ялгардаг.
Манайхан чинь өөртөө итгэлтэй, дүүхэлзсэн алхаатай, сайхан бүсгүйчүүд шүү дээ. Солонгос бүсгүйчүүд нүүр жижигтэй байдаг бол тайвань, сингапур хүүхнүүд цэвэрхэн хэрнээ хавчиг жижиг цээжтэй, индонез, тайланд хүүхнүүд халуун оронд амьдардаг болохоор хөл нүцгэн явна. Эмэгтэй хүний хөл гэдэг учиртай шүү дээ. Тэгэхээр индонез, тайланд хүүхнүүд энэ тал дээр “бүрхэг” шүү.
Олон улсын миссийн шалгуур гэж байдаг. Өч төчнөөн зуун сая хүн амтай улс орноос мэдээж үнэхээр сайхан нь л шалгарч гарч ирж таарна. Харин манай бүсгүйчүүд нийтээрээ тэр шалгуурт илүү ойртож очно. Манай бүсгүйчүүд жигд сайхан” гэж билээ.
Мөн яруу найрагч Зундуйн Дорж гуай “Эр хүн бол аль ч улс оронд очоод эхлээд хүүхнүүдийг нь л хардаг шүү дээ. Газар газрын хүүхэн шал ондоо байдаг юм. Ондоо ондоодоо Дундад Азийн хүүхнүүд гэхэд нэг ондоо. Кавказын хүүхнүүд гэхэд Лерментовын Велла шиг хар нүдтэй, ичимхий зантай, Зүүн Өмнөд Ази, Балканы хойгийн хүүхнүүд гэхэд бас шал ондоо. Тэс ондоо намба төрх харагдаад байдаг юм.
Монгол хүүхэн бол тэдний дундаас хамгийн содон нь байгаа юм. Би монгол хүн учраас тэгж хардаг байж магадгүй. Манай хүүхнүүд үнэхээр жигд сайхан хүүхнүүд. Хэн ч үгүйсгэж чадахгүй. Монгол ёсоороо, Монгол иш онолоороо, Монгол төрхөөрөө явах юм бол Монголыг авч явах нэг үндсэн шалтгаан нь монгол хүүхнүүдэд л байгаа юм” гэж хүүрнэж билээ.
Дашрамд өгүүлэхэд топ моделиудын алтан зарчим гэгддэг 90-60-90-ийн эргэн тойронд зөв, буруу гэсэн маргаан их дэгддэг. Бидний өвөг дээдэс хариугүй туранхай хүнийг өвчин зовлонтой, ядуу зүдүүгийн шинж тэмдэг, харин мах мариатай хүнийг баян тарган, эрүүл чийргийн шинж тэмдэг гэж үзсээр ирсэн.
Харин өнөө цагт энэхүү үндэсний стандарт үгүй болж охид бүсгүйчүүд маань шүтэн бишрэгч топ моделиудынхаа гадаад төрхийг дуурайж, ингэснээр баяр баясгалантай амьдралд хүрнэ гэж мөрөөддөг болсон нь нэг тиймэрхүү. Өөрийнхөө биеийн төрөлх онцлог шинжийг хүлээж авахгүй байна гэдэг нь эрүүл мэндээ алдаж байна гэсэн үг.
Учир нь хоолны дэглэм хэт барьсанаас болж бие организм өвдөж, эвгүйцэж байгаа дохиог хүлээж авахаа больдог бөгөөд үүнээс үүдээд ямар нэгэн өвчин туссанаа мэдрэхгүй хүндрүүлж орхидог аюултай билээ. Хүн гэдэг оюуны чадвар, гадаад төрхөөрөө дахин давтагдашгүй гайхамшигт байгалийн бүтээл болон ертөнцөд мэндэлдэг. Гэтэл эмэгтэй хүн бүхний өндөр 170 см-ээс дээш, жин 50-55 кг, цээж, бүсэлхий, өгзөгний тойрог 90:60:90 байх ёстой гэсэн стандартыг ямар нь гаргаж ирэв ээ?
Эмэгтэйчүүдийн гоо сайхны талаархи энэ харгис төсөөлөл нь бүсгүй хүн нийгмийн амьдралд оролцох ёсгүй, айл гэрийн гал голомтыг сахигч галын бурхан гэсэн эртний домог хуучирч эхэлсэн Барууны аж үйлдвэрийн хувьсгалын үед гарч иржээ. Энэ үзэл нь эмэгтэйчүүдийг идэвхтэй амьдралаас холдуулах гэсэн хуучин нийгмийн албадлагын үүргийг биелүүлэх орчин үеийн хэрэгсэл гэж эрдэмтэд үзэж байна.
Орчин үеийн ардчилсан орнуудын эрх зүйн тогтолцоо бүхэлдээ эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан ч “Гоо үзэсгэлэнгийн домог” гэгч нь эмэгтэй хүний хөгжлийн эсрэг нүдэнд үл үзэгдэх дайсан болсоор байгаа юм. Эмэгтэй хүн яагаад заавал 90:60:90-ийн биеийн харьцаатай байх ёстой гэж?
Эртний Мисирийн домогт хатан хаан Клеопатра ингэхэд 170 см өндөр, 90:60:90-ийн харьцаатай байсан юм гэж үү? Ганган дэгжин хүүхнүүдийн гоё сайхан биетэй болох гэсэн шаргуу зүтгэл нь өнөө цагт тахал болж тархаад байгаа бөгөөд энэ нь сайн юманд хүргэхгүй гэдгийг анагаах ухааны мэргэжилтэнүүд сануулж байна.
Поликлет, Пифагор, Леонардо да Винчи нарын тооны аргаар шалган тааруулсан эмэгтэй хүний биеийн маш зохистой хэлбэр галбирын жаягт бүх цаг үеийн иргэншил өөрийн гэсэн гоо сайхны төрхтэй өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн байдаг. Гоо сайхны охин тэнгэр Афродитагийн гантиган хөшөөг хэмжиж үзвэл тэр үеийн хамгийн сайхан бүсгүйг 164 см-ийн өндөртэй, 90-60-90 бус 89-69-93 харьцаатай байсныг мэдэж болох ажээ.
Домогт ч бас өөрийн гэсэн үнэн тал байдаг бололтой. Москвагийн гоо сайхны хүрээлэнгийн мэргэжилтэн, Анагаах ухааны дэд эрдэмтэн Елена Подляшук “…Нэртэй загвар өмсөгчдийн биеийн галбир генд нь сууж өгсөн байдаг. Гэвч сүүлийн үед генд нь сууж өгөөгүй биеийн галбирын хойноос загвар өмсөгчид хэт тэмүүлдэг болжээ. “90:60:90” гэдэг маш зохистой бие галбирын үзүүлэлтүүд хуучин болоод шинэ ертөнцийн сая сая хүүхний алтан хэмжүүр болж байна. Эртний Грек, Ромын сайхан хүүхнүүдийн биеийн энэ харьцаа нь өнөө цагийн хүүхнүүдийн хувьд хүршгүй оргил нь юм.
Байгаль дэлхий хэн нэгэн бүсгүйд “90:60:90” гэсэн бие заяагаагүй бол өөрийгөө ямар нэгэн байдлаар тамлах хэрэг гарна. Гэвч үр дүн нь тийм ч сайхан биш. Энэхүү “алтан зүсэлт” болсон үзүүлэлтүүдийг хөшөө, барималд зориулж гаргасан гэдгийг сануулъя. Хүүхнүүдийн хувьд энэ нь хүрч болшгүй зүйл. Учир нь хүн бүхэн өөрийн гэсэн өндөр, жин, гентэй шүү дээ” гэж эрсхэн мэдэгджээ.
Өнөөгийн бидний гол шалгуур болгож тавиад байгаа “90:60:90” гэсэн биеийн харьцаа аль дивангарын Грек, Ромд хүчтэй ноёрхож байсныг бодоход эрт цагийн хүүхнүүд аргагүй л “Туяхан согоо” гээч нь байсан бололтой. Нийтээр хүлээн зөвшөөрсөн гоо сайхны жишиг болох хайр дурлалын охин тэнгэр Милосскаягийн биеийн гол гол хэмжээсийг дурдваас цээжний тойрог нь 94 см, бүсэлхийний тойрог нь 62 см, ташааны тойрог нь 94 см юмсанж.
