“Стандарт масло” хэрэглэгчдийн эрүүл мэндийг ноцтой хохироож байна гэх шалтгаан

ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд үнэ хямдыг нь харж транс тос бүхий масло, хүнсний бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэж, худалдаалах болсон байна.

Тухайлбал, хэрэглэгчдийг хямд үнэ, сайхан нэрээрээ татаж, хэдийнэ зах зээлээ олсон Тэсо Корпорацийн “Стандарт масло” нь транс тосны найрлагатай юм байна. Энэхүү тос нь хүний биед асар их хор хөнөөлийг авчирдаг бөгөөд хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болдог төдийгүй жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд шууд нөлөөлдөг ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч, анагаах ухааны доктор Ж. Амарсанаа “Баруун Европ болон Өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалдаг бас хориглодог. Гэтэл тэнд хориглосон транс тос манайд хямд үнээр орж ирж байна. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон. Транс тосны хэрэглээг хязгаарлахгүй бол манай улсын хүн амын дундах нас баралтын дийлэнх хувийг эзэлж буй өвчлөлүүдийн гол суурь болж байгаа юм.

Ер нь шошгон дээр ямар нэгэн байдлаар ургамлын гаралтай тос гэж бичээстэй л байвал транс тос байх магадлал маш өндөр. Харамсалтай нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр хэзээ ч транс тостой гэдгийг тэмдэглэдэггүй. Мөн устөрөгчжүүлсэн, хагас устөрөгч бүхий тостой гэж байвал транс тостой байх магадлал өндөр. Цэвэр цөцгийн тос 100 хувь гэвэл масло гэсэн үг” гэв.

Гэвч хэрэглэгчдийн дунд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг хардаггүй учир шууд шошгонд итгэж худалдан авалт хийдэг байна. Иймд бид маргарин буюу транс тос, цөцгийн тосны ялгааг дараахь мэдээллээр хүргье.

Цөцгийн тос буюу масло гэж юу вэ?

Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна. Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Бидний хувьд багадаа сливочный масло буюу орос цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэж өссөн хүмүүс цөөнгүй. “Одоо дэлгүүрүүдээр масло төрөл төрлөөрөө байх хэдий ч дээр үеийн тэр амтыг гүйцэх масло хаанаас ч эрээд олдохгүй юм” гэж ярих хүмүүс олон байдаг.

Масло, маргарины хувьд би химичдээс илүү үнээнд итгэж байна.

Маргарин гэж чухам юу юм бол?

Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.

Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог нь сувдтай төстэй гялтганасан өнгөтэй байсан учир шинэ бүтээгдэхүүнд грекээр “сувд” буюу “маргаритарион” гэдэг нэр өгсөн байна. Маргарины түүхий эдэд амт, үнэрийг нь арилгаж цэвэршүүлсэн ургамлын тос агуулагддаг хортой хүнс юм. Шингэн тосоо халааж, дундуур нь устөрөгч гүйлгэхэд устөрөгчийн атомууд ургамлын тосны молекуудтай нэгддэг. Ийнхүү устөрөгчийн нөлөөгөөр тосыг хатууруулахыг “гидрогенизаци” гэх бөгөөд энгийн үгээр хэлбэл тосны хүчлийн молекулуудыг устөрөгчийн атомуудаар чигжиж, шингэн тосыг хатуу болгон хувиргаж байгаа хэрэг. Үүний үр дүнд хатуу тостой төстэй, тосны хүчлийн трансизомер хэмээх зүйл үүсдэг. Трансжир гэж нэрлэгддэг байгалийн бус, хүний бүтээл болох маргарины нэгдлийг задлах фермент хүний биед байдаггүй учир энэ нь цусаар түгээгдэн эрүүл мэндэд асар их хор учруулдаг нь тогтоогджээ.

Монголчууд маргариныг масло гэж андуурдаг

Хоол судлаач Америк эрдэмтэн Роберт Аткинс 1999 онд хэвлүүлсэн “Доктор Аткинсын био нэмэлтүүд” номынхоо “Маргарин л биш шүү” гэдэг бүлэгт “Би маргарин эрүүл мэндэд ямар их аюултай вэ гэдгийг 1970 онд анх мэдсэн цагаас хойш маргарин агуулсан юу ч идэхээ больсон” гэж бичсэн байдаг. Маргарин хортой гэдгийг мэдээгүй хүн Монголд одоо ч олон байна. Бидний дийлэнхи нь цөцгийн тос (масло), маргарин хоёрын ялгааг сайн мэддэггүй учир маргариныг маслотой талх идэж байна гэж бодсоор 20 гаруй жилийн нүүрийг үзчихэж. Маргариныг шар болгохын тулд хиймэл будаг нэмж, амтыг нь үнэр оруулагчаар засаж үйлдвэрлэдэг тул бид амархан хууртдаг байна.

Маргарин хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Барууны хөгжингүй орнуудад хүнсний ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр трансжирын агууламжийг заавал заахыг хуульчилсан байдаг аж. Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хорт хавдар болон судасны эмгэг үүсгэж, бэлгийн чалхад сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.

1993 онд Харвардад хийгдсэн сувилагч нарын судалгаанд 85000 эмэгтэй оролцжээ. Судалгаагаар трансжир ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүсийн хувьд бусдаасаа зүрхний шигдээс болон чихрийн шижингээр өвчлөх магадлал 50 хувиар их байсан нь тогтоогджээ.

Ийнхүү маргарины хэрэглээ нь цөцгийн тос, тарган махнаас илүүтэйгээр зүрх судасны өвчний эрсдлийг үүсгэдэг гол зүйл болох нь нотлогдсон юм. Харин хүний эрүүл мэндэд хор уршиг учруулах транс тосны үйлдвэрлэл, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн зэрэгт холбогдох газрууд нь анхаарлаа хандуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг бодох цаг аль хэдийнэ болжээ.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих