Хана туурган дээр тодроод алга болдог ”Бельмесийн нүүр”-хий үзэгдэл


Хаа нэгтэй хааяа хана туурган дээр цусан өнгөтэй хачин дүрс гарч ирээд яаж арчиж, будлаа гэсэн дахин тодроод байдаг тухай яриа бишгүй л нэг сонсогддог. Цусан өнгөтэй ийм дүрсэнд хүний нүүр царай байх нь нэг биш. Хамгийн сонирхолтой нь ийм дүрсийг яаж будаад арилахгүй дахин тодроод байдаг гэх.

1971 оны намар наймдугаар сард  испанийн Бельме де ла Мораледа тосгоны жирийн нэгэн гэр бүлийн шалны цементэн хавтан дээр нь гэнэт эмэгтэй хүний царай дүрс тодорсон гэнэ. Гэрийн эзэгтэй Мария-Гомес Перейра эхлээд өөрөө арилгахыг оролдоод барсангүй, нөхөртөө хэлж тэр нь их л зузаан цемент цутгаж даржээ.

Харамсалтай нь энэ ч тус болсонгүй өнөөх дүрс дахин тодроод байхаар нь хавтанг авч солих болсон байна. Гэтэл хэсэг хугацааны дараа бас л өнөөх дүрс шинэ хавтан дээр нь  гарч ирээд эхлэх нь тэр.

Гэрийнхэн яахаа мэдэхгүй болж тосгоны захирагчид хандлаа. Захирагч дүрсийг дахин оролдохгүй орхиж судлуулах нь зүйтэй гэжээ. Энэ тухай мэдээлэл дорхноо тархаж янз бүрийн таамаг гарч эхэллээ.  Зарим нь илбэ гэсэн бол нэг хэсэг нь гадны биет, оюун санааны илэрхийлэл гэжээ.

Тосгоныхон ч энэ талаар шуугьж энд хуучин оршуулгын газар байсан гэж цуурцгааж.

Бельмесийн Реаль  гудамжны гурав, тавдугаар байшингийн дор үнэхээр XY зууны үед сүм байсны зэргэлдээ оршуулгын газар байсан нь судалгаагаар тодорхой болжээ. Сүм, оршуулгын газрын нэг хэсгийг 1838 онд нүүлгэсэн гэнэ. Оршуулгын газрын үлдсэн хэсгийг бүр саяхан өнөөх дүрс тодрохын  өмнөхөн шилжүүлсэн байна.

Хэвлэлийнхэн энэ талаар ид шуугьж байх үед өнөөх байшингийн шал, хана туурган дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дүрс нэмэн гарч ирэх болжээ. Энэ гайхамшгийг үзэхээр аялагч жуулчлагчид тосгоныг зорих нь нэмэгдэж хөлд дарагдах болсон байна.

Тэд үзэж сонирхож зургийг нь авч аажмаар энэ явдал “Бельмесийн нүүр” гэсэн хэмээн алдаршлаа.

Үл мэдэгдэх зүйлс судлаач, ер бусын үзэгдэл сонирхогчид бусад мэргэжилтнүүд ч хоцорсонгүй, парапсихлогичид үүнийг “ХХ зууны ер бусын үзэгдлийн хамгийн гол үйл явдал” гэж нэрлэсэн байна.

Немцийн ер бусын үзэгдэл судлаач Ганс Бендер “Бельмес бол европын ер бусын үзэгдлийн хамгийн гол цэг” гэжээ. Гэхдээ зарим нь энэ бол зүгээр л зохиомол илбэ үзүүлбэр, Мол, Мария Гомес нар өөрсдөө зурсан байх гэсэн хэвээр л….

1990-ээ оны эхээр цэвэрлэгээний бодис, будаг  ашиглан дүрсийг арилгахаар оролдсонч ямар ч үр дүн гарсангүй, дүрс тодорсоор.

1991, 1994 онд гэгээнтэн Хосе Мария Пилон энэ дүрсэнд химийн хоёр төрлийн шинжилгээ хийхийг даалгасан байна. Дүрс дахин тодорсонгүй. Ингээд гал тогооны өрөөг албаны хүмүүс, бүр нотариатын хүмүүсийг байлцуулан лацдаж хэнийг ч орохыг хоригложээ.

Гурван сарын дараа хүмүүс, немцийн телевийнхөн, судлаач Ганс Бендерийг байлцуулан өрөөг нээж ороход  бас нэг шинэ дүрс тодорсон байсан бол хуучин байсан хоёр дүрс нь 180 градус эргэсэн байж. Энэ туршилтыг Уэльва хотын нотариатын газарт 462, 667 гэсэн дугаараар бүртгэж авсан байна.

Ер бусын үзэгдэл судлаачид өрөөнд шөнөөр дуу хураагуур тавьж туршихад шивнэж байгаа юм шиг сонин дуу гарсан нь тэмдэглэгджээ. Туршилт явуулах үед тэнд хэнч байгаагүй болохоор энэ бол хөндлөнгийн дуу гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л учрыг нь олж нууцыг нь тайлж чадсангүй. Энэ үеэр бяцхан тосгон жуулчдын хөл дарагдаж, оршин суугчид нь ашиг орлоготой болж.

Химийн шинжээчид бас хоцорсонгүй. Тэд зураг, хавтанд химийн шинжилгээ хийж хүний гараар зурагдсан эсэхийг тогтоохыг оролдож. Энэ ч нэг их үр дүнтэй болсонгүй.

Хүний гараар зурагдсан гэвэл хэн зурсан байж болох вэ. Марий-Гомес бол жирийн л нэг тариачин эмэгтэй. Гэтэл тодорч байгаа дүрс бол анатомын хувьд яг зөв,  ямар ч алдаагүй, харьцаа зөв зураг байдаг. Гэтэл Марий-Гомес ч, нөхөр хүүхэд нь ч зурж чадахгүй. Анхны дүрс тодроход Марий-Гомес 52 настай байсан болохоор ийм насанд зураг зурж сурах уу.

Тэгээд бас судлаачид өнгөгүй бэхээр зурсан мэт энэ дүрс гарч ирээд тодорхой хугацааны дараа алга болж байгааг тогтоочихсон байдаг. Тэгэхээр ямар нэгэн хүчил ашиглан зурсан гэвэл яагаад алга болдог билээ.

Тосгон руу жуулчид, судлаачид хөлхөн тэднийхэн ч амар заяа үзэхээ болилоо. Гэтэл байшингийн дороос хүний цогцос олдож холдууллаа. За одоо л өнөөх дүрс гарахаа болино гэж хүлээж байтал яг л урьдынхаараа тодорсоор…..

Энэ үзэгдэл 30 жил үргэлжилж 2004 онд Мария-Гомес 85 насандаа нас барав. Одоо л энд нэг өөрчлөлт гарах байх хэмээн ер бусын үзэгдэл судлаач Педро Аморос судалгаа туршилт хийж эхэлжээ.

Мари-Гомесийн нас барсны дараа үл ойлгогдох явдал зогссон гэж зарим нь хэлдэг. Яг энэ үеэр “Бельмесийн нүүр”-ийн тухай шинэ цуу яриа, таамаглал ундарч эхлэх нь тэр. Хий үзэгдэл судлаачид, нутгийн эрх баригчдыг хуурахын тулд Бельмесийн нүүрийг зохиомлоор бүтээсэн гэж шуугилаа.

Испанийн хэвлэлд, ялангуяа El Mundo сонинд “New Belmez Faces Faked by “Ghostbusters” and Municipal Government” / Хий үзэгдэл судлаачид болон нутгийн захиргааг хуурсан Бельмесийн шинэ нүүр” гэсэн нийтлэл гарлаа.

Үүний зэрэгцээ Марийгийн хүү Диего Перейраг гэр доторхи нууцлаг зургуудын автор зураач гэсэн яриа бас гарав. 2007 онд сэтгүүлч Хавьер Каванилес, судлаач Франциско Манес нар “Бельмесийн нүүр” ном бичиж энэ бүхэн худал зүйл, зургийг Марий Гомесийн хүү зурсан гэжээ.

Тэд энэ бүхнийгээ хачин дүрс зургийн бүхий л явц, судлаачдын материал дээр тулгуурлан бичсэн байна. Тэд номдоо Марий-Гомесын нас барсны дараа зураг тодрохоо больсон гээд яагаад гэсэн асуулт тавьжээ. Энэ бүхэн түүний хүүгийн хийсэн ажил. Одоо хэнд хэрэгтэй юм, ер анхнаасаа яагаад зураг дүрс гал тогоонд гарч ирсэн юм. Хаагаад лацадсан, эзэнгүй өрөөнд шивнэж байгаа юм шиг дуу хаанаас гарах юм. Тэгэхээр энэ бол хүүгийн хийсэн ажил гэж бичжээ.

Гэтэл бас өөр таамаг байна. Марии-Гомесийн нас барсны дараа зураг дүрс гарахаа больсон нь баримт. Тэгэхээр Мария-Гомес өөрөө тайлагдашгүй нууцлаг, ер бусын чадвартай хүн байсан байж болох. Түүний бие организм, сэтгэхүй нь өнөөгийн шинжлэх ухаан тайлж чадахааргүй ер бусын үйлдлийн өдөөгч болох чадвартай байсан юм биш байгаа.

Тариалангийн талбай дахь геометрийн элдэв дүрс, байшин барилга дахь ус гал гээд тайлагдахгүй үзэгдэл алийг тэр гэхэв. Эсвэл ямар нэгэн биет гэнэт нисэх, өөрөө хөдлөх, тавилга эд зүйл өөрөө байрнаасаа хөдлөх гээд тайлагдашгүй үзэгдэл байдаг шүү дээ.

Судлаачид одоохондоо энэ бүхнийг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнтэй холбоотой гэдэг. Тэгэхээр Мария-Гомес өөр, зэргэлдээ нэг ертөнцөөс илгээсэн сэтгэхүй, өвөрмөц чадвар байсан юм биш байгаа. Гэвч хэн мэдэх билээ.


URL:

Сэтгэгдэл бичих