Ер нь эртний Грек, Ромын “Туяхан согоо”-нуудын биеийн харьцаа “94:62:94” байсан бололтой. Гэтэл өнөө цагт үүнийг улам нарийсгаад “90:60:90” болгочихсон нь орчлон ертөнцийн хөгжил дэвшилтэй холбоотой болов уу. Хэрвээ эрт цагийн “94:62:94” гэсэн харьцааг эрхэм болгосон бол өнөө цагийн хүүхнүүд биеэ “тамлах” нь эрс багасах байлаа. Өндөр зэгзгэр биетэй, Европ зүгийн хүүхнүүд бол “90:60:90” гэсэн хэмжүүрт дөхөж очно. Харин Ази, Африк хүүхнүүдэд бол энэ хэмжүүр арай л хатуудах болов уу.
Ер нь “90:60:90” гэсэн хэмжүүрийг эсэргүүцдэг хүн олон байдаг бөгөөд ялангуяа таргалж бүдүүрэхдээ туйлын амархан оросууд ихэд эсэргүүцдэг юмсанж. Манайхан ч бас эсэргүүцдэг. Жишээ нь зураач Д.Бат-Эрдэнэ энэ тухай “Зураач хүмүүс эмэгтэй хүний биеийн хэлбэрийг мэргэжлийн нүдээр шууд л хардаг. Гэхдээ энгийн хүн ч гэсэн харж л байгаа шүү дээ. “90:60:90”-ийг би гоо сайхны хэмжүүр гэж хэлэхгүй.
Эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүр гэдэг чинь огт өөр юм байдаг. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн сайхан гадна талдаа нэвт харагддаг. Тэр чинь л жинхэнэ гоо сайхан шүү дээ. Улс үндэстэн болгон гоо сайхны талаар өөрийн гэсэн үнэлэмжтэй, тэр үнэлэмжээрээ “Ийм хүнийг төгс эмэгтэй гэдэг” гээд уламжлалт урлагтаа хүртэл шингээсэн байдаг. Гэтэл яагаад хаа байсан европ эмэгтэйгээс олж хардаг “90:60:90” гэсэн гоо сайхныг монгол бүсгүйчүүдээс нэхээд байдаг юм бэ? Энэ надад үнэндээ хачин санагдаад байдаг юм. Тэгж харьцуулах боломжгүй” гэж эрс шулуухан хэлж байлаа.
Харин дэлхийн олон арван улс орноор аялсан “Шар айраг”-ийн Г.Ганхүү “Эмэгтэй хүн 90:60:90 байх ёстой гэсэн стандарт хэмжээ өнөө хүртэл хэвээрээ л байна. Тийм хүн ховор ч гэсэн тийм байхын төлөө зүтгэ л дээ. Яагаад болохгүй гэж” хэмээн монгол бүсгүйчүүдийг зоригжуулж байсан удаатай. Эмэгтэй хүний төгс чанар бол 90:60:90 гэдэгтээ биш юм. Харин эмэгтэй хүний байгалиас заяасан хамгийн эрхэм нандин чанар бол хүүхэнлэг бөгөөд тачаангуй дүр төрх болой.
Эгэл жирийн нүүр царайтай атлаа донж төрхөөрөө эрчүүдийн дурыг татаж, хүслийг бадраадаг эмэгтэй олон байдаг. Ер нь ч тэгээд эрчүүд эсрэг хүйстэнийхээ жамаар бүсгүй хүний тачаангуй байдлыг голчлон анхаардаг нь нууц биш. Ингэхэд эмэгтэйчүүдийн тачаангуй төрх гэж юусан билээ? “Даян дэлхийн эмэгтэйчүүдийн алтан нууцын цомирлог” хэмээх алдартай ном бичсэн Японы нэрт сексологич эмэгтэй Элиза Танака энэ тухай өгүүлэхдээ “Эмэгтэй хүний тачаангуй төрхийг зөвхөн сайхан царай, гоолиг бие бялдараар хэмждэг бус, энэ нь олон янзын эх булгаас ундарч байдаг.
Жишээ нь хамгийн гоё царай зүстэй, бие бялдар тэгш бүсгүй хүүхэд ахуй цагтаа хүнд хатуу дарамтанд нухлагдсан бол тачаангуй төрхийн тухай түүнтэй ярих хэрэггүй. Эмэгтэйн тачаангуй төрх гэдэг бол өөртөө итгэлтэй, хүч чадал, боломж, хүсэл тэмүүлэлээ бүрэн итгэн ухамсарласан цоглог эмэгтэйг хэлнэ” гэсэн байдаг. Ер нь бүсгүй хүний тачаангуй төрх сэтгэл зүйн олон үзүүлэлтээс хамаардаг.
Ялдам хайр энэрэлтэй, баяр баясгалантай, бусдыг өөртөө татах эрмэлзэлтэй байхаас хамаарч дур татам дүр төрх тодорч байдаг бөгөөд эмэгтэй хүний гадаад дүр төрхөд ялгаран харагдах өнгө будаг, гэрэл гэгээ, дуу авианаас дотоод мөн чанар ундарч байдаг билээ. Гэхдээ завхайдуу буюу биеэ үнэлэгч хүүхнүүдийг ялдам сайхан эмэгтэй гэж зуун хувь дүгнэж бас болохгүй.
Ийм хүүхнүүд урин тачаангуй, сэтгэл татам, бишрэм дүр төрхтэй байлаа ч энэ нь сайхан эмэгтэйн үлгэр загвар биш билээ. Эмэгтэйчүүдийн тачаангуй байдалд нийгмийн тогтолцоо онцгой нөлөөтэй, бүр шийдвэрлэх нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Оюун ухааны хөдөлмөр эрхэлдэг, нэг ёсондоо албаны эмэгтэйчүүд тачаангуй дүр төрхөөрөө гэрийн ажилтай эмэгтэйгээс илт ялгарч, бэлгийн үйл амьдралаа идэвхтэй хөтлөн явуулдаг бөгөөд нийгмийн амьдралд эмэгтэй хүн хэдий чинээ идэвхтэй оролцох тусам өрсөлдөөний хатуу тоглоомонд төдий чинээ татагдаж, дотоод тачаангуй чанартаа зуун хувийн сэтгэл ханамжийг олж авдаг байна.
Ийм эмэгтэйчүүд эрчүүдийг өөртөө татахаасаа илүү биеэ даасан идэвхтэй алхаагаар түмнийг шагшруулдаг жамтай. Дотоод ертөнцөөрөө бүрэн бэхжиж, амьдралаас, эр хүнээс юу хүсч хүлээж буйгаа ойлгосон эмэгтэйчүүд царай зүс, бие бялдараас үл хамааран өөрийн хүсч зорьсоноо хүртэж чаддаг бөгөөд хүсэл тачаалаараа бусдыг эргүүлэн татах нууц увидасыг байгаль эх тэдэнд зуун хувь хүртээсэн байх нь олонтаа. “Эмэгтэй хүн бол ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж бий болсон” гэж Оскар Вилд хэлжээ.
“Анхилам цэцэг, аялаг бүсгүй, аяга дарс
Ай миний диваажин энэ дээ, өөр юу ч хүсэхгүй
Тэнгэрийн диваажинг өдгөө хэн ч үзээгүй явна
Тиймээс газрынхаа диваажинд амирлан жарга юу” хэмээн нэгэн найрагч бас дуу алджээ.
Анхилам цэцгэн дунд сайхан бүсгүйтэй аяга дарс шимэж суух шиг жаргал хаана байхав. Даанч байнга ингэж суух боломж тэр бүр олдохгүй. Наад зах нь гэхэд л нөгөө анхилам цэцгийг нь усалж арчилдаг нэг үйлчлэгч хэрэгтэй болноо доо. Түүнд цалин өгөх хэрэг гарна. Үүний хажуугаар нэг сайхан бүсгүйг анхилам цэцгэн дунд торгоож тогтоохын тулд чамгүй их мөнгө зарж таарна. Тэгээд л аяга дарс шимсэн шиг, аятайхан хүүхэн тэвэрсэн шиг суух юм биз дээ. Бодвол тэр аяга дарс нь их л үнэтэй дарс байх болов уу.
Тэгж байж л диваажин гэгчийн мөн чанарт ойртож очно. За яахав, үнэтэй дарс шимлээ гэж бодъё. Гэтэл нөгөө элэг, ходоод нь олон хоногийн архидалтыг нь дийлэх болов уу. Ингээд бодоход газрын диваажин гээч нь их ахархан юм байна. “Авдар авдраар нь сөгнөхгүйгээс хойш архийг юундаа амсав даа хө, амьдын жаргал эдлэхгүйгээс хойш анхнаасаа юунд дасав даа хө” хэмээн Чойном найрагч дуу алдсан нь аргагүй л амьдралыг мэдэрч бичсэн гэлтэй. Ер нь газрын диваажин гээч нь хүмүүний амьдралд цухасхан тохиодог бяцхан жаргал гэлтэй.
Нэрт сексологич Элиза Танака өгүүлэхдээ “Хэрвээ өөртөө итгэлгүй, тачаангуй эмэгтэйн үлгэр дууриал болж чадахгүйгээ голж дүгнэсэн эмэгтэйчүүд ямар ч эрийг зөвхөн үргээж чадна. Хайрын сорил тулааны талбар дээр өөрийгөө үл итгэхийн мананд төөрүүлсэн, ялих шалихгүйд санаа зовсон эмэгтэйчүүд хэзээ ч амжилт олдоггүй. Дур тачаалын оньсыг эзэмдсэн эмэгтэй гэдэг нь хүслээ хийгүй зөв илэрхийлж, дүр төрхөө ялдам цэмцгэр авч явдаг бүсгүйчүүдийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Эмэгтэй хүний үзэсгэлэн гоог судлан сурвалжилдаг Дорно дахины судлаач нар дээгүүр санаатай мисс хүүхнүүдийг “Хоосон санаатан” гэж онцолсон байх бөгөөд энэ төрлийн хүүхнүүд зөвхөн өөртөө итгэж, бүхнийг дорд үзэж, “Эрчүүд хэн ч биш. Тэд намайг тойрон эргэлдэж байх ёстой” гэж сэрүүн зүүдэлдэг юм байх. Япон, Солонгост иймэрхүү мисс маш олон байдаг бөгөөд “Зөрүүд аминч зангийн тэргүүн мисс” гэгддэг эдгээр эмэгтэйчүүд сурсан зангаараа дээш самардан мацсаар үйл нь хазайсан нэгэн эрийг оосорлож авдаг юмсанж.
Нэг ёсондоо “Ботаникийн цэцэрлэгт ургасан сондуулиг цэцэг” гээч нь болж хувирдаг байна. Ухаандаа эр нөхөр нь маш сайн цэцэрлэгч байж түүнийг илбэж таалан арчилж өндийлгөсөөр наран дор өргөж ургуулах ёстой. “Хоосон санаатан” цэцэгхэн маань хайр дурлалаа байнга илэрхийлж, илж таалж байхыг нөхрөөсөө шаардана. Хэдийгээр уян зөөлөн сэтгэл хөдлөлтэй, сайн эзэгтэйн дүрд тоглох боловч гэрийн ажил хийгээд нийгмийн асуудалд өчүүхэн ч ойлголтгүй байдаг аж.
Ерөөсөө л эрчүүдийн уран сэтгэмжийг ашиглан лааны гэрэлд оройн зоог барих, сарны туяанд хотоор зугаалах зэрэгт учиргүй урамшин баясах бөгөөд аз болж хатуу хөтүү амьдралын зах зухыг мэдэх Халх Монголын мисс хүүхнүүд иймэрхүү зан авирт өртчихөөгүй яваа нь тун олзуурхууштай.
ТЭМДЭГЛЭСЭН Б.ОЙДОВ
URL: