Каталоны парламент Испаниас салан тусгаарлах тогтоолыг батлав
Каталон мужийн парламент Испаниас салан тусгаарлах тогтоолыг дэмжин баталлаа. Энэ баримт бичиг бүс нутгийг улс орны бүрэлдэхүүнээс гарахад тусална хэмээн тусгаар тогтнолын талын баримтлагчид үзэж байна. Испанийн Засгийн газрын тэргүүн Мариано Рахой “Дээрх баримт бичиг нь хууль зүйн ямар ч чадамжгүй. Энэ хуульд ямар ч үйлчлэл байхгүй. Үүнтэй холбоотойгоор бид Үндсэн хуулийн шүүхэд хандах болно” хэмээн мэдэгдлээ.
Тогтоол есөн бүлгээс бүрдэж байгаа аж. Мужийн хууль тогтоох байгууллагад олонх байр суурийг эзэлдэг салан тусгаарлагч Junts pel Si, CUP намын 72 депутат дэмжсэн байна. 63 депутат эсрэг санал өгчээ. Каталоны үндсэн хуулийг 30 хоногийн дотор багтаан батлахыг тогтоолд тусгаж өгчээ. Мужийн бүрэн эрхт байдал, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Каталоны парламентад харъяалагдана, Каталон муж Испанийн төрийн байгуулалд, Үндсэн хуульд захирагдахгүй хэмээн баримт бичигт тусгаж өгчээ. Мөн удахгүй байгуулагдах мужийн Засгийн газар зөвхөн Каталоны парламентаас гаргасан хууль, дүрмийг биелүүлэхийг тогтоолд уриалж байгаа аж. Тус муж салан тусгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байвал автономит эрхийг нь цуцлана хэмээн Мадридын Засгийн газар сануулж байсан билээ. Испанийн Засгийн газар Каталоны салан тусгаарлах үйл явцыг даруй таслан зогсоохын тулд хууль ёсны, ардчилсан бүх арга замыг хэрэглэнэ хэмээн мэдээлж байна. Өнөөдөр Засгийн газар яаралтай хуралдаан зарлажээ. Салан тусгаарлагчдын санаархлыг таслан зогсоох бүх арга хэрэгсэл, боломж бидэнд байгаа хэмээн Ерөнхий сайд Мариано Рахой онцоллоо.
Испани, франц, итали хэлний нөлөө ихтэй каталан хэлээр ярьдаг каталан үндэстнүүд аль эртнээсээ одоогийн Испанийн газар нутаг дээр оршиж ирсэн Арагоны хаант улсын нэгэн овог аймаг байжээ. Арагон, Кастилийн хаант улсын удирдагчид худ ураг барилдаж, хожим нь Кастилийн нэгдсэн хаант улс байгуудагдсанаар өнөөгийн Испани улс бүрэлдэж бий болсон аж.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: