Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн минь
Би өнгөрсөн 5 дахь өдөр машиндаа суудлын бүрээс захиалав. Яахав хямд юм л даа. Цайзаас дугуй аваад буцаж байсан, бас ч зам дагуу юм гээд. Өнөөдөр очиж авлаа. Гэрт ирээд хийх гэтэл ерөөсөө болдоггүй ээ. Яаж ч татаад орох шинж алга. Буруу эсгүүртэй байсан уу эсвэл буруу оёсон уу бүү мэд.
Тэгээд буцаж очоод оёдолчинд нь үзүүлээд, даргад нь үзүүлээд өглөө л дөө. Яахав мөнгөө ч бүрэн бүтэн авлаа. Харин гайгүй хүн таарлаа. Хэрүүл уруул ч болсонгүй. Гэхдээ оёдолчин нь гялс ханзлаад өгье гэсэн л дээ.
Харин тэгэх үед нь ёстой уур хүрэв. Хүний цаг үрнэ. Бас анхнаасаа буруу хийсэн юмаа эвдэж заваарах юм гэнэ. Ухаан нь, гутал хийлгэсэн чинь таарахгүй байна гэнэ. Тэгсэн хөгшөөн байж бай 2 хоног том хөлтэй баагийд өмсүүлээд сунгаад өгье гэх маягийн. Ер нь тэгээд бодлоо л доо. Би чинь хирэндээ бас л үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүн шүү дээ. Urban Jeans-р лав 5 өмд захиалж хийлгэсэн. Жил болгон дээл хийлгэнэ.
Бас жилдээ 1 удаа монголдоо хийсэн гутал авчихдаг юм байна гэх мэтээр. Гэтэл дандаа л асуудалтай. Гутал нь гэхэд нэг их удалгүй улаараа салчихна. За жинс яалт ч үгүй биенээс хэмжээ аваад хийж байгаа болохоор гайгүй. Гэхдээ л хурдан цайрч гандах юм.
Ер нь бодоод байхад манай “үндэсний үйлдвэрлэгч” гэх нэртэй нөхдүүд нэг л их туньсан, гомдсон айлын эрх хүүхэд шиг л нөхдүүд байх юм. Төрөөс дэмжсэнгүй. Иргэд авахгүй байна бла бла бла…Тэдэнд ямар алдаа байдаг гээч?
- 1-д чанаргүй
- 2-д тэнгэрийн үнэтэй
- 3-д үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ “үнэ цэн”-ийг тоодоггүй.
Бизнес гэж юу юм? Үнэ цэнийг л бий болгох асуудал шүү дээ. Эхлээд юмаа чанартай, үзэмжтэй, дизайнлаг гоё хий л дээ. Бас технологи, инноваци нэвтрүүл л дээ. Үнэ өртгийн марксист хандлагаасаа сал л даа. 300-хан грам гүзээлзгэнэ 18,000 төгрөг. Ээ бурхан тэнгэр минь. Яахаараа ийм үнэтэй байдаг юм гэхээр үнэтэй үйлдвэрлэл явуулсан гэнэ. Ёстой хохь чинь шдээ үнэтэй үйлдвэрлэл явуулж байгаа бол. Гэтэл хар л даа.
Дундаж iPhone утас 180-200 орчим долларын л өртөгтэй. Гэтэл түүнийг 899 доллараар зарж чадаад байна. Яагаад? Авах хүн байгаа учраас. Яагаад авч байгаа юм? Үнэ цэнийг нь мэдэрч байгаа учраас. Гоё учраас, чанартай учраас, өөрийгөө илэрхийлж чадах учраас л тэр шүү дээ. Гэтэл манай бүх хүрээний “үндэсний үйлдвэрлэгч” нар яадаг вэ? Төрөөс татварын дэмжлэг хүснэ. Үнэндээ 20 жил дэмжлээ. Юун татвар, тэр битгий хэл тотаци, мөнгө төгрөг хүртэл өгч дэмжлээ. Зээлийн хүүг нь буурууллаа. Тэглээ гээд юу сайжрав. Улам л эрх мангар боллоо. Газар тариалангийн салбарт сандайлаад суучихсан хэдэн “буудайн эзэд” бараг л “ард түмнийхээ төлөө л ашиггүй ажиллаж байна, ер нь буяны ажил хийж байна” гэх ухааны юм ярьна.
Та нар зүгээр л хоцрогдсон байна. Уучлаарай. Залуу улсуудад ажлаа өгөөд өөрсдөө мөнгөө аваад суу гэж хэлмээр байна. Тэр буудайг хэрэглэдэг эцсийн хэрэглэгчээ сонс. За цагаан сар боллоо. Бөөн үндэсний үйлдвэрлэгч нар. Очоод харна. Байдаг л нэг эсгий таавчик, хэдэн түлхүүрийн оосор бас ур дүй, хийц муутай модон хүүхэлдэй. Тэгээд юу гэдэг гээч. Цагаан сараар бэлэг болгож өг гэнэ.
Үнийг нь асууна. 25,000-ын таавчик, 5,000-ын оосор. Хаха. Үнэ дагаад чанар гэдэг. Гэхдээ уучлаарай одоохондоо та нарын минь хийж байгаа юмны үнэ чанар 2 алд дэлэм байгаа шүү. Ийм байхад хэн наадахыг чинь авч хэдэн хүнд бэлэглэх юм бэ???? Аа тэгэнгүүт сэтгүүлч нэртэй тархины дутуу хөгжилтэй хэлээ хазсан жавжилсан хэдэн охидууд зурагтаар үнэтэй байсан ч үндэсний үйлдвэрлэлээ дэмж бла бла бла. Бараг л хил гаалиа хаагаад, татварыг 500 хувь болго бла бла бла. Ингэж үйлдвэрлэл хөгждөггүй юмаа. Тэгвэл гарц юу вэ?
-1-д Чанар
-2-д Дизайн
-3-д Үнэ. Энэ гурвыг зохицуул. Ингэхийн тулд:
-1-д Мэдлэг
-2-д Технологийн инноваци. Эцэст нь жаахан соёлтой байя.
Хүний захисан юмыг хийж чадаагүй, эсвэл буруу хийсэн бол “чимээгүй авч суръя”. Бас “100 хувь буцаалт” хийж чаддаг бай. Хэцүү л дээ. Хэцүү. Гэхдээ ингэж байж л таны бизнес чанаржиж хөгжих юм.
Таны хийсэн юм чинь чанартай шүү гэдгийг явж явж мэргэжлийн хяналт мяналт, элдэв бусын лаборатори, магадлан итгэмжлэл биш “хэрэглэгч” л тогтоодог юм. Хэрэглэгчийн үнэ цэнээ мэдэрч сур. Бас “ам маркетинг” буюу ам дамжсан яриа ямар ч хөөрхөн хүүхэн тоглуулсан рекламаас чинь илүү хүчтэй байдаг гэдгийг мэд!
URL: