Хөдөө аж ахуйн сургуулиас салж үхэхгүй цөөнхийн төлөөлөл

Тэр бусдын нүдэнд УИХ-д ч, АН-ын бүлэгт ч ганцаардмал шахам нэгэн. Энэ нь түүнийг зожиг мэт харагдуулах авч огтоос тийм биш гэж хэлж болох. Яагаад гэвэл тэр зах зээлийн нийгэмд хөл тавьж ахуй үед ганзага хөөгөөгүй. Хөдөө аж ахуйн сургуулийн багшийн цалинтай эвлрээд боловсролын салбарт үлдсэн. Энэ нь түүнийг намын нөхдөөс нь баахан хөндий зожиг мэт харагдуулдаг байх. Учир нь УИХ-ыг бүрдүүлж байгаа АН МАН-ын нөхдүүдийн ихэнх нь зах зээлийн нийгэмд хөл тавихад ганзага хөөж аажмаар хувьчлал нэрийн дор үзэл санаагаа нэгтгэсэн наймаачид учраас түүнээс даанч хол. Тэр тусмаа өөрийнх нь данслагдах АН-ын бүлгийн гишүүд бол бүгд наймаачид. Өдгөө улстөрөөр туршлагажин бойжсон олигархи бүлэглэл болчихсонгэдэгтэй хэн маргах билээ. “АПУ” Г.Батхүү, “Женко” Х.Баттулга тэргүүтэй маш олон хүнийг нэрлэж болно. Тэгэхээр Ардчилсан намаас түүн шиг номын шахам хүн олоод ир гэвэл байхгүй. Ямар Г.Батхүүтэй архины наймаа хэр байгаа тухай хууч хөөрч, Х.Батулгатай төмөр замын нууц гэрээ шивнэлтэй биш. Ядахад л Б.Гарамгайбаатартай замын тендер ярьж, Лу.Болдтой онгоцны наймаа хөөрөлдөж чадахгүй. Ийм болохоор ганцаардахаас өөр аргагүй.

Магадгүй, зах зээлийн нийгмийн хүнд үед ямар ч наймаа хөдөлгөхгүй яаж болж байсан юм. Тэгээд улстөрд өдий зэргийн амжилт үзүүлсэн зэргийг нь бэл бэнчинтэй нь холбож хардах нь элбэг. Өөр аргагүй болчихсон системтэй учраас яах арга алга. Хардлага тайлах гарц бий. Тэрээр өмч хувьчлал яригдаж ахуй цагт малыг малчдад өгөх тухайд гар бие оролцсон туршлага бүхий хүн. Тодруулбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Н.Эрдэнэцогт, Л.Нямбат, Д.Алтангэрэл, С.Бадарч нарын хамт хувьчлалын үндэслэлийг гаргаж боловсруулсан хүмүүсийн нэг.Түүний гаргасан зураглалаар мал малчдад очсон гэхэд болно. Нэгдэл хэмээх их айлыг задрахад мал хувьчлах тухай төлөвлөгөө боловсруулж суусан хүн яаж хоосон хоцрох вэ гээд уншигч таны хорхойссон хардлагыг тайлж болох юм. Уг нь бол Хөдөө аж ахуйн дээд сургуульд Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц сурч байсан оюутныг сургуульдаа багшаар үлдэхийг урьсан зэргээс нь харвал гэгээлгээр бодож болохоор. Энэ тухайд өгүүлэхийн тулд түүний тухайд цухас дурдах хэрэгтэй болж таарна.

А.Бакей нь Хөдөө аж ахуйн их сургуулийг тойрон нүүдэллэж, 1980 оноос УИХ-д суутлаа буюу 2004 он хүртэл энэ айлын данстай байв. Ерөөсөө цэл залуу насаа хөдөө аж ахуйн чиглэлд боловсон хүчин бэлтгэхэд зориулсан гэхэд болно. Түрхэн зуурт Зүүнхараагийн Сангийн аж ахуйд ажилласныг эс тооцвол тэр Хөдөө аж ахуйн сургуулийн хүн. Төрж өссөн Баян-Өлгий аймгийн дунд сургуулийг 1976 онд төгссөн цагаас хойш их хүрээнд суурьшсан тэрээр 2004 онд УИХ-д үндэсний цөөнхийг төлөөлөх болсон нь тухайн үеийн өрсөлдөгчдийнхөө гайхлыг барж байв. Харин түүхнээ 2008 оны “Долдугаар сарын 1” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тэр хар өдөр А.Бакей нэгэнт ялагдал хүлээсэн байв. Гэсэн хэдий ч тэр бусад шиг үймээн шуугианыг ил далд дэмжсэнгүй. Чимээ аниргүйхэн яваад Хөдөө аж ахуйн их сургуулийн Шинжлэх ухааны албаны проектороор суучихав.

Тэр угийн суурьтай дуу цөөтэй ч буурь суурьтай нэгэн. УИХ-д хоёр ч удаа байнгын хороо удирдах болсон нь түүнийг өөрийн эрхгүй дуу оруулахад хүргэсэн байх. Түүнээс бус тэр бүрийд чалчаад байхгүй. Хүнс хөдөө аж аж ахуйн байнгын хорооны даргаар улирч ажилласан зэргээс харвал өнөөх л Хөдөө аж ахуйн их сургууль тойрсон их нүүдэл нь энэ суудалд улираасан байх. Харин АН ялалт байгуулж, тэр өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа эхнэрээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хэлтсийн даргаар томиллоо гэх шуугиан дэгээж байв. Уг нь бол А.Бакейн эхнэр тус яаманд он удаан жил ажиллаж байж Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга болсон юм билээ. Хаа ч байдаг л зүйл. 2012 оны сонгуулийн дараа Төрийн алба төрлийн хэлхээнд орж, ажлаа мэдэхгүй мангар бацаануудаар дүүрчихсэн, шуудхан хэлэхэд гацаанд орчихсон байсан. Ийм үед туршлага бүхий хүнийг дэвшүүлэхээс өөр гарц байгаагүй биз ээ.

“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг 2008 оны ялагдлаар сайтар ойлгосондоо ч тэр үү эхнэрээ томилсон тухай шуугиан тасраагүй байхад төрсөн дүүгээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болгоод авав. Уг нь түүний дүү А.Манкей орон нутгийн сонгуульд өвдөг шороодсон ч ахынхаа нөлөөгөөр шороотой ч гэсэн туг тойрч аймгийнхаа ИТХ-д суусан гэдэг. Үнэн худлыг одоо нягтлах гээд яахав. Түүнд үүнээс өөр гоочлох зүйл гараагүй учраас ийнхүү “ноцсон” ч байж болно. Ер нь эхнэртээ тусалж, дүүгээ алсаас дэмжиж яагаад болохгүй гэж. Ямар Н.Энхбаяр шиг эхнэрийнхээ өрөөний үүдэнд Монгол Улсын генералуудыг оочёрлуулсан биш.

2008 онд ялагдал хүлээснийхээ дараа тэрээр “Ураг ядрахаараа төрлөө тураг ядрахаараа уулаа” гэдгийн л үлгэр болсон. Идэр залуу насныхаа хорь гаруй жилийг зориулсан газар нутаг нь түүнийг арай ч хөөчихөлгүй угтаж авсан биз. Түүнээс бус А.Бакейг очиж ахуй цагт Хөдөө аж ахуйн их сургууль дарга захирлын маргаантай байсан. Тодруулбал, залуусын бүлэглэл зарим удирдлагаа илт эсэргүүцэж ахуй цагт мань эр тавьж буусан хэрэг. Гэсэн хэдий ч нэгэн насыг тэнд өнгөрөөж, Хууль тогтоох дээд байгууллагаар дамжсан хүнийг яалтай нь ч билээ. Яаж ч бодсон зангараг харуулж таарна. Ингээд тэрээр төр түшилцэж байсан хүний хувиар Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнээр тодорч, улмаар 2012 оны сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшин өрсөлдсөн юм. Нутаг орноодоо төдийлөн хулгана хөеө цуглуулах шиг элдэв юм зөөгөөд байдаггүй ч тэр ялалт байгуулсан. Казак түмний дундаас УИХ-дР.Сандалхаан, Т.Султаан, Х.Баделхан,Х.Жекей, А.Мурат,  К.Сайраан, А.Телейхан гээд цөөнхөө төлөөлж байсан түүхтэй.

Харин 2012 оны сонгуульд тэр АН-аас Ч.Куландагийн хамт МАН-ын А.Телейхан, Х.Жекей, ИЗНН-ын С.Бакытхан болон бусад өрсөлдөгчидтэй нүүр тулснаар парламентад орж ирсэн. Баян-Өлгий аймгийн байлгалийн үзэсгэлэн бүрдсэн Цэнгэл сумын уугуул тэрээр хөдөө төрж өсөөд, бусдын адил сумын сургуулийн дотуур байранд хүмүүжсэн. Харин ах нь Багшийн сургууль төгсөөд сумандаа очсон учраас долдугаар ангиасаа тэр ахтайгаа амьдарч, Өлгий хотынхоо 10 жилийн сургуульд эрдмийн аянд дөрөөлснөө ярьсан байна лээ. Эндээс л тэр их эрдмийн аянд дөрөөлж нийслэл хүрээнээ ирсэн түүхтэй. Тэрээр 2004 онд УИХ-д орж ирүүт л бүхий л ажлын хэсэгт голлох үүргийг чимээгүйхэн гүйцэтгэсэн. Чухам ажил болсон нь хэд юм бол. Ямартай ч Төрийн ордныг шинээр барих тухай ажлын хэсэгт орчихсон шинэ ордонтой болох тухай дуугарч байсан нь санаанд илхэн байна. Харин хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчидтэй холбоотой хуулийн ажлын хэсэгт заавал түүний нэр байдгийг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр өнөөгийн бидний мөрдөж байгаа хуульд түүний оролцоо ямар нэгэн хэмжээгээр буй. Айсуй 2016 оны сонгуулиар тэрээр төрж өссөн нутгаа бараадах нь зүй ёсны хэрэг. АН-аас тийш нь дайлаар мордуулчих нэг ч хүн байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аль тэртээ 30 гаруй жилийн өмнө хөдөө аж ахуйн их сургуульд хөл тавьж байсан тэрээр өнөөдөр ч энэ сургуульдаа данстай хэвээрээ. Хөдөө аж ахуйн сургууль байсан цагт тэр тэнд байх бололтой. Тэрбээр өдгөө ч тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг аж. Тухайлбал, А.Бакей БШУ-ны Сайдын 2014 оныаравдугаарсарын 8-ны А/399 тоот тушаалаар Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төрийн төлөөлийн тоонд өөрчлөлт оржээ. Үүнтэй холбогдуулсан хуралдаанаар түүнийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар даргаар сонгожээ. Эндээс харвал тэр хөдөө аж ахуйн их сургуулиас салж үхэхгүй нэгэн бололтой.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих