Татвар төлөх хэрэгтэй юү

Улс орны эдийн засаг хүнд байна хэмээн улсын төсөв батлахдаа ихээхэн таналт хийж, татвар нэмсэн. Хоногийн хоолоо арай ядан залгуулж буй ард түмнийхээ халаасыг тэмтрэн байж ирэх оныхоо төсвийг бүрдүүлж байгаа ч төрийн албаныхны тансаглал хэрээс хэтрэв.

Аудитын ерөнхий газар шинэ тавилга худалдан авахад 49 сая 880 мянган төгрөг зарцуулсан бол аудиторуудын орон сууцны урьдчилгаанд буцалтгүй тусламж хэлбэрээр 180 сая төгрөг олгосон байх юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэхэд Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулан шагнажээ.

Тахарын ерөнхий газрынхан “Чингис хаан” цогцолборт очиж гурав хоног саатахдаа таван сая төгрөгийг хоолондоо зориулсан бол Хүүхдийн төлөө үндэсний газар “Эх орон-36” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоо хоногийн хугацаанд 84 сая төгрөг зарлагадсан байна.

“Эрдэнэс Оюутолгой” ХК нэг тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан бол “Эрдэнэс Тавантолгой” компани мөн хуулийн зөвлөх хөлслөхөд 5.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Албан өрөөгөө хаадын зураг зуруулан чимэглэж, орд музей мэт болгосон Засаг дарга ч тодроод байна.

Иргэдийн төлсөн татварын мөнгөөр учир утгагүй тансагладаг байдлыг цэгцэлж чадахгүй энэ төр татвар нэмэх тухай ярихаасаа уг нь ичих ёстой баймаар. Эхлээд төрийн тансаглалаа зогсоож, тавыг арав болгох “ухаалаг” төртэй болох тухай бодох цаг болж.

Ухаалаг төртэй, иргэдээсээ авснаа үржүүлж чаддаг, үржүүлж, арвижуулснаа эргүүлээд ард түмнийхээ тусын тулд зарцуулж чаддаг бол татвараа дуртай нь аргагүй төлөхсөн. Даанч татварын мөнгийг тансаглалын мөнгө гэж ойлгодог төртэй болохоор татвар төлөх хэрэгтэй эсэхийг эргэцүүлж нэг бодмоор санагдана.

Д.Лхагва-Очир


URL:

Нэр: bat Огноо: 11 November 2015

sanal neg bna shvv ,mash vnen vg bna demjij bna

Нэр: зочин Огноо: 11 November 2015

энэ тансаглалийг хэн хянадаг вэ 7 хоногт 84 саяыг зүгээр л салхинд хийсгээд эх орон гээд яг юу хийсэн юм бол доо мөн хуулийн зөвлөхүүд тэрбумаар зөвлөгөө өгдөг бол хаанахын улс юм болоо монгол хүн бол нэг хуулийн зөвлөгөө өгөөд л тэрбумтан болчих юм бна л даа арай бишээ татварын мөнгийг ингэж ус шиг цацахаа болиоч ээ

Сэтгэгдэл бичих