Дорнод аймгийн АН-ын тамга тэмдгийг “эрэн сурвалжилж” байна
Дорнод аймгийн Ардчилсан намынхан дотроо муудалцаж, зарим сумын засаг дарга нар нь тамга тэмдгээ аваад хотруу зугтсан тухай мэдээлэл ирлээ. Дорнод аймгийн 6 суманд Ардчилсан нам засаг барьж байгаа. Гэвч Ардчилсан намаас сумдынхаа засаг дарга нарыг ажлаар хотод явж байхад нь Иргэний зориг, ногоон нам тэргүүтэй бусад намын гишүүдийг оролцуулан хурал хийж, хууль бусаар эрх мэдлийг нь булаан авсан байна.
Энэ байдал Ардчилсан нам ялсан 6 сумдын 3-т тохиолдоод байгаа бөгөөд бусад сумдыг араас нь оруулахаар шил даран зогсч байгаа гэдгийг тамгаа булаалгасан сумдын засаг дарга нар мэдээллээ. Харин эл холион бантанг аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг хутгаж байгаа сурагтай. Ингээд хууль бус томилгоо, хууль хүчнийхний сүрдүүлэг дор албан тушаалаа булаалгасан гэх сумдын дарга нараас зарим тодруулгыг авлаа.
МАН, ИЗНН, нам бус хүмүүсийг хуралд оролцуулж Засаг даргын тамгыг шилжүүлсэн
-Хэрлэн сумын АН-ын дарга П.Болдсайхан: Дорнод аймгийн АН-ын дунд тамга тэмдэгтэй холбоотой асуудал үүсээд удаж байна. Нам хоорондын харилцаа, үл ойлголцол газар авснаар гишүүдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж эхэлсэн. Нам уг нь дүрмийнхээ дагуу асуудлаа дотооддоо шийдэх ёстой. Гэтэл тамга хурааж авмагцаа, цагдаа шүүхээр шийдүүлж байгаад харамсаж байна. Одоогоор намын үйл ажиллагаа зогсонги болчихоод байж байна. Бидний тамгыг цагдаагаар хураалгаад эрүү үүсгэж, гэмт хэрэгтэн мэт байцаалгасан. Гэвч үүнийг прокурор хэрэгсэхгүй болгосон.
-АН-ын дарга Б.Арсланбаатар: Би бол Чойбалсан сумын АН-ын дарга. 2001-2006 он хүртэл АН-ын дарга хийсэн. Тэр үедээ бол орон нутгийн сонгуульд ялагдсан учраас орон нутгийн дарга нь тамгаа өгөөд явсан. Ингээд 2011 онд эргэж намын дарга болсон. Тэгээд намын дарга болоод орон нутгийн дарга болоод ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялахад гол үүрэг, ролийг гүйцэтгэсэн.
Улмаар сумын засаг даргаа томилоод үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Гэтэл Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэмчимэг өөрийнхөө хүмүүс болох Энхбат, Баттуяа гэдэг хүмүүсийг 2014 оны 8 сарын 14-нд албан бус хурал хийж, томилсон.
Эндээс яагаад би тамгаа өгөөгүй вэ гэдэг гарч ирнэ. Намын гишүүдийн хуралд бол намын гишүүд л оролцох ёстой. Тэрнээс ИЗНН, МАН, нам бус хүмүүс тэнд суух ёсгүй. Гэтэл өөр намын хүмүүс хуралд оролцоод, тэдний саналыг авч тоолоод энэ Энхбат, Баттуяа гэдэг хүмүүсийг томилж байгаа юм.
Тэгээд би хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд тамгаа өгөөгүй. Үүнээс үүдээд намайг жил гаруй цагдаа, прокурортой хөөцөлдүүлсэн. Гэвч зарчмын хувьд миний үйлдэл зөв учраас сая хэргийг минь хэрэгсэхгүй болгож өглөө. Хэдий тийм ч одоог болтол тамга тэмдгээ аваагүй байгаа бөгөөд хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, зогсонги байдалд орчихоод байна.
-Баяндум сумын Засаг дарга, АН-ын дарга Б.Батжав: Манай аймгийн АН-д цаг агаараар бол гамшиг, зуд нүүрлээд байна. Ажил хийсэн хүнийг хүчээр цагдаагаар баривчлуулж, тамга тэмдгийг нь хураадаг байдал бол гамшиг гэхээс юу байхав. Манай аймаг МАН-ын удирдлагатай ч 14 сумын Засаг даргын зургаа нь АН-аас сонгогдсон байдаг. Гэтэл өөр хоорондоо жийлцсээр хоёр засгаа унагаж, АТГ-т нам дотроосоо өгсөн байгаа. Бас ИТХ-ын төлөөлөгчдийг АН-ын дарга Д.Цэрэнчимэг АТГ-т өгсөн тохиолдол байна. Энэ хүн бол намаа хагалан бутаргаж байна” гэв.
Дээрх сумдын АН-ын дарга нарын хэлснээр аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг тэднийг шунахайн сэдлээр тамга тэмдгийг хувьдаа ашигласан хэмээж цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Гэвч прокуроос уг асуудалтай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн тэдний хэлснээр тамга, тэмдгийг цагдаагийн байгууллагаар дамжуулан хурааж авсан ч одоогоор хэнд, хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Х.Марга
URL: